Оффшорын мөнгө гэгч нь хэний хөрөнгө байх дээр Ерөнхийлөгч тодорхой хариулт өгсөнгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Ерөнхийлөгч Х.Баттулга “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад байгаа. Албан мэдээнд дурдсанаар бол өрх бүрд нэг сая төгрөгийг олгох гэнэ. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах болзолтойгоор эрхийн бичиг хэлбэрээр өгөх аж. Хамгийн гол нь энэ арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгөөр шийдвэрлэнэ гэсэн нь юм. Тодруулбал, оффшорын гэх мөнгийг Монголбанкинд нээсэн тусгай дансанд байршуулж байгаад зарцуулах тухай тогтоолын төсөлд тусгажээ. Тиймээс ч өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНТ-д өгсөн ярилцлагыг олон хүн үзэж, шүүмжлэлээ хэлж байна. Өөрийнхөө санаачлагын талаар тодорхой, оновчтой зүйл ярих байх гэсэн хүлээлт байсан хэрэг л дээ. Гэвч энэ сэдвээр болсон богино яриа хэт бөөрөнхий буюу “Оффшортой хүмүүс нь өөрсдийгөө мэдэж байгаа биз” гэх маягтай болж өнгөрөв.

Өрх бүрд сая төгрөг олгох санаачлага оффшортой холбогдсон нь

Нэгэнт Ерөнхийлөгч оффшороос чухам хэний хэдийг оруулж ирээд яаж хуваах талаар тодорхой зүйл яриагүй болохоор өнгөрсөн хугацаанд гарсан мэдээллүүд дунд дүн шинжилгээ хийж үзье. Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгож байлаа. Мөн тухайн сарын 25-нд 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавьж өрх бүрд нэг сая төгрөг олгохоор улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт илэрхийлж байв. Түүний шаардлагыг эрх баригчид хүлээж аваагүй ч Засгийн газраас иргэд, зарим байгууллагын ус, дулаан, цахилгааны зардлыг чөлөөлж, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Нэг талдаа бэлэн мөнгө тарааснаас үүдэн гарах эрсдлийг ч тооцсон байх. Нөгөө талдаа олон түмний дунд үүсээд байсан хүлээлтийг хангасан хэрэг. Мэдээж, ирэх сонгуульд МАН-ын нэр дэвшигч, өнөөгийн Ерөнхийлөгч нарын хооронд гол өрсөлдөөн явах учраас өөрсдөдөө гавьяа наахыг бодсон нь дамжиггүй.

Энэ дундуур өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн Ерөнхийлөгчтэй холбоотой оффшор гэх баримтыг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэлээс цувралаар гаргаж эхэлсэн. Хачирхалтай нь, ийм мэдээлэл цацагдаж эхэлсэнтэй хамт Засгийн газар, УИХ-д шахалт үзүүлж өрх бүрд сая төгрөг өгүүлэхээр оролдож байсан Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн мөнгөнөөс энэ хөрөнгийг гаргах санаачлага гаргав. Үүнийгээ анх 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид олон нийтэд хандаж хэлсэн мэндчилгээний үгэндээ дурдсан юм. Одоо хуулийн төсөл болоод УИХ-ын даргын ширээнд очжээ.

Оффшороос мөнгө орж ирэх боломжтой юу

Оффшор гэдэг аюул байна гэдэг бол тодорхой болсон. Олон ч жил яригдлаа. Оффшорын эсрэг хуультай ч боллоо (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 онд батлагдаж, 2017 онд нэмэлт, өөрчлөлт орсон). Тэр хуульд заасан бүсэд хулгайн, авлигын мөнгө нуугдаастай байгаа гэдгийг бид хуулиараа, хууль тогтоогчдоороо зөвшөөрсөн. Мөн оффшорт УИХ-ын гишүүд нь, сайд асан нь, Ерөнхий сайд аснууд нь хөрөнгө гаргасан асуудал олон жил яригдаж, барим тавим баримтууд ч хэвлэлээр цуван уван гарсан байна. Хэрэв ийм төрлийн мөнгө гадаадын дансанд нуугдаж байгаа бол ямар ч маргаангүйгээр улсдаа авчрахаар хөөцөлдөх нь зүйн хэрэг. Ингэхдээ бизнес эрхлэгчдийн мөнгө бол тусдаа зүйл гэдгийг мартаж болохгүй. Монгол Улс бизнесийн аливаа талбарт тун жижигдэх орон зайтай. Тийм болохоор гадны хөрөнгө татах, мөнгө босгох, гадаад зах зээлд оролцохыг хүсвэл олон улсын бизнесийн байгууллагууд яаж хамтарч байна түүгээр нь л явахаас яах вэ.

