“Хар жагсаалт”-аас гарснаар Европын банкуудтай харилцаа тогтоох боломж бүрдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Монгол Улс Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гарсан талаар мэдээлсэн билээ.

Тодотгоход, Европын Комиссоос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг Европын Холбооны 2015/849 дугаартай тогтоолын шаардлагуудын дагуу үнэлж, дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

“Европын Комиссоос холбогдох мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэв. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо үр дүнтэй байдлыг бэхжүүлж, ФАТФ-ын илрүүлсэн стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлж ажилласан. Эдгээр арга хэмжээ нь хангалттай өргөн цар хүрээтэй ажил болсон бөгөөд Европын Холбооны 2015/849 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд заасан стратегийн дутагдлыг бүрэн арилгах шаардлагыг хангасан байна” гэж үзжээ.

Монгол Улсыг Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гаргаснаар Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх, Европын Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top