"Хүмүүс адилхан цаг хугацаанд амьдарч буй атлаа зарим нь түүхийг бүтээж, үлдсэн нь тэднийг харж амьдардаг. Бидний амьдрал зөвхөн дурсамж үлдээхэд бус, түүх бүтээхэд зориулагдах ёстой”. 10 жилийн өмнө гаргасан номондоо тэр ингэж бичжээ. Харин өдгөө тэр түүхийг бүтээж, бусад нь түүнийг ажиглан харж байна.
АЛСЫН ХАРАА
Зорилгоо олсон хүн хоёр янзын зам туулдгийг бид мэднэ. Нэг нь аль болох амар хялбар, дардан замыг эрж хайдаг бол нөгөө нь бартаа саад ихтэйг үл харгалзан урагш зүтгүүлдэг. Амар хялбар, дардан замыг сонгосон хүмүүсийн зорилго нь ихэнхдээ жижиг, өчүүхэн байдгийг анзаарч болно. Тэд үнэндээ том зорилго тавьдаг ч түүний замд хөндөлсөх эрсдэлүүдээс айдаг. “Их юм санаж явж байж, одоо байгаагаасаа улам дордож, хамраараа газар хатган унаж мэднэ. Тэгснээс энүүхэндээ ингэсхийгээд өөртөө хал балгүй явж байсан нь өлзийтэй” гэж бодно. Эсрэгээрээ том зорилготой хүмүүс эрсдэлээс огт айдаггүй. Тэд бол хаана хүрэхээ сайн мэддэг хүмүүс юм. Замд нь тохиолдох саад тотгор, бэрхшээлийг тэд айдас гэж биш, харин ч бараг боломж гэж хардаг. Амжилттай хүмүүсийн амжилтгүй хүмүүсээс ялгардаг гол ялгаа энэ. Уулын оройг харж чадсан хүн л тэнд хүрэх зоригийг олдог. Үүнийг бид зорилго гэж нэрлэдэг билээ.
Сүүлийн үед алсын хараа буюу “Vision” гэж их ярих болсон. Алсын хараатай хүн амжилтад хүрдэг гэсэн номлол ч энд тэнд тааралдах нь элбэг. Алсын хараа, зорилго хоёрыг манайхан хооронд нь хольж хутгах юм уу, эсвэл нэг зүйл гэж ойлгоод байдаг талтай. Зорилго ихэнхдээ үр дүнд чиглэсэн байдаг бол алсын хараа илүү тасралтгүй үйл явцад чиглэсэн байдаг л даа. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн зорилгуудын гинжин хэлхээг алсын хараа гэж нэрлэж болмоор санагддаг. Зорилго бол та хүссэн үр дүнгээ авахын тулд юу хийх ёстойг хэлж буй маш тодорхой зүйл. Харин алсын хараа бол яг ч тийм тодорхой, барим тавим багцаалдахаар эд биш.
Алсын хараа гэж юу болох, энэ нь яагаад зорилгоос илүү чухал вэ гэдэгт ганцхан хариулт хэлье. Зорилгыг хэмжиж болдог. Бас зорилгодоо нэгэнт хүрсэн бол тэр зорилго таны цаашдын амьдралд дахин хэрэг болохгүй. Алсын харааг бол хэмжих аргагүй. Тэр таны төсөөлөн бодох чадварын хэрээр тэлж байдаг зүйл.
Зорилго бидэнд юу хийхийг минь хэлж өгдөг, гэхдээ яагаад үүнийг хийх ёстойг хэлдэггүй. Энэ бол зорилго дангаараа амьдралын утга учир болж чадахгүй гэдгийн нотолгоо. Харин алсын хараа бол чадна. Үүнийг их эрт буюу Бэрх тосгоны буйдхан гудамжинд гүйж явахдаа, “Бэрс” сургуулийн бичгийн ширээ тохойлдон сууж байхдаа л ухаарч ойлгосон залуугийн тухай энд өгүүлэхийг зорьлоо.
Алсын хараа нь түүний амьдралыг өөрчилсөн. Тэгвэл одоо тэр бусдын алсын харааг өөрчлөхөөр тэмүүлж явна. Тэр хаа байсан 2005 онд “Алсын хараа” гэж ном гаргаж байв. Үүнээс 10 жилийн дараа “Азийн хүлэг улс” гэх номоо бичиж, алсын хараагаа улс орны хүсэл тэмүүлэлтэй холбов. Харин 2020 онд тэр “Алсын хараа 2050” гэх Монгол Улсын төрийн бодлогын алсын харааг тодорхойлов.
Одоо та хэний тухай өгүүлж буйг шууд тааж чадна. Тэр бол Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ юм. Өдгөө түүний туг барих алтан цаг тохиож буй. Гэвч энэ цагийг тааруулахын тулд тэр их эртнээс агшин хором, минут секунд бүрийг өөрийн хүсэл мөрөөдөлдөө зориулсан юм. Үүнийх нь төлөө барьж яваа тугаа бүү газар унагачихаасай гэж туйлаас хүснэ. Яагаад гэвэл, одоо цагийг бүтээх учиртай залуучууд, ирээдүйгээс итгэл тээн наашилж яваа шинэ үеийнхэнд үлгэр жишээ, урам зориг хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн гарт зүгээр ч нэг улаан өнгөтэй, намын логотой дарцаг намирч байгаа юм биш. Урагдвал нөхөж болохгүй, унавал буцааж босгох аргагүй залуу үеийн итгэл найдвар, эх орны ирээдүйгээс бүтсэн улсын минь далбаа намирч байгаа. Тиймээс л Л.Оюун-Эрдэнэ гэх хувь хүний амбиц, алсын хараа гээгдэж, улс орны алсын хараа, Азийн хүлэг улс болох амбиц л одоо үлдсэн. Түүний цаг явж эхэлсэн.
СҮҮЛЧИЙН ГАНЦ МОГИКАН
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ гэвч оногдсон цагаа зөв, үр бүтээлтэй ашиглаж чадаж байна уу гэдэг тусдаа асуудал. Хүмүүсийн үзэл бодол энэ тал дээр өөр өөр. Гэхдээ дүн гарах болоогүй.
Түүнийг төрд хийсэн ажил, туршлагаараа ЗГХЭГ-ын дарга болоогүй гэсэн хандлага зонхилдог. “60 тэрбум”-ын хэргийг нийгэмд сэвж, УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаас нь ховхруулахад оройлон зүтгэснийх нь төлөө шагнал болж ирсэн албан тушаал гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ энэ шагнал эзнээ олоогүй гэж бол хэн ч хэлэхгүй.
Засгийн газрын гал тогоог хариуцдаг уг албан тушаалыг тухайн цаг үеийн аль сортоотой, золбоотой улстөрчдөд оноож ирсэн. Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн ээлж тохиосон хэрэг. Түүнийг хэтэрхий олон асуудал руу үсчсэн, хэл амаа билүүдсэн, хэрүүл зарга бүхэнтэй очиж зууралдсан байдлаар ажлаа явуулж байна гэх шүүмжлэл бий. Үнэхээр ч ид ирэн дээрээ яваа залуу хүний хувиар аагархаж бяралхаж байгаа янз маяг хааяа их тод илэрдэг. Бусдын өмнүүр орж, юм л бол уралцах гээд байдаг сүүл өөдөө нохой шиг авирлах нь улс төрийн хувьд тодрох гэсэн оролдлого гэж ойлгож болох юм.
ЗГХЭГ-ын дарга хүн Ерөнхий сайдын тэргүүлэн манлайлах чиг үүргийг дэмжиж ажиллахаас биш, танхимын бусад сайд нараасаа онцгойрч, тодроод байх зохисгүй. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд одоогоор оролцохгүй асуудал гэж алга. Өөрөө үүнийгээ тайлбарлахдаа “Коронавирус гараад хэцүү байхад улс төрийн вирусүүд ажил хийлгэхгүй төвөгтэй байна шүү” гэж хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах эсэх асуудал дээр маргалдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг дайруулж хэлж байгаа ёгт санаа л даа. Ер нь Л.Оюун-Эрдэнийн тодроод буй нэг онцлог нь хэрүүл маргаанд тун ч оновчтой, ёж, тодорхой үгийг олж хэлж сурсан нь анзаарагддаг. Тухайлбал, “У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл хийхгүй. Үүнд ард түмэн итгэж болно. Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэхгүй. Бид хэзээ ч Тавантоглойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй. Бид хэзээ ч УИХ-аар оруулахгүйгээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөхгүй” гэж хэлнэ. Хэнийг онилоод, хэнийг онож хэлээд байгаа нь товч бөгөөд тодорхой. Үүнийг л улс төрийн уран чадвар гэж үнэлэхээс аргагүй.
Хамгийн гол нь аар саархан хэрүүл зарга, богино зайн тоглолтуудынхаа дундуур мөнөөх “Алсын хараа” гэх том амбицаа орхилгүй амжуулж яваа. Тэрбээр “Алсын хараа 2050” гэх Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг санаачилсан нь төр засгийн зүгээс ирээдүй рүүгээ 30 жилийн алслалтай харж байгаа анхны тохиолдол гэж хэлж бараг болно. Тэнд олон л сайхан мөрөөдөл тусгалаа олсон. Ирэх 30 жилд хэд нь биелэхийг хэлэх боломжгүй ч хамтдаа харах нэг зүг, нэг цэгтэй болж авсан нь сайн хэрэг ээ. “Аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”, “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”, “Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 мянган ам.долларт хүргэнэ”, “Авлигагүй улс болно” гэх мэт сайхан зүүдээр шагнасанд нь ядаж талархах учиртай. Яагаад зүүд гэж хэлэх болсноо тайлбарлах нь илүүц биз. Учир нь одоохондоо Л.Оюун-Эрдэнээс өөр энэхүү алсын харааг биелчихнэ гэж итгэж, үнэнээсээ үнэмшиж байгаа хүн байхгүй. Харин Л.Оюун-Эрдэнэ “Зорьвол хүрдэг, итгэвэл биелдэг” гэдгийг өөрийнхөө амьдралаар нотолж яваа тул тэр зарчмаа л номлох нь зүйн хэрэг ээ.
ӨШӨӨ АВАХ КОМПЛЕКС
Санамсаргүйгээс салхи дэгддэггүй. Л.Оюун-Эрдэнэ гэх “хар салхи” хаанаас ер нь дэгдээд, өнгөрсөн 30 жилийн турш ургасан улс төрийн ургаа хад, мод бутыг булга татан “сүйдлэх” болов гэдгийг хачирхан бодож үзлээ. Гэтэл их холоос учир шалтгааны сэжүүрийг олов. Л.Оюун-Эрдэнэ багаасаа л гологдох, чамлагдах, басагдахыг үзэн ядаж өсчээ. Тэр зангидсан өсөө заавал тайлж байх ёстой гэсэн далдын зөн совинтой нэгэн юм. Аавгүй өссөн учраас өөрийг нь өөрөөс нь өөр өмгөөлөх хүн байхгүй гэдэг бодол түүнийг хатуу чанга эр хүн болгосон байх талтай. Үүнд нь нөлөөлсөн нэг үйл явдал долдугаар ангид байхад тохиолджээ. Тэрбээр үеийнхээ хамгийн хөөрхөн охинд дурлаж, түүнтэйгээ үерхээд явж байтал охины эцэг эх тэднийг эрс эсэргүүцэн, уулзуулахаа ч больжээ. Ингэхдээ “Эцэггүй хүүхдийн толгой том. Ямар л олигтой хүүхэд байв гэж” хэмээн ил шулуун хэлж, хөөрхий хөвүүний зүрхийг сийчээд хаяж дээ. Орой нь Л.Оюун-Эрдэнэ гэртээ очоод, анх удаа өвөөгөөсөө “Миний аав ямар хүн байдаг юм бэ?” гэж асуусан гэдэг.
Энэ үеэс хойш тэр хүүхэд насаа бүрмөсөн гээж “Заавал мундаг хүн болно” гэж шазуур зуусан нэгэн болж хувирчээ. Гэхдээ эерэг тал руугаа сэдэл өгч, зорилготой хүний ёсоор амьдралд хандаж эхэлсэн байна. Түүний хонзогногч, заавал өсөө тайлж байж амардаг зан араншингийн талаар багадаа хамт өссөн, өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж буй нэгэн эрхэм дурсахдаа “Л.Оюун-Эрдэнэ номхон, дөлгөөн хүүхэд байсан. Гэхдээ түүний цаана яаж ч мэдэх догшин нөхөр нуугдаж байдаг. Нэг удаа манай тосгоны атаман ах олон хүүхдүүдийн өмнө Л.Оюун-Эрдэнийг өшиглөөд унагачихсан юм. Яс үзсэн ч яагаад ч дийлэхгүй, каратегээр хичээллэдэг, биднээс ах хүүхэд байсан л даа. Гэтэл Оюука өшиглүүлсэндээ шаралхаад, гэрийнх нь орцны үүдэнд хоёр хоног отож байгаад, гарч ирэхээр нь тоосгодчихсон юм даа. Айхтар хонзогногч байгаа биз дээ?” гээд учиргүй хөхөрч суусан юм. Энэ бол Л.Оюун-Эрдэнийг илэрхийлэх хамгийн гол баримт байж магадгүй.
Улс төрд амжилт олоход нь энэ зуунги, зууснаа тавьдаггүй догшин зан их тус болсон гэж санагддаг. Тэр анх МАНАН-гийн эсрэг, М.Энхболдыг огцруулахын эсрэг орилсны цаад угт өсөө тайлах гэсэн улайрсан тачаал нуугдаж байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Өмнө нь М.Энхболдод хавчигдаж, дарамтлуулж, няслуулж явсан өшөөгөө авсан. Энэ тухай хойно өгүүлэх болно.
Харин нэг зуусан бол тавьдаггүй чанар нь М.Энхболдыг дарж авах гол зэвсэг болсныг тодотгоё. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тэмцэлд эхэндээ үнэхээр ганцаардсан тал бий. У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёр парламентийн гадна талд байх тул түүнд улс төрийн бодитой тулгуур болж чадахгүй байлаа. Аргагүйн эрхэнд “М.Энхболдыг огцортол чуулганд суухгүй” гэж мэдэгдэж, тэр нь бүтэн зуны турш үргэлжилсэн. Өөр хүн байсан бол тэмцлийн гал унтарчихлаа гэж үзээд бууж өгчихмөөр хугацаа өнгөрсөн, үйл явдлууд ч өрнөсөн. Хууль, шүүх, тагнуул, прокурор, АТГ гээд бүх магадлалаар М.Энхболдын бүлэглэл ялахаар харагдаж байсан. Нэг ёсондоо найдвар багатай тэмцэлд ялагдаж байгаа талд гав ганцаараа зогсож байлаа. Тэр байтугай, УИХ-ын гишүүнээсээ больж, орон нутгуудаар “Шинэ 25 жил” гэх лекц унших тухай бодтол нь дарамт шахалт ирж байсан гэдэг. Гэвч бүтэн дөрвөн сарын турш бууж өгөхгүй үзэлцсээр байгаад УИХ-д дэмжигчидтэй ч болж, М.Энхболдыг уучлалт гуйлгаж, улмаар огцруулж чадсан түүхтэй.
Одоо тэр хөмхийгөө зуусан хэвээрээ л яваа. Учир нь МАНАН гүйцэд сарниагүй гэж ярьдаг. Өдгөө тэр “Эхэндээ энэ МАНАН гэгчийн дөнгөж захыг нь хараад, гүнийг нь ойлгохгүй яваад орчихсон юм байна” гэж хэлж сууна. Хамгийн наад захын жишээ нь, түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг цуцлах зорилгоор үйлдвэр дээр нь очоод хөрөнгийг нь лацдангуут ТЕГ-ын дарга утсаар ярьж дарамталжээ. “Улс төрд удаан явъя гэж бодож байгаа бол наадахаа боль. Залуу хүнд халтай шүү” гэх мэтээр ярьсан гэдэг. ЗГХЭГ-ын дарга нь тэнд эрх мэдлээ хэрэгжүүлээд явж байхад эндээс харьяа агентлагийнх нь дарга түүний эсрэг явж байна гэдэг их л хачин сонсогдсон шүү. Тиймд МАНАН-гийн толгой тасарсан ч тогтолцоо нь хэвээрээ байгаа гэж Л.Оюун-Эрдэнэ хэлнэ лээ. Авлига, албан тушаалын хэргийг шүүх дээр хэдэн ч жилээр барьж, торгоож болдог, улмаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж ял завшуулдаг тогтолцоог тэд нэгэнт бүтээчихжээ. Ялангуяа шүүх, прокурор, тусгай албадад МАНАН-гийн үр хөврөл гүн шигдсэн тул хуучин тогтолцоог бүрэн нураахад төвөг саад тохиолдож буй аж. Ингээд үзвэл Л.Оюун-Эрдэнэ “Престройка” буюу өөрчлөн байгуулалт хийхээр санаархагч юм. Тэр хуучин тогтолцоог уг ёзоороор нь нурааж орхиод, дахин цоо шинэ дэглэмийн тоосго өрж сууна.
ШИНЭ ТАЙЗ
Тэр амьдралынх нь зам мөрийг засч өгсөн хоёр сайхан ахтай хүн. Нэг нь төрсөн ах. Нөгөө нь хуурай ах. Сонирхолтой нь, төрсөн ахтайгаа таарахаасаа өмнө хуурай ахтайгаа зузаан болж амжаад, замаа заалгачихсан тал бий. Тэгээгүй бол өдийд Ерөнхий сайдын биш, Ерөнхийлөгчийн торгон цэргийн хороог захирчихсан явах байлаа.
Түүний хуурай ах бол мэдээж У.Хүрэлсүх. Л.Оюун-Эрдэнэ 1999 онд дөнгөж иргэний үнэмлэх авмагцаа л Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд гишүүнээр элсэж, улмаар 2001 онд Хэнтий аймгийн Бэрх сумын Тамгын газрын даргаар томилогдсон түүхтэй. Тэр үед У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, МАСЗХ-ны Ерөнхийлөгч байсан юм. МАСЗХ гэдэг нь өнөөгийн НАМЗХ л доо. Хорин нэгхэн настай залууг ийнхүү дарга болоход У.Хүрэлсүхийн хүн таних хийгээд татах чадвар чухлаар нөлөөлсөн байж таарна. Ер нь Л.Оюун-Эрдэнийг томоор сэтгэж, холыг харахад хамгийн голлох нөлөө үзүүлсэн хүн яах аргагүй Хүрэлсүх мөн. Суманд нь ирээд уулзалт хийхдээ “Энэ бүүдгэр орчлонд чи шатахгүй, би шатахгүй юм бол хэн шатах юм бэ...” гээд л хөөрхий залуугийн зүрх сэтгэлийг хөвсөлзүүлээд хаячихсан байна.
Тамгын газрын даргаар нэг жил гаруй ажилласныхаа дараа “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Хэнтий аймаг дахь суурин төлөөлөгчөөр ажилласан. Олон улсын байгууллага босго өндөртэй, шалгуур ихтэйг хэн хүнгүй мэдэх учиртай. “Бэрс” гэх хувийн сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, ажлын туршлага, хэл ус ч байхгүй атлаа олон улсын байгууллагын шалгуурт тэнцсэн гэхээр цаанаасаа л өгөгдөлтэй золиг байсан байгаа юм. Тэрбээр 2002-2007 он хүртэл “Дэлхийн зөн”-д салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх, Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр ажиллажээ. Үүнээс нь болж түүнийг шашны зүтгэлтэн, захиалгатай улстөрч гэх нь бас бий.
Ингээд 2008 оноос улс төрийн амьдралд идэвхтэй оролцох болсон нь У.Хүрэлсүхийн идэвхжлийн мөчлөгтэй давхцана. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, МУБИС-д боловсрол судлалаар магистрын зэрэг хамгаалж амжсан байв.
Тэр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “Number one” хөдөлгөөний санаачлагч юм. Хотод Н.Энхбаярын рейтинг тааруу байсан тул 14-хөн хоногийн хугацаанд ахиц авчрах гэсэн хөдөлгөөн байсан ч амжилт олоогүй. Тэр үед нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан намын аппаратын л нэг ажил байсан гэх хардлага ч явдаг. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад МАХН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт Намын байгуулалтын хэлтсийн даргаар томилогдоод удаагүй байсан тул намын дотоод бодлогод шууд оролцох боломжтой болж иржээ.
Намын залуучуудын байгууллагадаа бол бүр оройлох шинжтэй болсон байж. Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад удалгүй МАСЗХ-ны дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, О.Содбилэг нартай өрсөлдөж, 100 хувийн саналаар ялалт байгуулж байсан нь бас л нэг баримт. Түүнээс өмнө энэ холбоог У.Уламбаяр агсан, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар удирдаж байсан учраас улстөрчийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн сэнтий байлаа.
ХУУЧИН ТАВИЛАН
Түүний замналд чухал нөлөө үзүүлсэн хоёр ах байдаг тухай өмнө хэлсэн. Хуурай ах нь У.Хүрэлсүх байж, түүний улс төрийн чиг шугамыг зурж өгсөн бол хувь тавилангийн зураасыг төрсөн ах нь улам тодотгож өгсөн юм. “Hero entertainment” студийн найруулагч Б.Баатар тэр хоёр нэг эцгийн хүүхдүүд. Аав ээж багад нь салсан тул Л.Оюун-Эрдэнэ өвөө дээрээ өсчээ. Түүний өвөө Лувсаннамсрай нутагтаа нэр хүндтэй, лам хүн байсан гэдэг.
Л.Оюун-Эрдэнэ бүр сүүлд буюу 2005 оны үест ахтай гэдгээ мэдэж, улмаар танилцсанаас хойш ах дүүсийн тун хүчирхэг хослол бий болов. Хэн хэнийхээ дутууг нөхөж, давуу талуудаа нэгтгэснээр өнөөдөр нэг нь урлагт, нөгөө нь улс төрд нэрээ мандуулж явна. Л.Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлж, хэд хэдэн кинон дээр ажилласан. “Би чамд хайртай”, “Татар ажиллагаа” зэрэг киног бүтээлцэж, “Херо” гэх компани байгуулсан нь чамгүй ашиг орлоготой байв.
Энэхүү хоршил улмаар улс төрийг утгаар нь “самарсан” гэж хэлж болно. МАН-ын дотоодод өрнөсөн М.Энхболдын эсрэг тэмцэлд У.Хүрэлсүх энэ хоршлыг л ашиглаж ялалт байгуулсан гэдэг бол нөгөө талд Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд ялсан Х.Баттулга мөн л энэ хоршлын “уран бүтээл” гэх нь бий. Ах нь Х.Баттулгад, дүү нь У.Хүрэлсүхэд хүчээ өгдөг учраас тэдний сайн найруулгын ачаар тэр хоёр хүн өдгөө Монголын төрийн эрхийг атгаж байгаа гэсэн уран төсөөлөл төрдөг л юм. Сонгуулийн үеэр алдагдсан М.Энхболдын бичлэгүүд, Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утасны яриа гээд уг төсөөллийг бодит болгох баримтууд бас таардаг. Магадгүй М.Энхболдын сонгуулийн кампанит ажлыг Л.Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлж нураасны хүчинд Х.Баттулга Ерөнхийлөгч болсон гэх домог зохиовол үнэнээс жаахан хэлтийсэн байлаа ч нэн сонирхолтой байж чадна. Ийм “үлгэр” зохиогоод түүндээ үнэмшдэг хүн цөөн биш. Л.Энэбиш агсны хүү Мөнх-Очир нэгэн ярилцлагадаа “У.Хүрэлсүхийн гаргаж ирсэн хэдэн залуучууд улс төрд бохир техник хэрэглэж байна. Л.Оюун-Эрдэнэ гэж залуу анх улс төрд орж ирэхдээ л их бохир орж ирсэн. Сандал суудлын төлөө гаргаж ирсэн технологи нь их л “заваан” харагдаж байна” гэж шүүмжилж байлаа. Тэр мөн Л.Оюун-Эрдэнийг гадны шашны мөнгөөр улс төрд орж ирсэн гэдгийг тодотгосон байж билээ.
Шашны мөнгөөр улс төрд орж ирсэн, захиалгатай улстөрч гэх санаа үндэснээсээ салсан хамхуул шиг энд тэнд хийсч явдаг л даа. Чухам юунаас уг дүгнэлт ургасныг хөөгөөд үзвэл, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад ажиллаж байсан хийгээд Австрийн Мельбурны их сургууль, АНУ-ын Жорж Тауны их сургуулиудын тусгай хөтөлбөрт хамрагдаж, Харвардыг төгссөн зэргээс нь үүдэлтэй бололтой. Түүнийг бүр сүмийн пастор буюу номлогч байсан шахуу дэгсдүүлдэг. “Дэлхийн зөн”-г үүсгэн байгуулагч нь Христийн шүтлэгтэн байсан учраас байгууллагын соёл нь шашны агуулгатай мэт тогтсон байх талтай. Түүнчлэн удирдах албан тушаалтнууд нь ихэнхдээ сүмийн пасторууд байх нь элбэг.
Тус байгууллагад бүсийн захирал болтлоо дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ 2008 онд үзэл бодлоо огцом өөрчилж, алсын хараагаа өөр зүгт хандуулсан гэдэг. Гадаадын төсөл хөтөлбөрүүд биш, дотоодын зөв бодлого л Монгол Улсыг хөгжүүлэх юм байна гэж бодох болжээ.
Тэрбээр Харвардад суралцаж ирснийхээ дараа “Азийн хүлэг Монгол” гэх бодлогын судалгааны байгууллагыг 2015 онд үүсгэн байгуулсан нь мөнөөх бодлогын эрлийн үргэлжлэл байв. Тус байгууллагадаа Харвард, Колумб, “MIT“ их сургуулийн төгсөгчдөөс бүрдсэн 300 орчим судлаачийг нэгтгэсэн нь Монголын хөгжлийн гарцыг хайхад олон зүгийн мэргэдийг татан оролцуулсан томоохон санаачлага ажээ.
ЗАЛУУ БАЙХЫН ЗОВЛОН
Улс төрд орж ирснээсээ хойш Л.Оюун-Эрдэнэ тун богино хугацаанд үеийнхнээсээ урагш цойлж гарч ирсэн. НАМЗХ-ны Ерөнхийлөгч болсныхоо дараахан намын нарийн бичгийн дарга, улмаар бүр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. “Улс төрийн шатаар торохгүй өгсөж явна даа” гэтэл 2012 онд тэр гэнэтийн шийдвэр гаргасан нь гадагшаа явж сургуульд сурах байлаа.
Энэ шийдвэрээ намын удирдлагууддаа танилцуулж, явахаасаа өмнө 300 хүн урьж, хүлээн авалт зохион байгуултал найз нөхөд, намын нөхөд нь санаснаас ч их хандив өгчээ. Түүний тодорхойлолтыг Н.Багабанди, Сү.Батболд, С.Төмөр-Очир нар гаргаж өгч байсан гэхээр хэр чансаатай явсны гэрчлэл юм.
АНУ-ын Харвардын их сургуульд улс төрийн магистр хамгаална гэдгийг дэлхийн шинэ үеийн удирдагчдын хөтөлбөр гээд багцаалдаад ойлгочихож болно. Ийм хөтөлбөрт хамрагдаад ирсэн нь Л.Оюун-Эрдэнийн нэр хүндийг улам л дээш хөөргөдөөд шидчихсэн нь мэдээж. Харин өөрөө болохоор Харвардад суралцаж ирснээр улам л буурьтай болж, сууриндаа улам бат шигдэх болсон гэж ярьдаг. Үнэндээ Л.Оюун-Эрдэнэд “сохорсон биш завшив” гэгч үйл явдал тохиолдсон юм.
2012 оны сонгуульд ялагдсан МАН-ын дотоодод үхэх сэхэхийн төлөөх далд хэрнээ тун хүчтэй тэмцэл өрнөсөн байдаг. Энэ тэмцлийн явцад М.Энхболд өөрийн хамгийн том өрсөлдөгчөө У.Хүрэлсүхийг гэж харж, түүний эсрэг төлөвлөгөө боловсруулав. Нөгөө алдарт 60 тэрбумын бичлэгт “У.Хүрэлсүх гэх аалзны хөлийг таслах хэрэгтэй” гэж хэлж байсны учир тэр.
Ингээд М.Энхболд У.Хүрэлсүхийн хөлийг таслах төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн нь намынхаа залуучуудыг хагалж орхисон юм. Гэхдээ энэ хагарлыг М.Энхболд зориуд эхлүүлсэн. Тодорхой хэлбэл, М.Энхболд намынхаа залуучуудын дунд НАМЗХ гэх яс хаяж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй залуучуудын эсрэг Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, О.Содбилэг гэх залуучуудыг турхирсан юм.
НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг “хусч хаях” захиалгат ажиллагаа тун амжилттай хэрэгжсэн. НАМЗХ-ны тавдугаар их хурал болох дөхөхөд МАН-ын залуучуудын хуваагдал улам гаарч, хоёр талцан ширүүхэн дайтсаны эцэст Л.Оюун-Эрдэнэ ялагдал хүлээсэн билээ.
Л.Оюун-Эрдэнийг ялагдуулах бүх бэлтгэлийг М.Энхболд дээрээс чиглүүлэн бэлтгэсэн байсан гэж яригддаг. Юун түрүүнд түүнийг гадаадад сурч байгаа нэрийдлээр НАМЗХ-ны их хурал хүртэл чөлөөлж, бэлтгэл ажилд оролцохгүй байлгах арга хэмжээг авав.
Улмаар бэлтгэл хангах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахалж, тухайн үеийн холбооны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчийг ч холбооны зохион байгуулалтын ажилд оролцуулахгүй байхаар шийдэж байсан юм. Үүний үр дүнд Г.Тэмүүлэн НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдож, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 139 залууг гудамжинд гаргаж хаялаа.
Энэ ялагдлын гашуун амтыг тэдгээр залуус удаан мэдэрсэн гэж хэлж болно. Учир нь нам нь ялагдаж бүгд гудамжинд гарсан ч У.Хүрэлсүхийн талынхан гэдэг зүйчлэлээр улам мухрын гудамжинд шидэгдэж байсан залуус бол тэд. МАН засагт эвсэл болон орж, эрх барилцахад Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр нар дэд сайд болж байхад У.Хүрэлсүхийн “тасдуулсан гар хөл” харанхуй гудамжинд хэвтэж байсан юм.
Ер нь ямар ч тохиолдолд залуу үе рүүгээ дайрч, далайлгасан хүн заавал ялагддаг гэсэн хууль улс төрд үйлчилдэг. “Бид өсөж яваа, та өтөлж яваа” гэдэг байгалийн хуулийг сөрсөн хэнбугай ч эцэстээ залуу үедээ ялагддаг. М.Энхболдоос өмнө залуу үеэ нухчин дарах гэж оролдоод, нуга даруулсан алдааг Н.Энхбаяр мөн гаргаж байсан юм. Тэрбээр У.Хүрэлсүх, У.Барсболд гэх хоёр залууг хооронд нь арсалдуулж, эцэстээ өөрөө л улс төрөөс явсан.
Залуу үе рүүгээ буу шагайсан энэ алдааг М.Энхболд мөн давтаж, өдгөө үүнийхээ горыг амсаж байна гээд хэлчихэд буруудах юмгүй. Залуучууд хэчнээн хагаралдаж, зөрчилдсөн ч тэдний үл ойлголцол нэг л оройны уулзалтаар алга болдог зүйл. Үе гэдэг ийм. Тийм ч учраас үе үеэрээ ачаа үүрч, товойж ялгарч гарч ирдэг жамтай.
М.Энхболд нухчин дарахыг хичээн оролдож байсан залуус нь толгойгоо өндийлгөж, зөөлөн сэнтийгээс нь ховх татахын чинээ төсөөлөөгүй байх. М.Энхболдод нэр цэвэр үлдэх ганц л боломж байсныгаа тэрбээр ашигласан. Тэр нь өөрийн саналаар УИХ-ын даргаас буугаад, сул гишүүн болж мэнд сугарч үлдэх.
Улс төр ийм хатуу. Нэгэн цагийн ялалт нөгөө цагийн ялагдал болж хувирдаг. М.Энхболд өөрөө өөрийнхөө мэхэнд унасан нь тэр. У.Хүрэлсүхийг дарж авах гэсэн биш, эсрэгээрээ улам хүчтэй өрсөлдөгч болгож орхисон хэрэг.
ЗАЛУУ БАЙХЫН ЖАРГАЛ
Л.Оюун-Эрдэнийг урвагч, хий хоосон попрогч гэж цоллох нь бий. М.Энхболдын сонгуулийн PR-ыг хариуцаж, цүнхийг нь барьж гүйж явснаа нэг л өдөр М.Энхболд шиг муу хүн байхгүй болчихсон тавьж явсан. Гэхдээ түүнийг “эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ишиг”-тэй андуурч болохгүй. Л.Оюун-Эрдэнэ анхнаасаа 60 тэрбумын бичлэг гарч ирмэгц ёс зүйн хариуцлагыг М.Энхболдоос нэхэж байсан ганц гишүүн. Эцэст нь тэд дөчүүлээ болж, ямар ч байсан М.Энхболдыгоо буулгаж авч чадсан.
АТГ болон прокурорын байгууллагаас уг хэргийг нотлогдох боломжгүй гэдэг үндэслэлээр хаагаад байсныг Л.Оюун-Эрдэнэ хаваржин, зунжин ганцаараа орилсоор байгаад дахин шалгуулахаар болж байлаа. Л.Оюун-Эрдэнийн энэ тэмцлийг залуу улстөрчийн тодрох оролдлого гэсэн тайлбар бас явдаг. Юутай ч Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төрийн энэ өрөг бол улс төрийн өшөө авалт байсан байх магадлалтай. Л.Оюун-Эрдэнэ нэг талаар намынхаа нэрийг цэвэрлэх, Засгийн газрыг аварч үлдэх, залуучуудаа өмөөрөх, шударга ёсны талд зогсож үлдэх улс төрийн өрөг нүүсэн.
Хэрвээ энэ тэмцэлд ялагдсан бол түүний улс төрийн карьер эрсдэлд унах байсан. Адаглаад л аль нэг хэрэгт холбогдуулан шалгаж, нэр хүндийг нь өндийхгүй болтол нам дарах хүч чадал М.Энхболдод байсан юм шүү.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ хувь хүний үүднээс тун шинжгүй, жудаггүй зан гаргаж байж тэмцлээ цааш үргэлжлүүлэхээс аргагүй болсон байх. Тэрбээр найзаа, ахаа, намаа гэж бодохгүйгээр шугамдсан даа. Шугамдана гэдэг нь ёс зүй, дүрэм ярихдаа тал тохой татаж хэн нэгнийг тойрохгүй, чиг шугамаасаа хазайлгүй зүтгэснийг нь хэлж байна. Удирдагчид улс төрийн байр суурь, гүйцэтгэл ба эс үйлдэл, үлдээсэн өв, ёс зүй гээд олон шалгуураар үнэлэгддэг. Эдгээрээс хамгийн жин дардаг нь улс төрийн байр суурь буюу талаа сонгох асуудал юм. Л.Оюун-Эрдэнэ даргаасаа урвасан болохоос талаасаа урваагүй гэж дүгнэж болмоор шиг. Түүний зорилго өс авах, эсвэл өөрөө тодрохын аль нь ч байлаа гэсэн тэмцэл нь ард олны санаа бодолтой нийцэж байсан. Магадгүй энэ бүхний эцэст Л.Оюун-Эрдэнийн нэрийн урд “урвагч, араас хутгалагч” гэх нэр хоч салахааргүй наалдаж хоцорсон байж мэдэх л юм.
Гэхдээ нэг л зүйл тодорхой. Ялсан тал тодорхой. Л.Оюун-Эрдэнэ муу нэр зүүсэн ч сайн зүсийг олсон. МАН одоо маш том сорилтын өмнө тулж ирээд буй. Улс төр бол нэг нь явж, нөгөө нь ирдэг ертөнц. Өнгөн дээрээ МАН доторх М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ гэх хоёр хүний тэмцэл шиг харагдсан боловч үнэн хэрэгтээ бүхэл бүтэн үе солигдож буй үйл явц байсан.
Л.Оюун-Эрдэнэ өөртөө улс төрийн оноо авахын төлөө жинхэнэ тэмцэгчийн рольд тоглосныг үгүйсгэхгүй. Монголын улс төрийн мафи буюу МАНАН-тай хийсэн тэмцлээр олж авсан нэр хүндээ хэр удаан хадгалахаас түүний цаашдын улс төрийн зураг тодорно. Магадгүй цаашид өөр нэгэн цоо шинэ “Л.Оюун-Эрдэнэ”-д нуга даруулах “М.Энхболд” шиг хуучиртлаа л улс төрд өөрийн үүрэг роль, орон зайгаа үлдээх байх.
“Өндөрт ниссэн шувуу илүү алсыг хардаг” гэж тэрбээр номондоо бичжээ. Одоо л хэлсэн үгнийхээ шидийг үздэг цаг даа. Залуу нас нь түүнд далавч болж, зорилго тэмүүлэл нь түүний тэнгэр болж өглөө. Анх хөөрөхөд нь түлхэж өгсөн хөрст газар нь харин ард түмний итгэл байж таарна. Гэвч алгаа дэлгээд нисгэсэн шигээ алдаа гаргавал алгадаад унагаж чадах газрын зоо гэдэг хатуу. Нисч яваа шувууд өндөрт гарах тусам газраасаа тасардаг жамыг сөрж л нисээсэй билээ...
Эх сурвалж: "Шинэ үеийн ГОЛ ТОГЛОГЧ" ном
Зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв
2021 оны 01 сарын 23
Сэтгэгдэл ( 58 )
Оюун-Эрдэнэд амжилт хүсье Атаархагчдад живхээ нөөцлөхийг зөвлөж байна. Олон Монгол хүн чамайг дэмжиж байгаа шүү
өнөөдөр хүмүүс талцаж бна гэвч хэний зөв байсныг цаг хугацаа харуулах байх гэхдээ оюунэрдэний талд зууны ерэн есөн хувь нь байгаа байх зөвхөн нэг хувь нь хуучин тогтолцоогоо авч үлдэхийн тулд чармайж буй хэсэг бүлэг хүмүүсийн явуулгаар өөр ойлголтыг аваад түүндээ итгээд бна
Үг бүр нь их гүн бичиж. Цаанаа залуу хүнд авах санаа олныг агуулж дээ
Сүгийн түцний гөөхийшдээ.\n
хогийн нош юм даа
Голчтой гоё л бичсэн байшдээ.
Amjilt.Negent l uls turd zutgesen bol uhrah zam baihgui dee duu mini.Zutgeed l bai\n
МАН боловсон хүчний нөөцтэй юм. Шоо шинэ баг бүрдүүлээрэй, АН гуниг байна. Элбэгдоржээс эхлээд ёроолгүй сав шиг шунал. Монгол эрчүүдийн хийморь сүлдийг 30 жил үнагалаа.
Bas neg yum helehed, toiron hureelegch pyaldaguud odoonoos naaldaad ehelsen baigaa. Ted nar nudee uhaj uguhuus siihgui. Daraa ni tsusgui aldag. Ted naraas hol baij surah yostoi.
OyunErdened amjilt husiye. Ard tumniihee tuluu yavbal hezeed yalna.
ТАНАЙ САЙТ ДАМПУУРЧЭЭ. УГ ХҮМҮҮС ХАНДАЛТ САЙТАЙ БАЙСАН ШҮҮ. БИ ДАХИЖ ОГТ ХАНДАХГҮЙ. БАЯРЛАЛАА. БАЯРТАЙ. ӨДРИЙН ТАЛ ӨНГӨРЧ БАЙХАД ЯМАРЧ ШИНЭ МЭДЭЭ БАЙХГҮЙ. ТУН Ч ХАРАМСАЛТАЙ.
zsss ataarhagchid dvvren bna da. Zaluu hvn zorigtoi zorilgotoi hiih blgvi de .Ard tvmnii itgeliig husurdvvlehgvi gej bodoj bna da.\n
tsunkh barij hiimel image eer tord garhiig zaluus ulgerlee dee. odoo suraad yahav mafia mongoor neg gadaadad yavsan ner zuuchih tegeel neg hunii tsunhiig bariad daraa ni barisan buhnee araas ni hus tegeel garaad irne.
дээрхи бэлтгэгдсэн зохиомж чинь яг монголчууд биднийг тэнэг гэсэн шиг болж болилдоо оюукаг бид мэдэхийн дээдээр мэднэ шүү
наад нөхрөө алтаар будсан ч гууль нь цухуйна хүрэлсүх унаган зальжин жүжигчинээрээ дуусна оюунэрдэнэ монголын хувь заяаг яг л босож ч болохгүй хэвтэж ч болохгүй болгоноо дараа барьж идчих гээд бөөн юм болов одоо та нар зургаан сар хүрэлсүхийн попордохыг үзнэ зугаатай байх болно дараа нь хүрэлсүхийн угаалт сайн болвол ядарсан ард олон зургаан жил жинхэнэ попор жүжиг үзнэ залхана
Өсөрхдөг биш харин бусдын тусыг санадаг байгаарай. Намын нөхдийн эрх ашгийг шудрага ёс, хууль шүүхээс дээгүүр тавьдаггүй байгаарай. Монголын түүх, шашин, соёл, ёс уламжлалаа дээдэлдэг байгаарай
За тэр анхны хайр, өш хонзон авдаг яасан ийсэн ч гэнэ үү хэсэг бол шал тэнэг. Пиараа хэтрүүлээд хэрэггүй шүү, заримдаа бас гай болдог. Зүгээр зоригтой, шударгаар ажлаа хийгээд, хэрэгтэй үед нь мэдэрч дуугараад явахад болно. Христийн шашинтай юмуу үгүй юу гэдгээ тодорхой хэлэхгүй бол Баасанхүү, Лу.Гантөмөр шиг юм боловдоо. Христийн шашинтай төрийн хүнд Монголчууд цаагуураа маш дургүйцдэг шүү. Учиргүй би ёстой шашин шүтэхгүй гэж нэг их орчин үеийн күүл залуу болох гэж ядаад ч хэрэггүй. Хүрэлсүх сайд бол энэ тал дээр маш хүчтэй байр сууриа тодорхой илэрхийлснийг нь олон хүмүүс дэмжсэн. За амжилт.
За энэ хүний хүүхэд насны амьдрал, улирсан баларсан юм хэнд ч хэрэггүй дээ. Одоо монгол улсын төлөө хэр ажиллах нь л сонин байна. Үнэхээр энэ улсыг улс шиг улс болгочих хүчирхэг ерөнхий сайд болж байвал үнэхээр хэрэгтэй байна. Ли Куан Юи шиг улсаа бүх салбараар нь тэгш, шударга хөгжүүлчихээсэй. Ойрд сошиалчид , веб сайтууд, сонинууд ямар хүүхэд байсан тухай нь л нэлээд бичлээ. Тэр огт хамаагүй , хүн бүр л алдаж онож янз бүрийн хүүхэд насыг туулдаг. Одоо хэн болсон нь, цаашид юу хийх нь л чухал байна.
Хэлсэн ярьсандаа л үнэнч байж бүлэглэлийн ятгалгад автахгүй, зорьсон зорилгынхоо төлөө, энэ улсынхаа төлөө чин шутаргаар зүтгээсэй дээ. Хүн шудраг төрдөг, гэхдээ бодит амьдрал дээр үргэлж хохирч явдаг нь үнэн шүү. Одоо ил далдын элдэв явуулга түүнийг бүчнэ шүү. Санасан хэрэг нь бүтэж үйлс нь өргөжин дэвжиг.
Нэг охин хүчиндэснээс үүдэж тэр охин нь амиа егүүтэгсэн юм гэсэн. Энэ явдалд тэр хүү их эмзэлэж явдаг байсан гэсээн. Гэхдээ олон жил өнгөрсөн болохоородоо эмзэглэл нь арилсан биз. Энэ нийтлэлийг уншаад хөөрхий охины эх эцгийн хэлсэн үгэнд өширхөөд охиныг нь хүчирхийлж улмаар үхэлд хүргэсэн юм биш биз гэх бодол толгой зурсхийв.
Сарангэрэл Хүрэлсүхийн танхимд Эрүүл мэндийн сайд болсноос хойш 2018,19 оны өвөл улирлын томуу гэх шалтгаанаар ЕБС-ийн хичээлийг бүтэн 2 сараар хааж байсан. 2020 оны 1-р сараас ковидын халдвар дотоодод илрээгүй байхад өвөлжин,хаваржин хөл хорьж хүүхэд багачуудын сурах эрхийг ноцтой хохироосон.УОК-д 8 тэрбум төгрөгийн хандив цуглараад байхад эрүүл мэндийн салбарыг бэхжүүлж бэлэн байдлыг хангах,оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах,хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд анхаараагүйн балгаар өнөөгийн хүндрэл үүссэн.Залуу сайд Мөнхсайхан мэргэжлийн үүднээс богино хугацаанд бодитой ажлуудыг эхлүүлсэн.
Оюун-Эрдэнэд иргэдийн дийлэнх олонхи итгэж найдаж байгаа.Гэвч танхимаа бүрдүүлэхэд салбараа мэддэг,мэргэжлийн,өндөр чадвартай хүмүүсийг бүлэг фракцын наймаанд автахгүйгээр томилох ёстой.Гэвч нутгийн ах Б.Бат-Эрдэнийгээ Барилга,хот байгуулалтын сайдаар,Сарангэрэл поп эмээг Эрүүл мэндийн сайдаар тавих сурагтай.Ийм замаар ултөрд хол алхахгүйдээ. Сарангэрэл ЭМ-ийн сайд короногоос өмнөх жилүүдэд улирлын томуу нэрээр ЕБС-ийн хичээлийг 1-2 сараар хаадаг байсан.2020 оны 1-р сараас ковид дотоодод гараагүй байхад өвөлжин хаваржин хатуу хөл хорио тогтоож эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн.
dain
Толгой нь , ажилдаг, залуу. , Өөр, лидер, байхгүй, байна. Дуугүй ,дагацгаая ,сайн ,дэмжихэд ард ,олон ,хожно ,оо.
Бурхан минь энэ л бишшүүү. \n
СҮ Д ЗАРАГДЧИХСАН БАРАА
Mongoliin bvlegelel namyyd bvged songyylias .Songyyliin hoorond alaltsan amidarj baih uym.Mongol ylsiin ard tvmen mash ih yadarj bna daa.Olgiarhyydiin daind.\n
Оюунэрдэнийг дэмждэг хүмүүс Монголын нийт хүн амыг хувилж үзвэл бараг 99 хувь хүрэх байх цөөн тооны эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүс сөрөг бичвэрийг төлбөртэй явуулдаг маш идэвхтэй тэр нь Оюун эрдэнийг үл бүтэх хүн гэж харагдуулаад байдаг бид үүнд итгэж болохгүй шүү\n\n
uls ornoo bohir muuhai ymnaads tswerlleerei bitgii byyj og
nom oo borluulah ged shampar shampar yum bichijee
Хүрэлсүх шиг биш хүн шиг байж үзээрэй ОюунЭрдэнээ. ОюуТолгойн асуудлыг шийдэхийн төлөө шийдвэртэй ажиллаж үзээрэй ОюуЭрдэнээ.Хүүр иддэг цөөвөр шиг Сү.Батболд гэгч араатан хөлд орохоос чинь өмнө бариад идчих вий гэж айж байна.болгоомжтой бай ОюунЭрдэнээ.
alban tuschaald durtai Ouunerdene !!! ,dandaa chudlaa yridag!!
Оюу толгойг гэрээг хурдан зас тэгэж чадвал дараа дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр шүү амжилт хүсье .
ОГЦОМ ӨНДӨРТ НИССЭН ШУВУУ УНАХ ДАА МАШ ЧАНГА УНАДАГ ЮМ ГЭНЭ ЛЭЭ,
1924 оны УИХ-н сонгууль мөрөөдөгчийг ӨС-хонзонгийн шүтлэгтэй нь газар дэвслэх зураг харагдаж байна
oyukaad amjilt ene buzar mongo huuleltiig cegcelj ogooroo heden nuurs tomoriin ordoo bucaaj avaarai
Эхэлсэн ажлаасаа бүү ухараарай.бүлэглэл ажилд саад их болох ч өөрт чинь асар их боломж бий боллоо.шударга ёс тогтоовол түүхэнд алтан үсгээр бичигдэх улс төрч болно .Сингапурын ерөнхий сайд шиг ерөнхий сайд байгаарай гэж ерөөл дэвшүүлье.амжилт
Сүрлэн хүрэлхуй дайн болбол цэргээ хаяад зугтаах ядаж сэлэм тогмид байлдахгүй хулчигар баас чи ерөнхийлөгч болно гэж бүү горд таараа таниулж байна АМХАЙ ХИЙ ДӨВЧИГНҮҮР БААС
ЭЛБЭГДОРЖ ЯГ ИНГЭЖ ПИАРДАЖ ӨНДӨРТ ГАРСАН . ОДОО ЧАНГА УНАХ БОЛЧООД БАЙНА ДАА .
yamsrch baisan MANAN giin luivarchidaas 1000 dahin iluu zaluu udirdagch.
Үйл явдал нь хурдан өрнөсөн хэнч харсан ойлгохоор муугүй жүжиг байлаа.төгөсгөл нь ойлгомжтой.ерөнхий сайд Оюун эрдэнэ. Сайд нар нь хуучин ЗГ ын сайд нар\nЕрөнхийлөгч нь Хүрэлсүх.муугүй л юм байна.гэхдээ....?
Shine hue irlee
Энэ улс төрчийн хөргийг Д.Дамдинжав гэх зохиогч дажгүй сайн бичсэн байна. Баяр хүргэе. Ингээд цааш нь бичээд байгаарай. Сэтгэгдэл бичиж буй хүмүүсийн дийлэнх нь юм бичсэн сэтгүүлч, нийтлэлчийг муулж харлуулдаг, их сонин. Битгий тоогоорой, улам сайн бичихийг хичээдэг юм шүү. Юм бичнэ гэдэг хичнээн хэцүү, ур чадвар шаардсан ажил гэдгийг ах нь биеэр амсаж явна, Энэ бүхнийг сөрж бичиж байгаа эрхэм дүүд амжилт хүсье.
ОЮУН-ЭРДЭН БОЛ ЭЛБЭГДОРЖООС 100% ИЛҮҮ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ, ЗҮРХТЭЙ ЗАЛУУ ХҮН. СЭТГЭЛ ЗӨВ БОЛ ҮЙЛ ЗӨВ БАЙДАГ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
АХүрэлсүхийн дэглэсэн жүжиг яаж төгсөхийг харах л үлдлээ. Ер нь манай томчууд улсаа, ард түмнээ бодно гэж байхгүй дээ Сонгууль, өндөр сэнтий зүүдэлсэн балай юумнууд төрд гархаар улс орон хөгжихгүй дээ
Энэ ч хүнд сонголт байна даа Хүрэлсүх өөрийнхөө бууны нохойг л тавина шүү дээ Ямарч хүн өөрөөсөө илүү хүнийг өөрийнхөө дээр гаргахгүй л дээ Энэ нөхөр чинь боловсролоор мөн чсул товарищ байна лээ дээ Төгссөн сургууль гэж байна уу Юун МУИС юун Харвард хамгийн сул хувийн сургууль чүү чамай дүүргэсэн юм гэнэ лээ МАн ийм л хүний нөөцтэй бол ж дээ хөөрхий Монголчууд минь яана даа яана Удахгүй зэс нь цухуйгаад жилийгээд өгөх байх даа зайлуул Монголын хувь заяа ийм болчихоо юу
Л. Оюун- Эрдэнэ бол ийм тийм гээд л энд муулж байгаа хүмүүсийн бичсэнийг үзэхэд ихэвчлэн өөрсдөө хууль зөрчсөн нь тодорхой байна. Тийм учир бүр сайн муулцгаа, худлаа гүтгэцгээ.\n\nХарин ажлынх нь үр дүн ямар байхыг сайн ажиглацгаа. \nМонголыг завааруулж 30 жил тонгочсон ” бохир” нь хэтэрхий их үе халагдаэ ШИНЭ ҮЕ/ НЭР ЦЭВЭР/ ГАРЧ ИРЖ БАЙГААГ ОДОО ОЙЛГОХЫГ ХИЧЭЭХ НЬ ЗӨВ. 2024 ОН ГЭХЭД МОНГОЛ МААНЬ ИЛТ СЭРГЭСЭН БАЙХ БОЛНО ГЭДГИЙГ БАТТАЙ ХЭЛЬЕ. БИД НЭГ Л ЭХ ОРОНТОЙ...
Юун заваан пялдага юм бичдэг туучий вэ, Оюунэрдэнийн тэнэгийг нь ашиглаж нэг удаагийн амны хаалт маягаар л хэрэглэж байгаа нь хэнд ч тодорхой ш дээ, хэрэглэж дуусаад л хаяна
Юун хөлийн улны өлмий долоосон нийтлэл вэ ха ха. Уншсан чинь бүр дургүй хүртэл нялганажээ.
Дахиад нэг Хүрэлсүх шиг жүжиглэсэн, худлаа попорсон гар л байх бий дээ, ер нь Хүрэлсүх огцроод орондоо тавьж байгаа юм чинь үүнээс нэг их холдохгүй байх, ууг нь анх цуглаан хийгээд Энхболдыг огцруулахад маш их дэмжиж байлаа, гэвч манай төр засагт ёс суртахуунгүй, худалдагдсан хүмүүс л байна, тиймээс арай намбатай Баттулга ерөнхийлөгчөө л бараадсан нь ээлтэй байх
Амжилт, бас дахин амжилт хүсэе, чи амжилттай байвал монгол улс амжилттай байж чадна биз,
Хувьсгалыг фанатууд хийж, түүхийг ард түмэн бүтээдэг гэдэг биздээ. Ганц хүн түүх бүтээж түүнийг харж суудаг ард түмэн гэдэг үргэлж өөд урагшаа хөгжиж дэвшиж байдаг хүний нийгмийн хөгжилд буруу сонсогдоод бна. Залуу нас сайхан боловч уламжлалаа алдсан залуу нас буруу үйлдэл рүү явдаг байх. Оюун-Эрдэнийг уламжлалаа хүндэтгэдэг, ухаалаг залуу гэж харж бна. Харин нэг сэтгэл дундуур үлдсэн юм бол УИХ-ын дарга асан М.Энхболдын өрөөнд хутгатай хүн дагуулж орсон гэж сонсоод сэтгэл гонсгор байсан шүү. Цаашид улам буурь сууна биз дээ.
Одоо үлдэж байгаа зорилго бол төрд үүрлэсэн авилгын механизмыг устгах. Үүний тулд Баттулгаас авахуулаад, Элбэгээ, ждүчид, сая тодорсон 3 залуу гишүүд бүгд шоронд орох ёстой. Оюун-Эрдэнэ хувийн компани дээрэмдсэн хэргээр бас дээлээ нөмрөх ёстой. Ингэж байж л сая бидний зорилго биелэнэ. Тэгэхээр улс төрийн нүүдэл явж л байна. Хожил болоогүй байна.
хувь заяаны шоглоом гэж ярьдагдаа зүгээр л нэг азгүй залуу
Явсаар байтал ерөөсөө алив монгол хүний зорилго нь түшээ тэр дундаа ерөнхий сайд за бүр цаашилбал ерөнхийлөгч болох л байдаг болж таарч байна уу? Ингэснээр өөрийнхөө бузар булайг цайруулж бас амжих уу? Юм ийм амархан байсан бол мөн сайхан аа? Өнөөдөр энэ залуу засаг толгойлох болсон нь монголын төрөөс ждүчид буух эхний алхам л гэж харж болохоор байна. Нэг их гайхалтай зүйл биш. Гэхдээ зохих хэмжээгээр дэвшил мөн. Өнгөрсөн сонгуулиар бид бул хар чулуудыг авч хаясан. Саяын өөрчлөлтөөр ждүчдийг ховхлох гэж байна. Үр дүн эцэслэгдээгүй. Юм муудаж байгаа ч цаагуураа дэвшээд л байна. Одоо бидэнд авил
Aimaar um aa.. erdem nom suraad ch yahiin, ayga ugaagchaar udirduulah tavilantai bjee... harvardad 4-5 jil surj tugsdug um blee... neg ikh surguulid buren sursan uu daa...
ЗАЛУУ ХҮНД УРАМ Ч ТАШУУР Ч АЛЬ АЛЬ НЬ ХЭРЭГТЭЙ. БИД ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИЖ БАЙЖ ТЭД ЗОРИГТОЙ УРАГШИЛНА. МУУ МУУХАЙГААР БУЛААД БАЙВАЛ....
Энэ нээрээ бүтэхгүй ээ. Энэ маань ч бүтэхгүй нь, бид ч бүтэхгүй нь. Чухам хэн нь, хаанаа бүтэхгүй байгаа зааг ялгааг ухахад бас бэрх. Нэг бол энэ хүн, түүнийг баг түүнийг вакуумын хөндийгөөр оруулаад чирж байна эсвэл бид өөрсдөө, цаанаасаа, өөрийн мэдэлгүй бүр нэг албан тушаалтанд ая тал засах нь гэм биш зан болсон ард түмэн шиг. Үеийн үед, үрийн үрд л ийм хий хоосон үзэл суртал... Энэ маань гэхдээ бүтэхгүй ээ. Баттай мэдэж байна, бүтэхгүйг нь...