Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ЖЯН ХУВИЛГААН ЯВДАЛТ ТАЙ БАО ХЭМЭЭХ ХҮМҮҮН ЛҮГЭЭ УЧРАХ
ХЭЙ ШУАНЬ ФАН, ЛИНЬ ЛИ БАЙ ТАЙ ЛУГАА НОЦОЛДОХ
Өгүүлэх нь, тэндээс Сүн Жян өөрийн суух байшингаас гарч даруй танхимын дээр ирж Жей Ги ноён лугаа учирсанд тэр Жей Ги уурсаж өгүүлрүүн: - Өчүүхэн цөлөгдөж ирсэн хав хар нүүртэй огтор биетэй ялтан чи харин чи хүмүүний ёс ёсолж бэлэг хүргэхэд хариу эдүгээ хүртэл үл өгөх учир юу хэмээн нэгэн ширээ аван цохихыг завдсанд Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн дарга ноён чи бүү уурсагтун. Би хэдий чиний бэлгийг хүлээн авсан боловч хүмүүнд хариу өгөх ёс хичээж буй бөгөөтөл чиний санаа урьдаар яаран хүсэл шунал болсон нь юутай ховдог чи бүү яарагтун хэмээсэнд Жей Ги ноён маш уурсаж хоёр талын жагссан цэргийн ардыг энэ ялтныг даруй барьж аваад урьд зуун мод занчаад хожим хэлэлцье хэмээсэнд тэр цэргүүд Сүн Жян-тай цөм сайн тул хэн аймшиггүй хэлэн чадмуй. Үүнд тэдгээр цэргүүд мөн бус тийш буруулан одсон хойно тэр гайхал Жей Ги дарга Сүн Жян лугаа танхим дээр хоёул үлдэв.
Жей Ги дарга даруй өөрөө мод авчирч Сүн Жян-ыг занчих хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: -Жей Ги чи түр байз хэмээсэнд Жей Ги болсонгүй давшлан ирээд ийн өгүүлрүүн: -Цөлөгдөн ирсэн өчүүхэн хөвгүүн мэт хулгай чи харин хийсэн ялаа үл мэдэх дээр басхүү над лугаа хариуцан ийнхүү их зан гаргах буюу хэмээхэд Сүн Жян чам лугаа адил мал адгуус мэт хүмүүн байна уу. Чи миний бэлгийн хариуг эс өгвөөс одоо чамайг зуурсан гурил адил болгомуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн дарга чи бүү их л авирлагтун. Би нь хэдий ял хийсэн ялтан боловч нэгэнт цааз дагажээ. Үгүй бөгөөс би Лян Шань Пү уулын сайн эрс цөм миний нөхөр ах дүү үүний дотор ялангуяа Ү Сюай Гоу хэмээх их дарга чухамхүү миний нэгэн төрлөөс өөргүй хэмээх үгийг Жей Ги дарга сонсоод гартаа барьсан модыг газар хаяж Сүн Жян-д өгүүлрүүн: - Чи сая юу хэмээн хэний нэр хэлэв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Чамд олон хэлэхгүй Лян Шань уулын Ү Сюай Гоу хэмээхэд Жей Ги дарга даруй Сүн Жян-ы ханцуйгаас барьж газар сөгдөн ийн өгүүлрүүн: - Эрхэм ахын өндөр овог эс алдаршсан нэр юу хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Би нь Шаньдун мужийн Мэн Жоу захиргааны Сүн Гүн Минь хэмээх хурдан хур оруулах салхи хэмээн Сүн Жян хэмээх хэмээсэнд Жей Ги өгүүлрүүн: - - Тийм бөгөөс энэ хэргийг энд хэлэлцэж болохгүй. Бид хоёр өөр нэгэн газар очиж нарийн учир хэлэлцье хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Жей Ги дарга чи над лугаа хэлэлцэх үг байваас мөн энд хэлбээс сайн. Би ялтан хүмүүн яахин зоригоор гадагш явж болмуй хэмээсэнд Жей Ги өгүүлрүүн: - Гэм үгүй би байнам хэмээсэнд Сүн Жян өөрийн суух байшингаа цоожилж Жей Ги Тай хоёул Жань Жоу хэрмийн гадаа очиж нэгэн их архины пүүсэнд орж суугаад Жей Ги өгүүлрүүн: - Эрхэм ах Сүн Я Шань дарга та энэ Ү Сюай Гоу хэмээх хүмүүн лүгээ чухам хаана учрав хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Би цөлөгдөн ирэх замд Лян Шань Пү ууланд учрав. Тэр Ү Сюай Гоу над нэгэн захиа өгсөн түүнийг би чамд өгье хэмээсэнд Жей Ги дарга хүлээн аваад нээж үзвээс тэр бичиг Ү Сюай Гоу-аас Жань Жоу хотын гянданы тэргүүлэгч ноён Жей Ги Тэй Жүн хэмээн бичсэн бөгөөд энэ хоёр маш найртай дээр басхүү ах дүү тул Жей Ги тэр захиаг эхнээс адаг хүртэл үзээд даруй босож Сүн Жян-д дахин дахин мөргөн өгүүлрүүн: - Өчүүхэн мунхаг дүү эрхэм ахаа үл таних тул тийнхүү хатуу үг өгүүлж хахууль нэхсэн нь үнэхээр буруу ял болжээ. Олдвоос ах уучлан өршөөхийг хүсмүй хэмээгээд мөргөөд Сүн Жян түшиж босгоод ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү чи бүү зов. Нэгэнт чиний бэлгийг хүлээн авсан тул ах чинь юунд үл өгөх буюу. Гагцхүү чам лугаа учирч энэхүү Ү Сюай Гоу-ын захиаг барьж өөрийн учраа хэлье хэмээсэн боловч эрхэм дүүгийн суух гэр орныг мэдэхгүй дээр ялт хүмүүн яахин учиргүй та лугаа учирч болох буюу. Тиймийн тул энэ бэлгийг эс хүргүүлбээс лав намайг зарлаж байцаах болов уу. Тэр тухайд учирч захиагаа сонсгоод өөрийн учрыг хэлье хэмээн санаж тийнхүү таны бэлгийн хариуг бариагүй билээ хэмээсэнд Жей Ги дарга өгүүлрүүн: - Эрхэм Сүн Я Шань ахаас нуух хэрэг юун. Өчүүхэн дүү нь энэ газар цөлөгдөн ирсэн ба, гянданд хоригдох ардаас хүмүүн тутам мөнгө таван лан татварлан авч ашиг болгодог тул эрхэм ахыг баахан илүү өгөх болов уу хэмээн санаж бага бэлэг барив. Энэ нь гагцхүү манай гянданы ялтан ба бага дарга нар эрхэм ахыг маш их алт мөнгөтэй хэмээсэн тул тийнхүү ов гаргасан учир эдүгээ ихэд буруу болов хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ нь ямар буруу гэм үгүй хэмээв.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, энэ Жей Ги хэмээх хоёр нэр нь урьд Сүн улсын үед гянданы дарга тавихдаа Жей Ги хэмээн өргөмжилж цол өгсөн хүндлэн хэрэг чухам хүмүүний нэр бус эдүгээ энэ Жей Ги-ийн өөрийн нэр болбоос Дай Жүн хэмээмүй. Энгийн хүмүүнийг өргөмжилж цол өгсөн нь хувилгаан явдалт Тай Бао хэмээн цол өгөв. Энэ нэгэн явбаас түргэн явъя хэмээвээс найман зуун газар аажим явъя гэвэл таван зуун газар явганаар явдаг тул тийнхүү маш гайхамшиг цол өгчээ.
