Ким Жон Ун “АНУ-ыг гол дайсагнагч гүрэн” хэмээн мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Умард Солонгосын Удирдагч Ким Жон Уны энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Хөдөлмөрийн намын ээлжит их хуралд тавьсан илтгэлийн агуулгыг тус улсын мэдээллийн агентлаг энэ сарын 9-нд олон нийтэд мэдээлэв.

Удирдагч Ким Жон Ун илтгэлдээ “АНУ-ыг хамгийн гол дайсагнагч улс” хэмээн онцолж, Ерөнхийлөгч Ж.Байдэний Засгийн газар шинээр байгуулагдахын өмнө цөмийн болон пуужингийн хөгжил, хөтөлбөрөө улам бэхжүүлэх бодлого баримтлахаа зарласан байна.

Тэрбээр илтгэлдээ гадаад харилцааны чиглэлд “Манай улсын хамгийн гол дайсан гүрэн болох АНУ-ыг сөрөн зогсож, сөнөөн дарахад гол анхаарлаа хандуулна” хэмээн мэдэгдэж, АНУ-ын шинэ засаг захиргаа байгуулагдахын өмнө сөргөлдсөн байр сууриа илэрхийлэв.

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа умардын талаас дайсагнасан байр сууриа анх удаагаа илэрхийлээд байна. Мөн түүнчлэн Удирдагч Ким Жон Ун нь “Цөмийн зэвсгийг жижигрүүлж, жин хэмжээг нь багасгах судалгааны ажиллагааг хөгжүүлж, тактикийн цөмийн зэвсгийг бий болгох, том хэмжээний цөмийн цэнэг бүхий пуужингийн үйлдвэрлэлийг улам урагшлуулна” гэж мэдэгдэн, цаашид тус улс нь цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам бэхжүүлэх бодлого баримталж буйгаа онцолжээ. 

Мөн Ким Жон Ун-ыг илтгэлийнхээ үеэр Өмнөд, Умард Солонгосын харилцааны асуудлыг хөндсөнийг тус улсын мэдээллийн агентлагаас мэдээлэв.

Тэрбээр Өмнөд Солонгосын талаар “АНУ-тай хамтран хэрэгжүүлж буй цэргийн хамтарсан сургуулилтыг нэн даруй зогсоох ёстой гэсэн бидний шаардлага, анхааруулгыг үл тоож байна” хэмээн хоёр орны харилцаа хүйтэрч буй гол хариуцлагыг  Сөүл хүлээх ёстой хэмээн онцолсон байна. Мөн 2018 оны төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтын үеэр байгуулсан “Панмёнжуны хэлэлцээр”-ийг хөндөж, “Хоёр орны харилцаа хэлэлцээр байгуулахаас өмнөх байдалд хүрч очсон гэхэд буруудахгүй, хоёр улс, үндэстэн нэгдэх асуудал улам бүдгэрч байна” хэмээн дурдсан байна.

Эх сурвалж: “Эн-Эйч-Кэй” мэдээллийн агентлаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top