Өглөгч төртэй өглөгт дассан түмэн хаа хүрэх вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Түмэн олны сонирхол түмэн тийшээ салаалдаг. Харин Төрийн бодлого түмэн тийш салаалж болохгүй. Гэтэл халамжид хэтэрхий дассан иргэдийнхээ шаардлагад нийцсэн бодлого гаргах гэж хичээсэн Төр байгаа нь зөв зүйл биш. Хэдийгээр ард түмнээс сонгогдсон Төр тэдний хүсэл сонирхолд нийцэж байх ёстой ч Төр гэдэг бодлогын агуулга алдагдахад хүрчээ.

Төрийн эрх барих дээд байгуул­лага УИХ, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөн­хийлөгч, Гүйцэтгэх байгууллага Засгийн газар гэсэн гурван инстутиц дээр орчин цагийн Төр оршин тогтнож, “Төрийн гурван өндөрлөг” хэмээн нэрийдэж ирсэн. Төр, түмэн аль аль нь хүчтэй байж улс орон өнгөтэй өөдтэй оршин тогтноно. Тэгвэл өнөөдөр ард түмэнд таалагдах гэсэн төр, төрөө харааж зүхсэн түмэн л байна. Энэхүү хараал зүхлээс зугтаах гэж Төр өөрөө Төр биш болж байгааг засаж залруулах цаг нь болжээ. Цаг үеийн байдлаа үнэлж мэдэрсэн шийдвэр гаргаж, халамжлах үедээ халамжилж байгаа төрийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү хүнд хэцүү цагийг далим­дуулан, өглөгийн эзнээр тодрох гэсэн өндөр­лөгүүдийн дундах зодоон хэрээс хэтэрч таалагдахаа болилоо.

Төрийг бүрдүүлэх гурван инстутиц нь нэг нэгнээсээ урал­дан, ард түмэнд таалагдах гэж байгаагаас нэгдмэл бодлого алга. Саяхан болж өнгөрсөн Шинэ жилийн баяраар Төрийн гурван өндөрлөг маань зөвхөн ард түмэнд таалагдах үг хэлэхийг хичээснээс нэг ч бодлого ярь­сангүй. Ийм байхад хөгжил ярихын ч хэрэггүй. Нөгөө талаас цар тахал хэмээх зүйлээр хөшиг татчихаад ар талд нь халамж өглөгийн бодлого боловсруулж суу­даг боллоо. Үүнийг шүүмжлэх хүн ч алга болжээ. Маргааш болох­­гүй юм шиг л “найрлаж” байна.

Тэгвэл зөвхөн Шинэ жилийн мэндчилгээг авч үзье. УИХ-ын дарга Г.Занданшатар зээлгүй ахмадуудаа нэг сая төгрөг тараах тухай мэндчилгээ дэвшүүлж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга нь өрх бүрд нэг сая төгрөг өгөхийг шаардсан мэндчилгээ илгээсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүх нь оны өмнөхөн ус цахилгаан, дулааны үнэ тэглэснээ ам дүүрэн дуулгаж, мэндчилгээ дэвшүүлэв. Төрийн гурван өндөр­лөгийн мэндчилгээнээс нэг ч бодлого цухалзсангүй. Зөвхөн мөнгө өгнө, харж үзнэ гэсэн ам дүүрэн амлалт нь эцэстээ айдаст автуулсан гэхэд болно. Ийм бодлоготнуудаа бид өөрсдөө сонгосон. Үлгэрт гардаг “Шидэт өвөө” шиг л хүсэл биелүүлэх тухай ярьж байгааг харахад инээдтэй ч маш эмгэнэлтэй.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл Ерөнхийлөгч нь Шинэ жилийн мэндчилгээгээ батал­гаажуулахаар “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох хуулийн төсөл өргөн барив. Энэхүү тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татах замаар босгоно гэжээ. Ерөнхийлөгчийн босгосон санал гэх энэ өгөөшний хоёр талд ард түмэн талцан зодолдож байна. Энэ зодоон дундаас нэр хүндээ босгож авах гэсэн Ерөнхийлөгч байна гэхээр аюултай. Уг нь хуультай хуульгүй өөрийнхөө хөрөнгөнөөс гаргаад өгчих баян Ерөнхийлөгчтэй улс орон. Тэгээд ч энэ хууль УИХ-ын босго давахгүй нь ойлгомжтой. Яагаад гэхээр Төрийн гурван өндөрлөг маань ард түмэндээ өглөг өгөхөөр уралдаж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн өглөг түмэнд хүрэхээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар зээлгүй ахмадуудад олгох нэг сая төг­­рөг эзэддээ түрүүлж очих байх. Үүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ч ташуур өгөн дэмжинэ. Парламент ч дэмжинэ. Ерөнхийлөгчийн сонгууль өдөр өдрөөр дөхөж байгаа энэ үед Х.Баттулга ямар их өглөгч хүн болохоо харуулахаар улайрах зуурт гурван өндөрлөгийн дунд маш том зөрчил үүснэ. Магадгүй энэ зөрчил нь эцэстээ эрх мэдлийн илдэнд өртөгсөдийн тоог ч нэмэж болох юм. Уг нь гурван өндөрлөг маань бодлого гаргаад уралдуулан, ноцолдож байх учиртай ч ийнхүү “Би өгнө” хэмээн дундаа зодолдож байгаа нь ямар аугаа их “хайр” вэ. Ард түмнээ бодлого тойруулан “зодолдуулж” байх учиртай юм.