Харин насаараа төрд ажилласан, ганц тоосго худалдаж байгаагүй хүмүүсийн сая саяар яригдах хөрөнгө гадаадын дансанд байгаа бол өөр асуудал болно. Энэ бол авлига, хулгай, төрийн хөрөнгө шамшигдуулсан, албан тушаалын наймаа хийсний төлөөс гэж ойлгохоос өөр аргагүй. Мөнгө оффшор гэх бүсэд гаргаж угаагаад буцаад тэр гарал үүслийг цэвэрлэсэн мөнгөө Монголд оруулж ирээд үл хөдлөх барьчихсан, өмч хөрөнгө болгосон үйлдлүүдийг ч тогтоож хурааж авах учиртай. Энэ өнцгөөс харах юм бол Ерөнхийлөгчийн дурдаад байгаа санаачлага зөв. Гэвч оффшорын гэх яс тас тооцоо байхгүй мөнгийг олж цуглуулж ирлээ гэхэд цар тахлын вакцин орж ирэхээс өмнө бүр цаашилбал ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө иргэдэд тарааж амжих уу гэдэг байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч Х.Баттулгын тогтоолын төсөл өргөн барьсан өдөр өөрийн цахим хуудастаа “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу” гэж бичжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын нэг нэгэндээ таагүй ханддаг байдал бол эртнийх. Сангийн сайдаар томилогдоход Ерөнхийлөгч хориг тавьж байлаа. Төсөв, төсвийн тодотголыг нь ч комментгүй өнгөрөөж байсангүй. Нөгөө талдаа Сангийн сайд нь Ерөнхийлөгчийн санаачилсан аливаа зүйлд хариу барьж байхаа мартдаггүй л дээ. Гэхдээ энэ удаад бол хувь хүмүүсийн толхилцоон гэхээс илүүтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үгэнд тодорхой үнэн байна. Хэрвээ оффшор дансанд мөнгө байлаа гэхэд цаадуул нь шууд май гээд өгөх үү. Өгөхгүй болохоороо л оффшор гэгдэггүй юм уу. Оруулж ирэхээр явдаг юм гэхэд шүүх, хуулийн байгууллагыг алгасна гэж байхгүй л дээ. Тооцоо судалгаанд суурилахгүйгээр их хэмжээний мөнгө өгнө гэсэн амлалт өгөөд явах нь иргэдийн дунд талцал л үүсгэнэ.

Хэвлэлд бичсэн үнэн бол оруулж ирэх мөнгө Ерөнхийлөгчид л байна

Мэдэгдэж байгаагаар оффшорт элдэв юмтай гэж цоллуулж байгаа хамгийн сүүлийн жишээ бол Ерөнхийлөгч өөрөө. Саяхан Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэлээс “Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу” хэмээх гарчигтай цуврал нийтлэл гаргасан тухай дээр дурдаад өнгөрсөн. Гурван цуврал уг нийтлэл Сингапураас эхлээд Америкийг дурдаад дууссан санагдаж байна. Хамгийн анхаарал татах тоо бол гуравдахь нийтлэл дунд “...Төгрөг нуурын орд нь хятадуудад 250 сая ам.доллараар зарагдахад Х.Баттулгын үүсгэн байгуулж, 90 хувийг нь эзэмшиж байсан “Камекс” ХХК компанийн хуульчид нь “Засгийн газар нь “Төгрөг нуур энержи” компанийг үйл ажиллагааны зорилтоо биелүүлсэнгүй гээд хариуцлагад татах магадлал нь маш бага” гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг нь Хонконгийн хөрөнгийн биржийн сайт дээр одоо хүртэл байна...” гэсэн юм бий. Үнэн гэж итгэхэд ч хэцүү их тоо байгаа биз.

Тэр жишээ яахав гэхэд эхний нийтлэлд нь “Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед энэ хүн аль хэдийнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож аж ахуйн ажил хийх ёсгүй, тэр тусмаа бүр гадаадад оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй болсон байв. Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн нь бас энэ баримтаар нотлогдож байна. Харин 2017 онд хуульд нэмэлт орж оффшор бүсэд компани, хөрөнгөтэй байхыг хорьсоор байтал Х.Баттулга өөрийн охиноор дамжуулан оффшор компанийн хувьцааг эзэмшсээр байгаа ажээ. Тодруулбал, Сингапур улсын Санхүү бүртгэл, аж ахуйн нэгжийн газар \Accounting and Corporate Authority of Singapore\-т Х.Баттулгын охиныхоо нэр дээр эзэмшдэг компанийн мэдээлэл олон нийтэд ил байгаа ажээ. Хуулийн байгууллага болон сонирхсон хэн ч өнөөдөр энэ мэдээллийг авах боломжтой. Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая ам.долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна” гэсэн байдаг. Сая ам.доллар гэдэг өнөөгийн ханшаар 2850 орчим өрхийг сая, сая төгрөгтэй болгочих мөнгө шүү дээ. 200 мянган төгрөг бэлнээр өгнө гэвэл 10 мянга гаруй өрх болно. Хэвлэлд гарсан эдгээр баримтуудын талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Ийм би ч ойлгохгүй гүтгэлэг яваад байдаг. Байдаг бол тэр яриад байгаа хүмүүс нь олоод ав л гэж байгаа” гэсэн тайлбар хийж байна лээ. Гэхдээ энэ бол өнөөдөртөө хуулийн нотолгоо биш зүгээр л үг. Бас нэг бодууштай зүйл бол сонгуулийн жил эхэлчихсэн энэ үед ялангуяа Ерөнхийлөгчийг сонгох цаг ойртож байхад гадаадаас орж ирж байгаа бүхий л мөнгөнд сэжигтэй хандах ёстой. Ул суурийг нь сайн ухах хэрэгтэй юм. Оффшороос орж ирвэл тэр тусмаа гэх гэсэн санаа шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.31) 2021 оны 01 сарын 12

Офшороос менге оруулж ирсэн еренхийлегч энэ хунээс еер угуй шуу хуний хеделмерийг ойлгох хэрэгтэй

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 11

Erunhiilugchuusuu avhyylaad bvgedel oppshor bvsed hamaral bvhii hvmvvseeree damjyylj danstai mungu ygaadag shvv .Umhuh bvh turiin said ba erunhiilugchidiin hamaral bvhii dansiig bvgediig ni il bolgoh heregtei.Mongol bol dendvv aimshagtai turiin oppshorchidtoi sejegiin hylgaichyydtai tur.Bvr delhiid zarlagdsan oppshor maptai arhagyydtai odoo bvr gerj ni .SV.Batbold.S.Bayartsogt Badamjynai.N.Enhbayar geedel toolj barashgvi yrvagchidtai bvgeiig ni.Mongoliin tvvhend hamaral bvhii hvmvvsteigee harar bichegdej bna.Tsaatsalhal heregtei ted ylam ih vrjej bna.

1  |  0
Офф(202.179.26.164) 2021 оны 01 сарын 12

Ерөнхийлөгчийн санаачлага ч зөв. Оффшорт монголчуудын хөрөнгийг хулгайлж гаргасан мөнгө ч маш их бодитой байгаа. Оруулж ирсэн орж ирж байгаа мөнгөний эх сурвалжийг судалж улсад хураан авах ажлыг сангийн Хүрэлбаатар хийхгүй нуугаад суугаад байж болохгүй. Мөнгө бол орж ирсэн. Бүртгээгүй судлаагүй байна гэсэн үг. Оффшорын мөнгөөр иргэддээ туслана гэж байгаа бол 1 сая юу ч биш. Өрх бүрд 20-30 сая төгрөг өгсөн ч хүрэлцэхээр тийм их мөнгийг гадагшаа гаргасан байгаа.

2  |  1
Зочин(64.119.21.53) 2021 оны 01 сарын 12

Даанч өчүүхэн ерөнхийлөгчтэйгөө улам ихээр ойлголоо. Юу гэх гээд юу яриад байваа

2  |  2
Top