Монгол Улс түүхэндээ анх удаа цагаан алт цэвэршүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Монгол, Казахстаны тал Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд 2020  онд гарын үсэг зурсан.  Үйлдвэр барих төслийн явцын талаар "Эрдэнэс Алт ресурс" компаниас дараах мэдээллийг өгч байна.

-Засгийн газрын 2020-2024 оны үйл  ажиллагааны хөтөлбөрт Үнэт металл цэвэршүүлэх  үйлдвэрийг 2023 оны гуравдугаар улиралд  ашиглалтад оруулахаар тусгасан. Үйлдвэрийн  хөрөнгө оруулалтыг шийдсэнээс хойш 12 сарын  дотор бүрэн ашиглалтад орох ёстой боловч цар  тахлын улмаас хөрөнгө оруулалтын асуудал  тодорхойгүй хугацаагаар сунжрах хандлагатай  болоод байна. Гэвч бид  тусгай  зөвшөөрөлд тулгуурлан өөрсдийн дотоод эх  үүсвэрээр хөрөнгө оруулалтаа шийдвэрлэхээр  ажиллаж байна.  Төслийг эдийн засгийн үр өгөөж гэхээсээ  илүүтэйгээр стратегийн ямар өндөр ач  холбогдолтой гэдгийг нь онцлох хэрэгтэй болов уу  гэж бодож байна. Гадаадын сайн туршлагаас үзвэл “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд  жилд таваас дээш тонн үнэт металл цэвэршүүлдэг  үйлдвэр ашигтай ажилладаг гэсэн тооцоо бий.  Манай үйлдвэр жилд 75 тонн үнэт металл  цэвэршүүлнэ. Салхитын орд ашиглалтад орсноор  бид жилд 25-30 тонн мөнгө цэвэршүүлэх боломж  бүрдэж байна. Мөн мөнгөний ордуудад цагаан  алтны бүлгийн металл өндөр хувиар агуулагдах  магадлал байдаг бөгөөд Монгол Улс түүхэндээ  анх удаа цагаан алт цэвэршүүлэх гэж байна.  

Төслийн хамгийн чухал стратегийн ач  холбогдол нь үндэсний мөнгөн тэмдэгтийн  тодорхой хувийг алтаар баталгаажуулах  боломжийг нээж, эдийн засагт хүндрэл учруулдаг  гадаад валютаас ирэх дарамтыг багасгаж буйд  оршиж байгаа юм. 

Мөн олон улсын стандартад нийцсэн өндөр  технологийн дагуу 99.99 хувийн сорьцтой алтан  гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, гоёл  чимэглэл, электрон техникийн бүтээгдэхүүний  түүхий эд үйлдвэрлэх боломж нээгдэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top