Түмэн олон ч бодлогын зодоон бус өглөгийн зодоонд дас­чихсан учраас гурав, дөрөв хуваагдаад дэмжихээ дэмжээд хараахаа хараагаад явахаас өөр гарц өнөөдөртөө харагдахгүй байна. Эцэст нь хэн дийлсэн нөхрөөс өглөгөө хүртэж байж тайвширна. Бид ийм л төр байгуулжээ. Сүүлийн жилүүдэд өндөрлөгүүд маань нэг удаагийн өглөгөөрөө л нэг их наяд шахам төгрөгийн хөрөнгө тараадаг жишиг тогтлоо. Бидний мөрөөдөл болсон метро, дэлхийн жишиг хотыг элбэгхэн байгуулах мөнгө тараачихлаа. Тэр тусмаа манайд нэн шаардлагатай Хөн­гөн үйлдвэрийн чиглэлд хэчнээн ч үйлдвэр байгуулах мөнгө тараачихав.

Жишээ нь, ахмадуудын тэтгэврийн зээлийг 800 шахам тэрбум төгрөгөөр тэглэчихээд өөрсдөө Энэтхэгээс мөнгө зээлэн, Нефть нэрэх үйлдвэр барьдаг улс орон юм. Одоо нэг их наяд шахам төгрөг зээлгүй ахмадуудад олгочихоод коронавирусний эсрэг вакцин оруулж ирэх мөнгийг Дэлхийн банкнаас зээлэх хүсэлтээ явуулчихдаг улс орон юм. Цар тахал, өндөржүүлсэн бэлэн байдлаас үүдэж, иргэд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа учраас дулаан цахилгаан, усны төлбөрийг тэглэх хэмжээний “хайр” бол байхаас өөр аргагүй. Гагцхүү сонгуулиас сонгуулийн хооронд өглөгөөр уралдаж, ард иргэдээ өглөгт дасгаж байгааг яагаад ч зөвтгөх аргагүй. Тэр тусмаа сүүлийн үед цар тахал хэмээх зүйлээр хөшиг татчихаад цаана нь зөвхөн өглөгийн бодлого боловсруулж суугааг яавч зөвшөөрч болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Фак(66.181.161.67) 2021 оны 01 сарын 12

Өглөгч төр гэж байхгүй ш дээ, хулгайч төрийн нэг арга нь ард түмэндээ жаахаг юм тараах, өөр юу ч биш, өглөгч арай гоёдож байнаа

0  |  0
Зочин(202.21.107.114) 2021 оны 01 сарын 12

Ахмадуудын зээлийг тэглэнэ гэж ямар ч судалгаагүй, эзэндээ онож хүрээгүй, их утгагүй зүйл хийсэн. Зарим нь нэг зуун мянга, хоёр зуун мянгын зээлтэй байхад зарим нэг хүмүүс нь 5-6 сая төгрөгийн зээлтэй байсан. Ер нь бол ахмадууд зарим нь маш их баярлаж, зарим нь маш их гомдож, зээлгүй зарим нь зээл авахгүй яаваа гэж амаа бариад л үлдэх шиг болсон шүү.

1  |  0
Бат(202.9.46.190) 2021 оны 01 сарын 12

Төрийн нэг нууц бол ард түмэн ядуу байвал бид тэднийг сонгоно гол нууц л энэ шүү дээ

0  |  1
Зочин(203.91.115.53) 2021 оны 01 сарын 12

Санаа зөв байна. Гэхдээ л эд бүгдээрээ луйварчид шүү дээ гэж баримт түшин ярихад бас л болоогүй байна даа. Юун түрүүнд зориг зүрх дутна. Бас нэг зүйлийг сануулахад 3 өндөрлөг гэдэгт уг нь ерөнхийлөгч ордоггүй юм шүү дээ. Тийм учиртай юм. Оронд нь Дээд шүүх ордог. Манайхан орчин үеийн төрийн тогтолцоог ч буруу жишгээр байгуулдаг учраас эцэстээ ийм байдалд хүрч байгаа ч юм билүү. Хэн мэдлээ.

0  |  1
үнэн(43.228.131.222) 2021 оны 01 сарын 12

халамжийг зөвхөн өндөр настан хүүхэд 2 л хүртэх ёстой\n

0  |  0
Хөл(202.179.26.164) 2021 оны 01 сарын 12

Хөл хорио, хорио цээрийн дэглэм зэрэг гамшгийн үед авөх арга хэмжээг ердийн үетэй андуурч бичсэн усан толгой байна.

0  |  0
Bold(67.170.23.116) 2021 оны 01 сарын 12

Altiig ni MANAN avaad avdriig ni ard tumniihee deer segserne.

0  |  0
Top