Тэндээс тэр хоёр архины пүүсэнд захиа үзээд хоёул танилцаж даруй архины зардасыг дуудаж сайн архи мах ногоо бэлтгэж авчрагтун хэмээсэнд тэр пүүсний зардас архи ногоо бэлтгэж авчирч ширээ засаж тавиад тэр хоёулыг суулгав. Үүнд Жей Ги хэмээх Дай Жүн дарга өгүүлрүүн: - Эрхэм ахын өндөр алдар өргөмжилсөн цол зэргийг цөм сонсов. Гагцхүү урьд хэрэг хийж яахин энэ газар цөлөгдөн ирсэн ба Лян Шань Пү уулын Ү Сюай Гоу-тай яахин учирч юу хэлэлцсэн, тэр ууланд одоо чухам хичнээн сайн эр буй зэргийг өчүүхэн дүүдээ нэгэн удаа хэлж өгмү хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мунхаг ах чинь уг нутаг Мэн Жоу хотод байх цагтаа Ги Хянь яамны албаны хүмүүн захирах Янь Ша хэмээх дарга байгаад тэндээс нэгэн бага эм авсан нь тэр зальхай самуун хэрэг дэгдээж Лян Шань уулын эзэн Чоу Кэй-ээс өгсөн захиа ба, алт арван ланг нуун дарж үл өгсөнд түүнийг бие толгойг салгаж алаад оргон гарч Шай Хюнь хотын Шай Гэнь Да Гуан Жань-ий гэрт очиж нуун суусан ба, тэндээс явж Жинь Гоу хотын Гэнь Фэн Жэнь хэмээх ууланд суух Ян Сюн, Жан Фэй хэмээх богино хөлт барсын зэрэг таван сайн эрстэй танилцаж хүж барьсан Жинь Жоу хотыг самууруулж Хуа Рүн-ий гэрийн хотлоорыг авсан, Лю Коу-г алаад эмийг ууланд аваачиж уушги зүрхийг уудалсан тэндээс явж Лян Шань Пү ууланд цэрэглэн ирэх замд Дүй Ин Шань уулнаас хоёр сайн эр оруулан авсан хойно уг нутгаас эцгийг үхэв хэмээн худал захиа ирснийг баримталж Гэртээ буцаад дахин баригдаж гянданд хоригдоод эдүгээ энд цөлөгдөн ирэх замд Лян Шань Пү ууланд очсон бас замд хулгайд баригдсан махчинд хорлогдсон зэргийг нэгд нэгнээр хэлсэнд Жей Ги хэмээх Дай Жүн алгаа хамтдаад ийн өгүүлрүүн: - Аяа, бас ийм их алдартай хүмүүн бас байдаг ажгуу хэмээгээд хариу үг өгүүлэх хэмээтэл доорд байшингаас нэгэн их дуу чимээ гарав.
Үүнд энэ хоёр гайхаж байтал тэр архины пүүсний зардас орж ирээд ийн өгүүлрүүн: - Жей Ги Дай Жүн дарга манай пүүсэнд нэгэн их хэрэг гарав. Та очиж хориглон зогсоож хайрлаваас ямар хэмээхэд Жей Ги өгүүлрүүн: - Ямар хүмүүн яахин ирж юуны учирт хэрэг гарав хэмээсэнд тэр зардас өгүүлрүүн: - Энгийн өдөр таны хамт явагч хар нүүртэй хүмүүн хэмээхэд Жей Ги өгүүлрүүн: - Энэ болбоос гайгүй би очсугай. Ах чи түр хүлээж эндээ суугтун хэмээгээд өндөр давхарлагаас бууж доорд байшинд үзвээс тэр хүмүүн нь гянданы бага дарга овог Лий, нэр Гүй Ли Гүй хэмээмүй. Энэ пүүсний тэргүүлэгчээс зоос зээлэх хэмээн цуугилдан баймуй. Үүнд Жей Ги хориглож даруй авч гараад дээд давхарлагт оруулж ирсэнд Сүн Жян түүнийг үзээд маш цочиж ийн асууруун: Энэ хүмүүний нэр хэн хаана суудаг хэмээсэнд Жей Ги өгүүлрүүн: - Энэ хүмүүн манай гянданд бага дарга энэ хүмүүний төрсөн нутаг И Сүй Хянь захиргааны Бэ Жань Чүнь хэмээх хотын хүмүүн Кай Хэй Сюай Фэн Ли Хуй үүнийг тайлбаас нэгэн их харанхуй хуй салхи хэмээмүй. Энэ хүмүүнд манай энэ газар ирсэн хойно Ли Тяй Ню хэмээх цол өгч, үүнийг тайлбаас төмөр үхэр хэмээмүй. Энэ хүмүүн уг нутагтаа Байх цагт хүмүүнийг алаад манай хотод орж ирээд оршин суусан он нэлээд удав. Эдүгээ гянданы бага дарга тавьсан үүний эрдэм чадал нь их гартаа барих нь барсын толгойт хоёр сүх, бас жад сэлэм эргүүлэх нь хуй салхи адил гагцхүү архи ууваас зан нь хатуу хэмээсэнд тэр Ли Гүй өгүүлрүүн: - Жей Ги их дарга энэ хав хар нүүртэй богино биет хүмүүн нь хэн хаана газраас ирсэн гуйранч буюу хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Сүн ах та үзэгтүн. Ийм харанхуй тэнэг адгуус адил хүмүүнийг үзэв үү хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Жей Ги ах чи ямар хүмүүн би энэ хүмүүнийг хэн хаанаас ирсэн хэмээн асуухад юу нь буруу юун нь адгуус болов хэмээхэд тэр Жей Ги өгүүлрүүн: - Ли Гүй чи өнөө нь эрхэм ахын өндөр алдар хэн гэдэг аль газраас ямар хэргээр ирсэн зэргийг мэнд мэдэж асууваас зохих блөгөө. Юунд хүмүүний нүүрийг хав хар нуруу биеийг өндөр богино хэмээн торгомуй. Энэ нь ёс буюу чи хурдан буруугаа хүлээж мөргөгтүн. Энэ хүмүүн болбоос Шаньдун мужийн Сүн Гүн Минь хэмээх Сүн Жян хэмээсэнд тэр тэнэг Ли Гүй өгүүлрүүн: - Шаньдун мужийн Сүн Гүн Минь-ийг би эрт сонслоо. Тэр мөн бөгөөс би даруй мөргөх ёстой. Хэрвээ биш болбоос миний мөргөсөн хайран толгой хэмээсэнд Жей Ги өгүүлрүүн: - Үнэн мөн хэмээсэнд тэр тэнэг өгүүлрүүн: - Чи үнэн мөн буюу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Үнэн мөн хэмээсэнд тэр төмөр үхэр Ли Гүй өгүүлрүүн: - Тийм бөгөөс миний буруу болов хэмээгээд газар сөгдөн мөргөсөнд Сүн Жян дээш татан босгож өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү юунд биеэ доор авмуй. Гайгүй бид лүгээ хамт суун архи уусугай хэмээгээд нэгэн хундага архи хийж өгсөнд тэр тэнэг Ли Гүй өгүүлрүүн: - Мунхаг Би хэдий үзэмжгүй боловч бага хундагаар архи уухгүй. Над өгвөөс их шаазанд өгөгтүн хэмээсэнд Сүн Жян нэгэн их аяга архи хийж өгөөд ийн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү сая доорд байшинд их л цуугьсан нь ямар учир хэмээсэнд тэр тэнэг Ли Гүй өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нь зуун лангийн үнэтэй их юмаа хүмүүнд тагнуулж бариулсан нь эх мөнгө арван лан үржсэн хүүний мөнгө гурван лан үүнд эдний пүүсээс мөнгө арван лан урьдчилан хэрэглээд хожим төлье хэмээхүл харин мөнгө үгүй гэнэм. Иймийн тул эдний энэ өчүүхэн архины пүүсийг эвдэж буулгая хэмээсэн билээ.
Харин эдний зол тохиолдож манай их ах Жей Гий дарга учирч амь гарав хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү энэ нь үл ялих юм юунд хүмүүн лүгээ цуугимуй. Мунхаг ах нь чамд арван лан мөнгө өгье. Чи түүнийг авч очоод Тэр их үнэтэй юмаа авч зарагтун хэмээгээд өөрөөс мөнгө арван лан гаргаж өгсөнд Ли Гүй тэнэг хүлээн авав. Үүнд Жей Ги дарга бүү өгөгтүн хэмээн хориглоё гэтэл Сүн Жян гар хурдан тул Ли Гүй нэгэнт авсан тул байв.
Тэндээс тэр тэнэг маш баярлан мөнгийг хүлээн аваад ийн өгүүлрүүн: - Эрхэм хоёр ах та энд намайг баахан хүлээгтүн. Би тэр юмаа аваад түргэн эргэж ирсүгэй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү бүү яарагтун. Түр баахан сууж архи уусан хойно аажим очсугай хэмээсэнд тэр тэнэг өгүүлрүүн: - Үл болмуй, эдүгээ би түргэн очиж аваад үнэ болгон худалдаад хоёр ахдаа хэрмийн гадна нэгэн хундага архи өргөе хэмээгээд шууд явав. Үүнд Жей Ги өгүүлрүүн: - Сүн ах чи юунд дүүд мөнгө зээлдэн өгөв. Би хориглоё хэмээтэл таны гар түргэн болоод Хориглож чадсангүй энэ тэнэг архинд дуртай дээр бас пай наадах дуртай. Хэрвээ таны арван лан мөнгийг аваачаад архи ба пай наадамд өгвөөс энэ хожим яахин төлж чадмуй. Тэр ч байтугай миний нүүр басхүү мануухай болов. Харин хэрвээ юм аваачваас нэн сайн гагцхүү зан нь шударга тул магадгүй. Явдал нь гажуу учирт маш их зовмуй. Энэ тэнэг архи ууваас гянданы ялтныг амар байлгахгүй ямагт занчмуй. Суусан гэрээ түйвээмүй. Сайд түшмэлийг хараамуй. Энгийн хүмүүнийг дарламуй. Ийм хүмүүнийг хүмүүн дүрсэнд авч болох буюу хайран мөнгө хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү гайгүй үл ялих хэдэн лан мөнгө надад өгвөөс тэр эс өгвөөс тэр түүнээс би нэхэхгүй хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Эдүгээ нэгэнт өгсөн тул түүнийг хэлэлцэж яанам. Бид хоёр хэдэн хундага архи уугаад хэрмийн гадна гарч Бага зугаацахаар явбаас ямар хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс эрхэм дүү зам удирдаж бид хоёр хотын хэрмийн гадна явж Жань Жоу хотод очиж нарийн сонин юм үзсүгэй хэмээн явав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь энэ тэнэг Ли Гүй Сүн Жян-аас арван лан мөнгө авч тэр архины пүүснээс гараад дотроо ийн сэтгэрүүн: - Энэ Сүн Жян хэмээгч урьд сонссоноос бус ер танилцаагүй билээ. энэ өдөр сая танилцаад надад мөнгө арван лан туслахыг үзвээс үнэхээр шударга сайн эр ажгуу. Ер муу хэмээж болохгүй гагцхүү би пай наадаж алдаад гарт нэг ч зоосгүй дээр бас эдүгээ арван лан мөнгөө авч очоод наадваас эс алдваас үнэхээр сайн хэрвээ алдваас журамт Сүн Жян ахыг юугаар цай уулгамуй хэмээн санаж юу ч болов урьд бага наадаж үзсүгэй хэмээн санаж Хяо Жан И хэмээх наадмын пүүсэнд орж мөнгөө газар хаяж ийн өгүүлрүүн: - Эдүгээ би таны пүүсэнд их алдсан тул түргэн энэ мөнгийг авч зоос болгон өгөгтүн. Би эдүгээ наадмуй хэмээсэнд тэр наадмын пүүсийн тэргүүлэгч Хяо Жан И өгүүлрүүн: - Эрхэм дүү Ли Гүй чи эдүгээ түр баахан байз. Энэ хүмүүн наадаж дууссан хойно наадагтун хэмээсэнд Ли Гүй маш уурсаж өгүүлрүүн: - Би цалин мөнгөө авчраад наадам үйлдэхэд намайг хориглох учир юу. Эд нар мөнгө өгөөд би чулуу өгөх буюу бушуу зоос гаргаж ирэгтүн хэмээнд Хяо Жан И яаран мөнгийг авч зоос өгөх хэмээтэл Ли Гүй уураар тэр зоос наадаж байсан хүмүүсийн өмнө овоолсон зоосыг дээрэмдэн авч түйвээхэд Хяо Жан И аргагүй гуйж тэр зоосыг тавиулж пүүснээс зоос гаргаж өгөв. Үүнд Ли Гүй даруй наадаж Зоосоо алдаад аргагүй дахин хэдэн зуун зоос зээлье хэмээсэнд тэр пүүс үл өгмөгц Ли Гүй зориудаар тэдний наадмын зоосыг дээрэмдэн түйвээхэд Хяо Жан И уур нь хүрч Ли Гүй-г хараан боон ирэхэд Ли Гүй хариуцан нэгэн гараар зөөлөн түлхсэнд Хяо Жан И газар унагав. Үүнийг тэр олон наадаж байсан хүмүүн үзээд Хяо Жан Ий-г хамгаалан өмгөөлөх хэмээн цөм босон ирж Ли Гүй лүгээ ноцолдсон нь яахин дийлмүй. Ли Гүй ганц гараар цөмийг барин авч дээр дээрээс нь дарж өөрт байсан мөнгө зоосыг дээрэмдэн авсанд тэдгээр хүмүүн нар цөм мөлхөн зугтаж гарав. Тэндээс энэ Ли Гүй мөнгө зоосыг дээрэмдэн аваад шууд их хаалга гармагц тэр гэрийн хаалга харсан бага хөвгүүн түүнийг баръя гэтэл түүнийг нэгэн удаа түлхэж унагаад зугтан явсан хойно олон Хүмүүн хойноос өгүүлрүүн: - Ли Да Гэ чи урьд хичнээн мөнгө зоос алдавч ер ийнхүү хүмүүний юмыг дээрэмдэхгүй билээ. Энэ өдөр яахин биднийг занчиж мөнгө зоосыг булаав хэмээж хойноос дуудахаас бус хэн түүний хойно дэргэд нэхэж очмуй.
