Хятадад амжилттай айлчлаад ирсэн Ерөнхий сайд Сү.Батболд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд танхимынхаа гишүүдтэй хуралдах үеэрээ багагүй бухимдав. Түүний хамгийн их шүүмжилсэн байгууллагаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харъяа Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх байгууллага тодорсон байна. Тэрээр “Юу хийдэг нь тодорхойгүй нэг газар байна. Энэ байгууллагыг татан буулгаж, жижиг дунд үйлдвэрийн газартай нэгтгэвэл таарна” хэмээн “бөмбөг” мулталж өгчээ. Тус сан байгуулагдаад хэдхэн жил болж байгаа. Тэнд улсын төсвөөс нийтдээ 80 тэрбум төгрөг өгчээ. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийг л дэмжих зорилгоор шүү дээ. Ажил орлогогүй иргэдэд ажлын байр бий болгоход энэ мөнгө очих ёстой байлаа. Гэвч Хэнтий зэрэг хэд хэдэн аймаг, нийслэлийн зарим дүүргүүдэд хуваарилсан мөнгийг нь албан томилолт, бараа таваар худалдан авах гэх мэт аар саар зүйлд үрээд хаячихсан байв. Мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар нийтдээ 836,2 сая төрөг ийнхүү салхинд хийссэн нь илэрсэн тул Сү.Батболд тус байгууллагыг толгойлж байгаа яамны ажилтнуудад хатуухан сануулга өгчээ. Ингээд эцэст нь Засгийн газраас төсвийн тодотголд Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд зориулан нэмж 20 тэрбум төгрөг өгөхөөр тусгах болсон гэнэ. Урьд нь 21 тэрбумыг төсөвлөөд байсан энэхүү үрэлгэн сан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд ийнхүү дээсэн дөрөөн дээр үлдэж, 40 гаруй тэрбумыг иргэддээ зориулах ажлыг хариуцахаар боллоо. Хэрвээ дахиад мөнгөө хийсгэвэл татан буулгахаас өөр зам үлдсэнгүй.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )