Н.Ганбямба гишүүн дарга нарын “толгой”-гоор Туул голыг тахина

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

       

Туул голыг аврах хөдөлгөөн, холбоо борооны дараах мөөг шиг олширсон. Гэвч Туул голын ай савд элс, хайрга олборлогч компаниуд сүүлийн үед тэдгээрээс олон болов. Ус руу нь цэвэрлэх байгууламжийн болон уурхайнуудын хог хаягдал урсан орсоор  байгаа. Загас жараахай үхэх бол энүүхэнд болсон. Ийнхүү бохирдлын улмаас Туул гол хатаж ширгэх аюул нүүрлээд байна. УИХ-аас Д.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсэг томилогдон хэд хоног энэ талаар судалгаа хийлээ. Тэд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ажлынхаа үр дүнг танилцуулав. Тэдний судалгааны дүн тун таагүй мэдээтэй байна. Хотын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин 40-60 хувьтай байв. Усын орчны чанарын үзүүлэлт 6,4-59 дахин их бохирдолттой гарсан байна. Туул голын ойр орчимд 312 аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийн 147 нь огт зөвшөөрөлгүй ажээ. Үлдсэн 165 аж ахуйн нэгжийнх нь зөвшөөрлийг цуцалсан ч тэдгээрээс 55 нь ямар нэг объект барьж байгуулсан гэдэг шалтаг тоочоод үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэнэ. Ингэж гүрийдэг компаниудын ард ихэвчлэн УИХ, Засгийн газар, хотын захиргааны нөлөө бүхий дарга нар байдаг тухай яриа ч гарав. Энэ хурлын үеэр Н.Ганбямба гишүүн нэлээд бухимдуу янзтай, “Ер нь Туул голыг бохирхуулж байгаа дарга нараар туг тахих хэрэгтэй” гэв. Түүний энэ үгийг өлгөж авсан зарим гишүүд өөдөөс нь “Зүйтэй дарга нарын толгойгоор Туул голоо тахивал зүгээр байх” гэцгээж байв. Н.Ганбямба гишүүн “Нээрээ тэгсэн ч яахав” гээд инээд алдан хурлын танхимаас гарч явжээ. Дураараа дарга нар ч балрах нь дээ. Туул голоо хамгаалах тухай хууль гарахаас өмнө ямартай ч тэдгээр дарга нар мааниа уншуулах бололтой.  

Х.Тулга

Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top