Н.Энхбаярын тэжээсэн “Бяруу”-нууд удахгүй шүүх танхимд мөргөлдөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22


 

С.Молор-Эрдэнэ гэгч залуу их улс төр рүү Н.Энхбаяр ахынхаа хормойноос зүүгдэн орох гэж хэсэг туйлсан. Н.Энхбаярыг Ардын намаасаа өрх тусгаарлан МАХН гэсэн товчлол бүхий  намын  нэрийн төлөө Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хүртэл дээш харайх хооронд харин тэр нэг л өдөр нүүр буруулсан юм. Герман боловсролтой, философич мэргэжилтэй С.Молор-Эрдэнэ үүнийгээ “Н.Энхбаярын улс төрийн тэмцэл хэтэрхий бүдүүлэг тал руугаа хандсан тул би түүнээс жаахан холдсон” гэх маягаар тайлбарлаж байна. Гэхдээ одоо бас л бүрэн хөндийрч чадаагүй байгаа бололтой.  МАХН хэмээх гайтай нэр, түүнийг тойрсон “реклам сурталчилгааны материал ашигласан” гэх хэргээр Н.Энхбаярынхаа нэрийн өмнөөс шүүхэд дуудагдаад байгаа. Сүхбаатар дүүргийн шүүхээр тэр Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй удахгүй халз тулаан хийнэ. С.Молор-Эрдэнээс Ардын намынхан намын маань хуучин нэр, лого мэтийг ашигласан хэмээх гомдлоо барагдуулахаар У.Хүрэлсүх нь тус шүүхэд өгсөн байв. Энэ хоёр залуу хоёулаа Н.Энхбаярын тэжээсэн “бяруу” гэж хэлж болно. С.Молор-Эрдэнийн хувьд сүүлийн үед ном бичиж, хаяа лекц унших ажилтай яваа гэсэн. У.Хүрэлсүх бол түүний дэргэд хашир суусан “бухан бяруу” болохоо харуулж чадсан “том” эр. Мэдлэг боловсролоор харин С.Молор-Эрдэнийн дэргэд жаахан жулдах байх. Үүнийг нь тэдний энд тэнд хэвлэлүүдэд өгсөн ярилцлагуудаас бэлхнээ тандаж болно. У.Хүрэлсүхээс барууны орнуудын шинэ цагийн оюуны чадамжийн үнэр бус Монголынх нь шороо тоостой гудамжны бохирдуу юм хамар цоргих болов уу. Юутай ч “Нэг эцгийн” хоёр “Хүү” шүүх дээр уулзах гэж байна. Хэн нь ялагч болохыг шүүгчид тогтооно. Аль зэрэг тоос татуулахыг нь тухайн өдрийн өнгө, цог заль тодорхойлох болов уу. Харин “Бяруу”-нуудын мөргөлдөөн шүүх танхимаас гарсаных нь дараа хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа хэлээд өгнө.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top