Тээвэрчид зургаан чиглэлээр хэмнэлт гаргахаар төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон энэ онд технологийн тээврийн чиглэлээр 27 сая метр куб уулын цул тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн үйлдвэрийн бусад цех нэгжүүдийн захиалгын дагуу төрөл бүрийн тээврийн чиглэлээр 430 мянган машин цагийн ажил гүйцэтгэнэ. Өнгөрсөн онд тус цехийнхэн  25 сая 700 мянган метр куб уулын цул тээвэрлэж, төлөвлөгөөгөө 104.5 хувиар давуулан биелүүлжээ. Харин ачаа эргэлтийн төлөвлөгөөг 226 мянган тонн/км байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээ 239 мянган тонн километрт хүргэж, төлөвлөгөөг 105.8 хувиар биелүүлсэн аж. 

Зэсийн үнийн бууралт, “ковид-19” цар тахлын тархалтын улмаас үүсэх эдийн засгийн хүндрэлийн эсрэг арга хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж, 1 тэрбум 668 сая төгрөгийн хэмнэлт гарган ажилласан байна. Эдгээрийг технологийн нормчлогдсон материалын зардал, цехүүдэд үзүүлэх ажил үйлчилгээ, цахилгаан эрчим хүчний зардал, бүтээмж инновацийн хэрэгжилтийн үр ашгаас  хэмнэсэн гэж Үйлдвэр техникийн албаны дарга Д.Амарсанаа мэдээлэлдээ дурьдав. 

Энэ онд тус цехийнхэн өртөг зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилтоо үргэлжлүүлж, зургаан чиглэлээр 900 сая төгрөгийн хэмнэлт гаргахаар төлөвлөн, ажиллаж байна. Мөн төрөл бүрийн тээврийн хэрэгслийн засварын ажлыг чанаржуулж, бэлэн байдлын түвшнийг 95 хувиас бууруулахгүй байх зорилго дэвшүүлжээ. Түүнчлэн уулын цул тээвэрлэх үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэмэгдсэнтэй холбогдуулан 130 тоннын даацтай БелАЗ-75131 маркийн авто машин хоёр ширхэг болон жижиг оврын автобус, ачигч, трактор зэрэг тээврийн хэрэгслүүдээр хүч нэмэх юм байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top