Хэзээ болих ёстойг залуус харуулдаг гэдэг. Ерөөсөө амьдралын бүх хэлбэрийн зөв зүй тогтол нь, энэ. Хаа очиж МАН гэх том айл үүнийг маш сайн ойлгодог. Энэ нам боловсон хүчнээ бэлтгэж, мөн хэрэгтэй цагтаа залууст эрх мэдлээ шилжүүлж ирсэн. Ингэхдээ хэзээ ч тохиолдлын хүний гарт төрийн жолоо атгуулдаггүй уламжлалтай. Заавал бэлтгэж боловсруулсан хүндээ дамжуулаад байдаг. Х.Чойбалсан Ю.Цэдэнбалд төрийг залгамжлуулснаас эхлээд сүүлийн жишээ гэвэл өнөөдөр сайн, муугаараа дуудуулж яваа ч Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх хүртэл бүгд шинэчлэл шүү дээ.
Саяхан нялх биетэй эмэгтэйтэй зүй бус харьцсан асуудалтай холбоотойгоор У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон. Ямар чухал огцролт байсныг Орост өрнөж буй үйл явдал нотлон харуулж байна. Иргэдээ сонсож, хариуцлага хүлээж чадаж байгаагаа харуулахын зэрэгцээ хэрэвзээ олон нийтийн үймээнд уриалах хүчин оршиж байгаа бол энэ ухаалаг алхмыг хийснээрээ түүхэнд үлдэх учиртай. Энэ явдал ингээд дууссан. Харин үргэлжлүүлээд эрх баригч МАН ямар ч эргэлзээгүйгээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Ийнхүү 1980-аад оныхон улсын жолоог залган авч байгааг тунхаглав. У.Хүрэлсүхийн даргалж буй Ардын нам хийдгээ л хийлээ. Яагаад Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Засгийн газрыг тэргүүлж байгааг гайхаж байгаа хүн алга. Тэр л ирэх ёстой байсан. Үүнтэй нэг нам байтугай нийгмээрээ эвлэрсэн нь аман яриа, цахим орчин гээд бүх өгөгдлөөр илт байна. Энэ бол өнөөдөр бидэнд тэмцэгч, үр дүнд хүрэгч, тэр байтугай дүрмийн бус Ерөнхий сайд хэрэгтэй хэвээр байгаагийн илрэл юм. Зүгээр өмнөхөө л харж явдаг, эсрэг намаа элдэв үгээр хэлчихээд л өөрөөрөө бахархаад сууж байдаг биш, өөрийнхөө нам дотор цэвэрлэгээ явуулдаг, шаардлагатай бол журмын нөхдөдөө ч арга хэмжээ авч чаддаг нь хэрэгтэй. Монгол Улс эрүүлжих гэж зориглосон бол эрүүлжих л ёстой болохоос хагас хугас, халтар хултар үлдэх хэрэггүй гэсэн олны хүсэл байна.
Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн хэр чансаатай улстөрч вэ гэдэг тухайд бол улс төрд мөнгөөр зодож орж ирээгүй гэдгийг нь тодотгоод орхиход л хангалттай байх. Харин нам дотроо хэнийг бараадаж, үгсэж өнөөдрийг хүрсэн тухайд ойлгомжтой. МАН-ын дарга У.Хүрэлсүх. У.Хүрэлсүх явахдаа өөрийнхөө оронд түүнийг тавилаа гэсэн шуугиан бол байна аа. Тэр тусмаа л сайн биз дээ. Эхэлсэн ажлаа дуусга гэж МАН-д ард түмэн хоёр дахь удаагаа УИХ-д үнэмлэхүй ялалт өгсөн. Тийм болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагасан хуулийн шинэчлэл, улстөрч, албан тушаалтнууд дунд хийж байгаа ёс зүйн цэвэрлэгээ, шударга ёс тогтоох ажилдаа цэг тавих ёстой. Үүнийг өмнөх засгийн гал тогоог барьж байсан хүнээс илүү хэн чадах юм бэ. Эхлүүлсэн бол дуусгах ёстой. Дуусгахдаа ялах ёстой зодоон эхэлчихээд байна. Энэ өнцгөөс нь харах учиртай юм.
У.Хүрэлсүхийн Засгийн газар, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гурван жилд юу хийж байсан бэ гээд цөөн жишээ татахад 60 тэрбумаар албан тушаал арилжсан гэх асуудлыг мухарлахаар тэмцсэн, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авсан. Сүүлээс нь гэвэл Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа 2050”-ыг боловсруулсан, Оюутолгойн гэрээг эргэж харах ажлыг эхлүүлсэн нь санаанд бууж байна. Хоёр богино өгүүлбэрт багтаж байгаа ч энэ бүхэн ардаа тус бүрдээ мөнгө төгрөгтэй олигархиудын эсрэг тэмцсэн олон ангит кино шүү дээ.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь Монголд ирсэн ч монголын ард түмнийх болоогүй. Салхит дээр гэхэд ямар их авлига илэрч, түүнд нь хэчнээн шүүгч орооцолдов. Оюутолгой ч ярьсаар улиг болсон сэдэв. Эрдэнэт, Оюутолгой, Салхит гээд байгаа энэ их эд баялаг чинь Үндсэн хуулиар ард түмний өмч. Алсын хараа 2050 чинь бидний ирээдүй. Тэр авлигачин, айлгаачин, албан тушаалын наймаачид бол Монголын дайсан. Төр хяналтаа тогтооход Салхитаас ахмадын зээл тэглэх хөрөнгө, Эрдэнэтээс ард түмний ус, дулааны мөнгө зүдэх юмгүй гарч байна. Цаашлаад Оюутолгойтой ашигтай тохиролцож болох юм байна гэсэн итгэл ч төрж эхэллээ. Тийм болохоор Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн явдал Халх голд Жуков ирсэнтэй дүйнэ гэж ойлгоход буруудахгүй. Монголчууд тонуулж, дээрэмдүүлж, дээрэлхүүлж ханасны баталгаа бол шинэ цагийн залуу улстөрчдийн нийтлэг эрмэлзэл, тэмүүлэл юм. Тэдний төлөөллөөс Ерөнхий сайд боллоо, болоо.
Л.Оюун-Эрдэнийн бас нэг авах чанар бол жуулчин татна, түүхээ алдаршуулна гээд хэл аманд ороод явдаг нь л даа. Улс маань одоохондоо өнөө хөгжсөн орнууд шиг баян цатгалан болж амжаагүй болохоор элдэв жижиг юм хийгээд шоолуулаад байгаа байх. Гайгүй юм үзсэн гаднын хүнд бол хэлэхэд ч ичмээр улсын төсөвтэй шүү дээ. Ийм нөхцөлд Хятадад ч тийм юм барьсан, Франц, Туркэд ч ийм байдаг гээд муулаад суух бол “Сүн далайн чинээ сүү нэхэж” байгаа хэрэг. Боломж хэмжээгээрээ бөөн цөөн юм өрж л байх нь эхлэл. Хэдэн хүн чулуунаас өөр юмгүй шахам л байсан даа. Ийм байхдаа сургууль эмнэлгээс илүү гарахгүй яваад байвал газрын мухар, хөршийнхөө муж л болж харагдана.
Эцэст нь дүгнэхэд, ерөнхий зургаараа МАН өнөөдөр залуусын гарт байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар бол дөч шүргэж яваа л эрчүүд. 100 жилийн түүхтэй нам дөчин настнуудаа түшээд зогсож байгаа гэсэн үг. Аль аль нь хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болж чадсан байна. МАН-ын өнгөрсөн хэдэн удаагийн үнэмлэхүй ялалтын гавьяа хүссэн ч эс хүссэн ч Д.Амарбаясгалантай холбогдоно. Тийм болохоор энэ хүн сайд, дарга болъё гэвэл болчихоор өчнөөн боломж байлаа. Одоо ч байгаа. Гэхдээ намын ажил хэр чухал, хүнд болохыг мэддэг, бусдад боломж олгохын чухлыг ойлгодог хэвээрээ л амьдарч байна. Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэдэг хоршил гарч ирснээ зарлалаа. Энэ хоршлоос хүлээх юм асар их бий. Нам талдаа, төр талдаа ажлаа мэддэг, залуу үе ирлээ. Хэрхэхийг нь цаг хугацаа харуулна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Шинэ Засгийн газар бол 30 жилийн инерцээс Монгол орноо салгаж буй залуу болон ахмад ШУДАРГА хүмүүсийн итгэл найдвар мөн. Эргэлзэх огт хэрэггүй!!!!\n Болохгүй байгаа бүхнийг засаад л явна. Харж л байгаарай.\n\nЭнэ бол шударга ёсны хувьсгалын 2р үе эхэлж байгаа гэж ойлгогдоно. Энэ 2р үе 2024 оны УИХ -ын сонгууль хүртэл үргэлжлэнэ. Тэр үед нь дүгнэе.\nНаана нь дэмий юм ярьж үймүүлэх гэж оролдоод МОНГОЛ УЛСАД МААНЬ ОГТ ХЭРЭГГҮЙ.\nХарин Монголчууд бид өөрсдөө хариуцлагатай байхаа бас мартах ёсгүй .\nБид нэг л эх оронтой...
Утсан хүүхэлдэй, адилхан поп хошигруулагч
Mia mia
80 онд төрсөн хүмүүс коммунист байх боломжгүй, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байна,
Кабинетаа мэргэжлийн чадалтай хүмүүсээр бүрдүүлээрэй. Хүн эмнэлгийн тусламж хүсч амь тавьж байхад хөдлөөгүй туслаагүй байж сайдаа огцруулахгүй гэж зохион байгуулалттай жагсаал хийлгэж байдаг Мөнхсайхан 1рт огцрох ёстой.Короно алдсан энхсаранд зөвшөөрөл өгч Эмя ыг корон д бэлэн гэж ард түмниыг хуурсан поп хатан Сарангэрэл 2 т .огцрох ёстой.
Засгийн газар огцроогүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ бол бүр ч үгүй. Зүгээр л засаг тэргүүлдэг нэг коммунист нөгөө коммунистаар солигдож байгаа юм. Засгийг огцруулъя гэвэл коммунистуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь халах явдал юм.