Тиймийн тул Ли Гүй тэдний тийнхүү бархирахыг үл хэрэгсэн шууд явж байтал хойноос нь нэгэн хүмүүн түүний дал мөрөн дээр нэг алгадмагц хойш эргэж үзвээс тэр нь Жей Ги дарга ах, түүний хойно нь Сүн Жян зогсож баймуй. Үүнд Жей Ги өгүүлрүүн: - Чи ямар учирт хүмүүний мөнгө зоосыг дээрэмдэж хэрэг дэгдээв хэмээсэнд
Ли Гүй нүүрээс гал гарах адил болж хэлэх үггүй ичингүйрэн ийн өгүүлрүүн: - Арга буюу төмөр үхр дүүг нуух газар үгүй. Сая Сүн Жян ахын хайрласан мөнгө авч энд ирж наадаад цөм алдаж дуусаад харин хэдэн зуун зоос Зээлэх хэмээсэнд үл өгөх тул өөрийн алдсан мөнгөө булаан авав хэмээсэнд
Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү чи миний үгэнд орвоос би чамд нэгэн үг хэлье хэмээсэнд Ли Гүй юу хэлмүй. Модон хүмүүн мэт дувтгай байхад Сүн Жянийн хэлрүүн: Эрхэм дүү наадам наадаж алдваас эцэг эх хөвгүүн үр хэмээн ялгах газар үгүй цөм авах ёстойг чи бэлхэнээ мэдэх атал нэгэнт хүмүүний зоосыг наадаад бусдад алдсан тул төлж үл өгөх ёс байна уу. Тиймийн тул чи өөрийн зоригоор наадаж алдаад эр чадлаар дээрэмдэх нь нэрд муу, юу хиймүй. Тэр хэдэн лан мөнгөө гэдрэг эгүүлж нэрээ худалдан авагтун. Гайгүй Сүн Жян ах чинь чамд зарах хэрэг буй бөгөөс бас мөнгө өгч болно хэмээсэнд
Жей Ги дарга Ли Гүй төмөр үхрийн нүүрэнд нулимсан нь үнэхээр хоёр Нүд харах аргагүй болов. Үүнд Ли Гүй арга буюу өөрийн хүүдийгээс тэр дээрэмдсэн мөнгөө гаргаж Сүн Жян-д тушаав. Үүнийг Сүн Жян хүлээн аваад тэр Хяо Жан Лий-ийн гэрийн үүдэнд очиж, мөнгөө тушаасанд Хяо Жан Ли өгүүлрүүн:
- Эрхэм ах би авахгүй урьд Ли Да Гэ манай пүүсэнд хичнээн алдсан боловч ер хүмүүний зоос мөнгийг булаан авдаггүй бөлгөө. Энэ өдөр юу болсныг мэдэхгүй хэдэн лан мөнгө авчирч түүнийг алдаад эцэст хэдэн зуун зоос зээлье хэмээсэнд би түр хүлээж авагтун хэмээсэн билээ. харин шууд олон хүмүүний зоосыг булаан мөнгөний хамт авч тэд нарыг занчаад явав. Би энэ мөнгийг авах толгой надад үгүй. Хожим Ли Да Гэ хүлээх нь түмэн бэрх хэмээхэд
Сүн Жян өгүүлрүүн: - Чи хүлээн авагтун. Миний дүү хожим чиний энэ Гэрт орохгүй хэмээсэнд арга үгүй хүлээн авч Сүн Жян-д ёслон мөргөж ийн өгүүлрүүн: - Эрхэм ахыг ер үзсэнгүй. Та нь өндөр алдар хэн аль зээлд суудаг хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Би нь танай хотын хүмүүн бус Шаньдун мужийн Гүн Тай Гүн хэмээгч бөлгөө хэмээсэнд Хяо Жан И мөн урьд сонссон тул юу ч үл өгүүлэн үгүй хишигт мөргөж маш баярлан гэртээ оров.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь Сүн Жян мөнгийг Хяо Жан Лий-д тушаан өгөөд тэр хоёрт ийн өгүүлрүүн: Бид эдүгээ гурвуул нэгэн архины пүүс олж архи ууваас сайн асан хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: Ах архи уух ахул энэ хойно мөрний захад нэгэн архины пүүс буй нэр нь Пи ба Тин Тан улсын үед байгуулсан Тянь хэмээмүй. Энэ пүүсэнд очсугай хэмээсэнд Сүн Жян даруй зөвшөөрч Тийм бөгөөс хотод орж дийз тавгийн ногоо зууш төхөөрч аваачъя хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Ах тийм юмаар юу хиймүй. Бэлхэнээ тэнд буй хэмээхэд тийм болбоос явсугай хэмээгээд гурвуул явж тэр Пи ба Тин-д хүрч очоод дээд өндөр Лоу дээр гарч үзвээс сэргэлэн сайхан газар хойд ёроолоор Шүнь Ян Жань хэмээх их мөрөн урсаж, баруун этгээдэд Тянь-ий эзний гэр, зүүн этгээд нь цэцэрлэгийн хүрээ, өмнө хол этгээд нь Жань Жоу хот үзэгдмүй.
Үүнд тэр байшингийн дотор бэлтгэж зассан арван хэдэн ширээ баймуй. Тэр ширээний нэгэн сайныг сонгож Сүн Жян-ы дээд этгээдэд суулгаад тэр хоёр дараалан сууж архины пүүсний зардасыг дуудаж сайн амттай архи авчир. Ногоо мах дийз таваг бэлтгэ хэмээсэнд архины пүүсний тэргүүлэгч нэгэн сайн ваарыг Авчирч өгөөд өгүүлрүүн: - Энэ архи Жань Жоу хотод маш дэд нэртэй сайн архи хэмээгээд бас элдэв зүйлийн ногоо мах авчирч ширээн дээр тавьсанд
Ли Гүй өгүүлрүүн: - Ах нар архи ууваас их шаазан сайн, бага хундага тусгүй хэмээхэд Дай Жүн өгүүлрүүн: - Чи ер яахин ийм ичингүүр үгүй нүүртэй болов хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Гэм үгүй дүү Ли Гүй-д шаазанд хийж өгөгтүн. Бид хоёрт хундагад хийгтүн хэмээсэнд зардас Сүн Жян Дай Жүн хоёрт бага хундагад архи хийж Ли Гүй-д их шаазанд хийж өгөв. Тэр гурав ууцгааж маш сайн архи юутай амттай хэмээн ихэд уусны хойно
Ли Гүй өгүүлрүүн: - Мунхаг дүү нь нүд буй боловч харахгүй тул арга үгүй эдүгээ бодвоос Сүн Жян ахын алдрыг хэдийн сонссон боловч чухамхүү энэ мэт амьтныг туслахыг сонссонгүй Өчүүхэн надад мөнгө арван лан хайрласан нь маш их хүнд хишиг. Эдүгээ үүнийг үзэхүл ах Сүн Жян-тай бид гурав ах дүү болж хүж бариваас сайн хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Болно дүү бүү яарагтун хэмээгээд Дай Жүн-д өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүүгээс гуйх нэгэн хэрэг нь муу. Ах чиний хол газраас ирсэн бөгөөд энэ хотод загас худалдах пүүс байна уу. Хэрвээ байваас нэгэн шинэ загасны шөл ууваас сайн билээ хэмээсэнд
Дай Жүн өгүүлрүүн: - Энэ хотод юу элбэг буюу хэмээвээс загас элбэг. Өдөр бүр онгоц явж загас гөрөөлөх Шүнь Ян Жань мөрөн тул загас нь үнэхээр амттай хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс энэ пүүсэнд хэлж нэгэн сайн загасны чанаж шөлний хамт авчрагтун хэмээсэнд тэр пүүсний зардас загас авчирч өгсөнд Сүн Жян даруй савх авч амтлаад идсэний хойно Ли Гүй даруй хар гараар савардан авахад Сүн Жян хэлье. Хэцүү үл хэлэх болохгүй тул дуу үгүй сууж байгаад ийн өгүүлрүүн: - Дай Жүн дүү загас шинэ загас бус хуучин загас баймуй хэмээхэд энэ учрыг Дай Жүн мэдээд өгүүлрүүн: - Энэ загас үнэхээр хуучин шөлний амт мөн ч муу хэмээсэнд
Ли Гүй өгүүлрүүн: - Та хоёр голж үл идэх аваас би идсүгэй хэмээгээд арван хуруугаар савардан яс махны хамт цөм идэж барсанд Сүн Жян өгүүлрүүн: - Чи өлссөн буюу хэмээсэнд Ли Гүй өлсөв хэмээсэн тийм бөгөөс чамд мах чануулж өгөх хэмээгээд архины пүүсний зардасыг дуудаж үхрийн мах буй бөгөөс гурван жин мах чанаж авчрагтун. Мөнгийг би өгсүгэй хэмээсэн тэр архины пүүсний зардас өгүүлрүүн: - Үхрийн мах үгүй хонины Мах буй хэмээсэнд тийм бөгөөс хонины мах гурван жин чанаж авчрагтун хэмээсэнд архины пүүсийн зардас авчирсан өгснийг Ли Гүй цөм идэж дуусмагц Сүн Жян магтан өгүүлрүүн: Үүнийг үзвэл үнэхээр баатар эр ажгуу хэмээтэл тэр Ли Гүй архины пүүсний зардасыг шаазантай шөлөөр цацаж ийн өгүүлрүүн: Ийм их архины пүүс бөгөөд үхрийн мах үгүй хэмээн худал хэмээх ямар ёс хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: Мэргэн дүү бүү энэ архины пүүсийн зардас лугаа цуугилд. Чи нь сайн эр муу хүмүүн лүгээ хэлэлцвээс эм хүмүүний тоонд ормуй хэмээхэд Ли Гүй өгүүлрүүн: - Ахын хэлэх зөв миний санаа чадлыг цөм мэдэж хэмээсэнд
Дай Жүн өгүүлрүүн: - Ли Гүй чи эдүгээ бүү түйвээгтүн. Бид сайхан сууж архидаад хариваас барав хэмээхэд Ли Гүй сая нам болж тавдуу суув. Тэндээс Дай Жүн архины пүүсний зардасыг дуудаж ийн өгүүлрүүн: - Энэ ойр онгоц бүхий газар шинэ барьсан загас буй буюу хэмээсэнд зарда өгүүлрүүн: - Ойр онгоцонд буй үгүй хоёрыг би мэдэхгүй хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Танай пүүснээс нэгэн хүмүүн илгээж онгоцны дэргэд очиж хоёр бүхэл загас худалдан авч ирэгтүн хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Энэ муу адгуус нар яахин олж чадмуй. Би очоод амьд загас олж ирсүгэй хэмээсэнд Дай Жүн Сүн Жян нар хориглон өгүүлрүүн: - Чи бүү очигтун. Бэлхэнээ архины пүүсний зардас байхад чи юу хиймүй хэмээхэд би хэрхэвч очмуй хэмээгээд шууд гарч нарийн зам хөөн Шүнь Ян Жань мөрний зүг явав. Үүнд Дай Жүн Сүн Жян-д өгүүлрүүн: - Ах чи бүү над лугаа гомдогтун. Би энэ хүмүүнийг ах та лугаа танилцуулах хэмээсэн санаа огт үгүй үүний төлөө би ичингүйрч үхэх шахав хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү чи сонс. Эртний үг хүмүүнийг Ямар янзтай төрөх нь тэнгэрийн тогтсон хувь төрж гарсан хойно уг төрлөө дагах нь хүмүүний гол ёс хэмээсэн биш үү. Тиймийн тул үүнийг уг төрсөн төрх нь энэ болбоос чи бид хоёр байтугай эзэн хаан ч чадахгүй гэм үгүй би харин үүнд хайрт дотроо их баярлаж баймуй хэмээн хэлэлцэхийг бүү өгүүлэн өгүүлэх нь, Ли Гүй тэндээс гарч яваад Шүнь Ян Жань мөрөнд хүрч очоод үзвээс ная ер шахам онгоц баймуй. Түүний дэргэд онгоц үзвээс тэдгээр онгоц зарим нь архидаж баймуй. Зарим нь унтаж баймуй. Зарим нь загас барьж дур тавьж баймуй.
Үзвээс наран шингэх шахам цаг болж үүнд Ли Гүй онгоцны дээр гарч өгүүлрүүн: - Та нар над хоёр амьд загас худалдан өгсүгэй хэмээхэд тэдгээр өгүүллрүүн: Бид дур мэдэн худалдан чадахгүй уг эзэн ирэхийг хүлээгтүн хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Би хүлээж чадахгүй эзэн хэмээх юу хэмээгээд онгоцны дээр зоригоор гарч загас эрвээс ер үгүй тул нууж тэжээсэн загасны уурхайг нээж загас бүхнийг тавив. Үүнд тэр олон загасны эзэд цөм уур нь хүрч Ли Гүй-г занчих хэмээн зэргээр давшлан ирэхэд Ли Гүй тэд нарын барьсан сэлүүр модыг их төлөв булаан аваад хугалж хаяад бас аргамжсан онгоцны олсыг хутгаар огтолж цөм мөрөнд урсгаад Ли Гүй хуурай газар гарч өмсөж явсан цамцаа тайлж бүслээд алчуураар толгойгоо боож нэгэн их сэлүүр мод барин зогсож байв. Тэндээс тэдгээр онгоцны эзэд тус тус айж нэгэн хэсэг газар цугларан байтал нарийн замаар нэгэн хүмүүн ирэв.
Түүнийг тэр онгоцны эзэд үзээд зүрх нь бага амарч сэтгэл нь тайтгарч Ли Гүй-г хараан өгүүлрүүн: - Чи ямар аймшиггүй бидний онгоцыг урсгаж биднийг занчив хэмээн хэрэлдэн байтал, тэр нарийн замын хүмүүн ирэв. Үүнийг Ли Гүй үзвээс өндөр нь зургаан чи насны байдал нь гучин хэдэн нас, толгойд хар шаан алчуур ороосон, биедээ цагаан цамцтай, давуу гуталтай, гартаа барьсан нь одгүй жин тэр хүмүүн ирээд жингээ бусад хүмүүнд өгөөд өөрийн бие Ли Гүй-ийн дэргэд ирж ийн өгүүлрүүн: - Зальхай хулгай чи аль газрын хүмүүн ямар учир яахин манай худалдааны онгоцны газар ирж түйвээгээд бас онгоцыг урсгаж бүрэлгэв хэмээхэд Ли Гүй хариу юу ч өгүүлсэнгүй барьсан сэлүүрээ далайн тэр хүмүүний толгойн тус тавихаар завдав. Үүнд тэр хүмүүн тосож аваад, Ли Гүй-ийн толгойн үснээс барьж хоёр хөлөөр Ли Гүй-ийн онгоцыг эрж нисүүлэх хэмээсэн билээ. Ли Гүй яахин дийлмүй. Энэ Ли Гүй угаас төмөр үхэр цолтой дээр усны үхрийн тэнхээ бий тул дийлэхгүй үүнд энэ хоёр нэлээд ноцолдож Ли Гүй тэр хүмүүний толгойноос барьж аваад нэгэн гараар түүний биеийг занчсан чимээ нь хэнгэрэг дуугарах мэт байсан тэр хүмүүн цухалдаж байтал Ли Гүй-ийн араас нэгэн хүмүүн тэврэн авав.
Үүнийг Ли Гүй хэн яахин намайг барив хэмээн эргэж үзвээс тэр нь Жей Ги Сүн Жян хоёр хүрч ирээд Ли Гүй-г барьж авав. Үүнд Жей Ги өгүүлрүүн: - Чамайг энд бүү ирэгтүн хэмээн хичнээн хэлэв. Чи үгэнд орохгүй явж ирээд харин хүмүүнийг занчих буюу чиний энэ манчуураг адил гарын чанарыг тэр хүмүүн яахин тэсмүй. Чи хүмүүн албаас бид холбоот болой хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Би нь эд нараас загас худалдан авах хэмээсэнд харин эд хариуцан над худалдахгүй хэмээмүй. Тиймийн тул би эд лүгээ эр эмээ үзэлцье хэмээж байтал та нар ирэв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Дүү чи бүү хүмүүн лүгээ хэрэлдэн занчилдагтун хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Ах нар ирсэнгүй бөгөөс тэр нохойн зулзагыг занчиж алаад усанд хаях хэмээсэн билээ. Харин тэр зол тохиолдож амь зугтан гарав хэмээсэнд Сүн Жян түүнийг үнэхээр баатар тэнэг их зүрхтэйг мэдэж маш зовон өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү одоо явсугай, цамцаа өмсөгтүн. Архины пүүсэнд очиж архи уусугай хэмээсэнд Ли Гүй даруй дагаж хотын зүг явав.
Тэндээс эднийг арван хэдэн алхам газар явтал усны захад нэгэн нүцгэн хүмүүн толгойгоо алчуураар ороосон хүмүүн гарч Ли Гүй-г хараан өгүүлрүүн: - Хав хар нүүртэй хар адгуус харин аймшиггүй миний мөрний захад аргамжсан онгоцны тавьж урсгах нь ямар ёс, чи сайн эр бөгөөс бүү яв хэмээсэнд Ли Гүй уур нь тэсэж ядтал хүрч өөрийн цамцаа урж хаяад шууд түүний дэргэд очвоос тэр хүмүүн цав цагаан биетэй онгоцны дээр гарч Ли Гүй-г элдвээр харааж уурыг нь хүргээд үл болох тул Ли Гүй түүний онгоцны дээр харайн гарч Ли Гүй лүгээ хэрэлдсээр байтал тэр хүмүүн онгоцоо даруй эргүүлэн сэлүүрдэж Ли Гүй-г мөрний захаас аван явав.
Тэндээс тэр хүмүүн усны дунд газар очиж онгоцоо нгэн хөлөөр хүчлэн гишгэсэнд тэр онгоц даруй хөмрөн Ли Гүй-г усны дотор хийв. Тэндээс Сүн Жян Дай Жүн хоёр хөөрхий Ли Гүй хэмээхээс өөр яахим. Иймийн тул энэ хоёр усны дотор нэгэн нь цав цагаан бие, нэгэн нь хав хар бие үүнийг далайн захад байсан хүмүүн нар үзээд энэ хав хар биетийг ийнхүү наадах нь үнэхээр сайн үнэр сайн хэмээн цөм зэргээр бархиралдахад Сүн Жян Дай Жүн-д өгүүлрүүн: - Дүү чи энэ газрын хүмүүн тул эрхбиш эднийг таних буй за. Чи гуйж Ли Гүй-г уснаас гарч амийг авбаас сайн асан хэмээгээд энэ цагаан хүмүүн хэн гэгч нэртэй хүмүүн буй хэмээсэнд тэдгээр олон хүмүүн өгүүлрүүн: - Энэ хүмүүн энэ загасны эзэн Жан Шүнь хэмээдэг хэмээсэнд Сүн Жян унтсан нойроос сэргэсэн адил болж ийн асууруун: Энэ хүмүүн далайд зоригоор явах цагаан бие Жан Шүн хэмээгч мөн буюу хэмээсэнд тэдгээр цөм мөн мөн хэмээн тус тус хэлэв. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс энэ Жан Шүнь-ий ах Жан Хан хэмээгч над лугаа хүж барьсан дүү энэ Жан Шүнь-дээ илгээсэн нэгэн захиа одоо миний суух гэрт баймуй хэмээсэнд Дай Жүн энэ үгийг сонсоод далайн захаас өндөр дуунаар өгүүлрүүн: - Жан Шүнь чи бүү гар хөдлөгтүн. Чи тэр хүмүүнийг нааш авчрагтун. Чиний гэрийн газраас ах Жан Хан-аас чамд нэгэн захиа ирж чи тэр бид хоёрын дүү Ли Гүй-г гаргаж амийг нь аврагтун хэмээснийг Жан Шүн сонсоод тэр Ли Гүй-г усанд орхиж өөрийн бие гарч ирээд ийн өгүүлрүүн: - Дарга ах чи бүү над гомдогтун хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Би чамд юунд гомдмуй. Гагцхүү чиний гэрийн газраас захиа хүргэж ирсэн хүмүүн энэ, чи урьд Ли Гүй-г авчирч гаргагтун. Чад бид учрыг хэлж захиаг өгсүгэй хэмээсэнд Жан Шүнь дахин усанд орж Ли Гүй-г үзвээс үхсэн амьд хоёрын хооронд баймуй.
Үүнд даруй нэгэн гараар чирэн авчирч мөрнөөс гаргав. Тэндээс олон хүмүүн алгаа ташин маш инээлцсэн нь хэлж хэрэг үгүй. Үүнд Сүн Жян үзвээс үнэхээр усны эрдэмтэй загас адил явах хүмүүн урьд шөнө ах Жан Хан далайд загас адил явах Жан Шүнь цагаан биет хэмээн магтаж байсан нь үнэхээр нийлэлцэв. Ли Гүй-ийн гэдэс хэнгэрэг адил хоёр нүд нь цэхэр, амнаас нь ус цувран газар хэвтэж баймуй. Тэр Жан Шүнь Ли Гүй-г ус гаргаад Сүн Жян Дай Жүн хоёрт ийн өгүүлрүүн: - Эдүгээ өчүүхэн хүмүүний ах Жан Хан-аас ирсэн захиа одоо хаана баймуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүүг энд буй хэмээн мэдсэнгүй тул авчирсангүй. Эдүгээ тэр захиа минь сууж буй гэрт баймуй. Бид Ли Гүй-г сэргэхийг үзэж боссон хойно хамт явж хотод очоод авч өгсүгэй хэмээн хэлэлцэн байтал Ли Гүй удалгүй гэдэсний ус нь урсан гарч дуусаад амьсгал орж босон ирэв. Үүнд Сүн Жян Дай Жүн нар маш баярлан эдүгээ бид дөрвүүл явж Пи Бэ Тянь-д очиж архидан найрласугай хэмээхэд Жн Шүнь даруй нэгэн дээл олж өмсөөд Ли Гүй-д нэгэн цамц гуйн олж өгөөд бүгдээр мөрний захаас гарч Пи Бэ Тянь-д хүрч ирэв. Тэндээс Дай Жүн Жан Шүнь-д өгүүлрүүн: - Эрхэм дүү чи энэ Ли Гүй-г урьд таних буюу хэмээсэнд Жан Шүнь өгүүлрүүн: - Би үл танимуй. Хэрвээ таних болбоос яахин үүн лүгээ усны наадам хиймүй хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Чи энэ өдөр усаар миний амийг бусниулахад хүрэв. Хожим хуурай газар над лугаа бүү тохиолдвоос барав. Энэ өдөр чи хүсэл чинь ханав уу хэмээсэнд Жан Шүнь өгүүлрүүн: - Ли Гүй чи над бүү гомдогтун. Энэ өдөр чи усны олон хүмүүний онгоцыг урсгаж тавьсан нь ямар ёс тиймийн тул чамд нэгэн дүрэм үзүүлье хэмээсэн билээ. Чи бас намайг занчиж өсөө авав уу. Хожим би усанд хүлээсүгэй хэмээн хэлэлцэхэд Дай Жүн өгүүлрүүн: - Жан Шүнь чи энэ хүмүүнийг таних буюу хэмээн Сүн Жян-ыг хуруугаар заан хэлсэнд Жан Шүнь өгүүлрүүн: - Өчүүхэн би үл таниму хэмээсэнд Ли Гүй яаран завсраас өгүүлрүүн: - Энэ хүмүүн Шаньдун мужийн хар нүүрт Сүн Жян хэмээдэг хэмээн дэвхцэн бархиарахд Дай Жүн өгүүлрүүн: - Ли Гүй чи дуугүй суу. Бид хэдэн үг хэлэлцье хэмээсэнд Ли Гүй нам сууж байв. Тэндээс Сүн Жян Жан Шүнь-д өгүүлрүүн: - Эрхэм дүүгийн алдрыг эрт сонслоо. Гагцхүү хааныг мэдсэнгүй харин энэ өдөр зол тохиолдож учрав хэмээсэнд Жан Шүнь газар сөгдөж ийн өгүүлрүүн: - Эрхэм ахын алдрыг би бас эрт сонссон боловч учрах хувь үгүй эдүгээ хүрэв. Харин тэнгэр өршөөж энэ өдөр учрав хэмээгээд мөргөсөнд Дай Жүн өгүүлрүүн: - Жан Шүнь энэ ах болбоос чиний төрсөн ах Жан Хан лугаа хүж барьсан ах дүү билээ. эдүгээ чамд өгөх захиа хотод буй. Чи аажим үзэгтүн хэмээсэнд Жан Хан даруй хүлээв.
Тэндээс Сүн Жян зам явж ирэхэд Ли Жюнь хэмээх хүмүүн бас Мү Хун хэмээх ах дүү хоёр мөн. Жан Хаан нар лугаа мөрөн дээр танилцаж хүж барьснаа нэгд нэгээр хэлсэнд Жан Шүнь маш баярлав. Тэндээс Дай Жүн өгүүлрүүн: - Жан Шүнь энэ Сүн ахыг энэ өдөр би Пи Бэ Тин-д залж бага архи барьсанд Сүн ах нэгэн шинэ загасны шөл ууя хэмээсэнд архины пүүснээс нэгэн шинэ загас авч чанасанд тэр загас хуучин шөл муу тул ах идсэнгүй. Иймийн тул мөрнөөс шинэ загас зардасаас илгээж худалдан авхуулах гэтэл энэ тэнэг Ли Гүй очиж ийм хэрэг гаргав хэмээсэнд Жан Шүнь өгүүлрүүн: - Сүн ах шинэ загасны шөл ууя хэмээвээс мунхаг дүүг явж хэдэн амьд загас авчирч хоёр ахдаа шөл барьсугай хэмээсэнд гайхал Ли Гүй мөн Жан Шүнь-ийг дагаж хамт явах хэмээсэнд
Дай Жүн өгүүлрүүн: - Би чамайг урьд очих тухайд их хориглосон нь чи болсонгүй яваад хүмүүн лүгээ хэрэлдэн занчилдаад усаар гэдсээ цатгаад эдүгээ бас сайн цатгаагүй тул дахин ханаж цадах хэмээмүй хэмээсэнд Жан Шүнь, Ли Гүй-ийн толгойг илбэж хөөрхий яах буюу. Сүн ахдаа загас олж ирэхийг хичээж ийм хэрэг болсон буй за хэмээн инээхэд бүгдээр тачигнатал инээлцэв. Үүнд Жан Шүнь тэр Пи Бэ Тин-ээс Ли Гүй-г дагуулан хамт мөрнөөс амьд загас авчрах хэмээн гарахад инээн эдүгээ бид хоёр тэр олон онгоцны хүмүүнд юу хэмээн хэлмүй хэмээгээд хамт явав.
Удсангүй мөрний захад хүрч олон онгоцны ардад ийн өгүүлрүүн: - Та нар Жинь Юй хэмээх алтан загас барьсан хүмүүн байна уу хэмээсэнд тэр олон онгоцны хүмүүн хэн аймшиггүй үл баймуй хэмээмүй, цөм буй хэмээн би ч нэг хоёр чи ч нэг хоёр хэмээсээр бүгд хоёр зуу илүү загас цуглав. Үүнд Ли Гүй маш уур нь хүрэв. Яахин уур хүрэв хэмээвээс над урьд үнэлэн авъя хэмээхэд үл өгөх бөгөөд эдүгээ Жан Шүнь-д харин хүмүүн бүр Жинь Юй хэмээх алтан загас авчирч өгөв. Үүнийг үзвээс надад дүрэм үзүүлэх билээ. гагцхүү Жан Шүнь ирсэн тул үл болмуй хэмээн сэтгэж байтал Жан Шүнь тэр хэдэн зуун загаснаас дөрвөн бүдүүн Жинь Юй хэмээх алтан загасыг шилж аваад Ли Гүй-д тушаан өгч үүнийг түргэн Пи Бэ Тин-д аваачиж угаан цэвэрлээд чанаж бэлтгэ хэмээн явуулаад удсангүй өөрөө хойноос дагаж ирээд Сүн Жян Дай Жүн хоёрт ёслол загас авчрав хэмээн бүгд дөрвөн загас авчирсанд
Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү Жан Шүнь-ийн хүчээр шинэ алтан загасны шөл уух болов. Энэ нь хүнд ач хэмээн ёсолсонд Жан Шүнь өгүүлрүүн: - Энэ ямар их ач хэмээмүй. Өдөр бүр хэдэн зуун алтан загас идье хэмээвээс өчүүхэн дүүгийн чадал ах дураараа зооглогтун хэмээгээд архины пүүсний тэргүүлэгчийг дуудаж Жан Шүнь өгүүлрүүн: - Таны пүүсэнд сайн архи байваас нэгэн их ваар авчрагтун. Бас мөрний элдэв ногоо жимс тэргүүтэн буй аваас цөм дийз тавагт хийж ширээн дээр тавь. Мөн миний авчирсан загасыг усанд чанахгүй архиар жигнэж архины зууш хиймүй хэмээсэнд тэр архины пүүсний тэргүүлэгч ёс ёсоор бэлтгэж ширээн дээр тавьсанд тэдгээр дөрвүүл дэс дараалан ах захаар ёслон сууж архи ууж өөр өөрийн гэдэс дотор санасан бодсон явсан хайснаа тус тус хэлэлцэн байтал нэгэн эм хүмүүн орж ирэв.
Үүнд энэ эмийг үзвээс арван долоон насны хэр цэвэрхэн гоо сайхан эм энэ хүмүүн орж ирээд тэд нарт ёслон хөгжим өргөсөнд Сүн Жян, Дай Жүн, Жэн Шүнь энэ гурав тэр эмийн дууг чагнан байв. Үүнд Ли Гүй урьд тийм ажил хийж сайн явсан ба хүмүүнийг занчиж алсан зэрэг бас өөрийн хүч чадлаа магтан хэлье хэмээтэл энэ гайхал эм орж ирээд үг хэлэлцүүлэхгүй саад хийв хэмээн маш уур нь хүрч цээжиндээ үл багтах болсонд Ли Гүй аргагүй тэсэн ядаж босон ирээд тэр эмийг хоёр хуруугаар толгойн тус ухархайн дэргэд хатгасанд тэр эмийн ухархай нь бага хагарч газар үхэтгэн унав. Энэ охин нь уг зүс нь улаан ягаан бөгөөд уруул ам нь үнэхээр үзэсгэлэн гоо сайхан биетэй өмссөн нь хар шангийн дээл үсэндээ хатгасан нь алт мөнгөний чимээ арга буюу Ли Гүй түүнийг хоёр хуруугаар хатгаж алсан тул тэр гурав маш айн гайхаж архины пүүсний тэргүүлэгчийг дуудаж энэ учрыг хэлсэнд тэр архины пүүсний тэргүүлэгч өгүүлрүүн: - Эдүгээ манай пүүсэнд ийм их хэрэг гарсан нь хэрхэвч газар орны сайдад мэдүүлэхгүй үл болмуй. Та дөрөв явж болохгүй хэмээв.
Энэ нь үлгэрлэвээс нэгэнт шатааж барсан хүжийг хойноос хайран хэмээн гаслах юу. Хурааж цугларуулсан хас чулуугаар сайн эдлэл үл хийх ахул хадалсан хэрэг юу. Тогорууны махыг авчирч чанах нь үнэхээр жигтэй. Ян Чин хэмээх хуур наадмыг галд шатааж бүрэлгэх нь үнэхээр хайран үүнээс хэрэг бүхэн гармуй хэмээжээ. Үүнд Сүн Жян, Дай Жүн, Жан Шүнь, Ли Гүй энэ дөрвүүл үзэсгэлэн эмийг алсан нь үнэхээр аймшиг тул, архины пүүсний Пи Бэ Тинээс яахин амь сугаран гарахыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )