Монголын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны салбар бүрдүүлдэг. Нэг сектороос хэт хамаарсан санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгахын тулд банкны системээ эрүүл байлгах нь манай улсын тухайд чухал асуудал юм.
Тэгвэл УИХ-ын нэр бүхий гишүүдээс өнгөрсөн намар УИХ-д өргөн барьсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хүлээлт дагуулж байна. Уг хуулийн төслийг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”, “Банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөр”, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж боловсруулсан бөгөөд УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны системийг эрүүлжүүлэхтэй холбоотой нэг чухал зүйл бол банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх ёстой. Банкны засаглалыг сайжруулах ёстой. Засаглал сайжруулна гэдэг нь олон нийтийнх болох ёстой. Нэгэнт төрөөс дэмжлэг аваад, ард иргэдийн хадгаламжийг авч байгаа тохиолдолд банк олон нийтийн байх ёстой. Олон хүний өмч байх ёстой. Өнөөдөр нэг, хоёр хүний л өмч байна шүү дээ хэмээн байр сууриа илэрхийлж байсан.
Дэлхийн банкны 2019 оны судалгаагаар Канад, БНСУ, Австрали, Филиппин, Киргизстан, Малайз, Индонез, Бангладеш зэрэг дэлхийн 34 оронд банкуудыг хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг шаардахаас гадна, нэг этгээдийн банкны хувьцааг эзэмших дээд хэмжээг тогтоож хязгаарласан байдаг аж.
Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу 3 хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байгаа дүр зурагтай байна. 2020 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөг. Үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж байгаа тул уг салбарын засаглалыг ахиулж, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй гэх байр суурийг нэр бүхий улстөрчид, эдийн засагчид илэрхийлж байгаа юм.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой. Арилжааны банкуудад хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх олон давуу талыг бий болгоно гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Тус хуулийн төсөлд банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулах, хувь эзэмшлийн төвлөрлийг тархаах, аливаа этгээд саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох зохицуулалтуудыг тусгажээ.
Ингэхдээ бүх банкуудыг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор хувьцаат компанийн хэлбэртэй болгож, өөрчлөх бодлогыг баримтлах юм байна.
Мөн банк татан буугдсан тохиолдолд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан төлбөр барагдуулах дарааллыг илүү боловсронгуй болгож нийгмийн дундаж давхарга буюу хуримтлалтай иргэд, өрхийн хуримтлалыг тэргүүн ээлжинд хамгаалах өөрчлөлтүүд орж байгаа нь томоохон ахиц болох аж.
Цаашид банкууд хувьцаат компани болж, хөрөнгийн захад үнэт цаас гаргах тохиолдолд ил тод байдал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагааны тодорхой шалгуур тавих, зохистой засаглалын зарчмын шаардлагыг заавал мөрдүүлэх талаар зохицуулалтуудыг хийж, мөрдүүлэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )