О.Оюунзул: Цаг үргэлж суралцаж, бусдадаа түгээхийн төлөө хичээсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны Бүтээмжийн шилдэг мэргэжилтэн О.Оюунзултай ярилцлаа. Тэрээр, Спорт цогцолборын чанар, бүтээмжийн мэргэжилтнээр ажиллаад жил хагас болжээ. 


 

-Юуны өмнө 2020 оны Бүтээмжийн шилдэг мэргэжилтэн болсонд нь баяр хүргэе?

-Баярлалаа.

-Та Бүтээмжийн мэргэжилтнээр хэдэн жил ажиллаж байна?

Би 2010 онд Спорт цогцолборт усан сангийн гэрээт багшаар ажилд орсон юм. 2016 онд бүх гэрээт ажилчныг халахад гарч, 2017 оноос цэвэрлэгч, бүтээмжийн чиглүүлэгчээр давхар ажилласан. 2019 оны 6-р сараас үндсэн орон тооны чанар, бүтээмжийн мэргэжилтнээр  ажиллаж байна.

-Хэрхэн ажиллаж үр дүнд хүрсэн туршлагаасаа хуваалцана уу?

Манай цогцолбор дээр хэсгийн дарга, үнэлгээчдээс бүрдсэн Бүтээмжийн зөвлөл ажилладаг. Эхний ээлжинд эднийгээ Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын программд идэвхтэй оролцуулсан. Ингээд ажилчдаас гарч буй саналыг хянах, үнэлэх хурлыг  сар бүр тогтмолжуулсан. Хоёрт, саналын систем дэх оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон. Ингэхдээ 111 ажилтандаа тасралтгүй сургалт явуулсан. Сайн санал гэж юу болох, саналын программ, хэрэгжүүлэх процессын тухай дэлгэрэнгүй ярьж таниулдаг байсан. Үүний үр дүнд оны эцэст манай 111 ажилтнаас 91 ажилтан саналын программд 411 санал гаргаж оролцсон. Гуравт, бид  саналын хэрэгжилтийг үйлдвэрийн газрын дунджаас дээшлүүлэх зорилт тавьсан. Өмнөх онуудад санал гаргадаг, хэрэгждэггүй. Хэрэгжихгүй болохоор санал гаргах хэрэггүй мэт ойлголт  байсан. Иймээс, гаргасан саналыг хэрэгжүүлэх тал дээр Бүтээмжийн зөвлөл хэрэгцээт бараа материалыг олгох, арга аргачлалыг зааж, зөвлөх гэх зэргээр  ихээхэн анхаарсан. Үүний үр дүнд 146 саналыг амжилттай хэрэгжүүлсэн. Өмнөх онтой харьцуулбал саналын хэрэгжилт гурав дахин нэмэгдсэн. Дөрөв дэх зорилт  ажлын байрны түвшнийг нэг шатаар ахиулж, сайжруулахыг зорьсон. Манайх нийт 69 ажлын байртай. Өмнөх жилүүдэд 3С-ийн түвшинд ажилласан бол бид сар бүр, улирал тутам сайжруулах зөвлөгөө өгч ажилласнаар оны эцэст 4С-ийн түвшинд хүрч ажилласан.

-Бүтээмж чанарын дугуйлангуудын үйл ажиллагаа  хэрхэн өрнөж байна?

Манай 102 ажилтан бүтээмж чанарын есөн дугуйланд хуваагдан ажилладаг. Дугуйлангууд маань өнгөрсөн онд нийт 43 төсөлт  болон жижиг сайжруулалтын ажил хийсэн. Энэ ажлын үр дүнд тоног төхөөрөмжийн ашиглалт уртсах, ажлын процесс, ажлын байрны орчин нөхцөл сайжрах, аюулгүй ажиллах боломж бүрдсэн. Эдгээр ажлыг хийснээр 30 гаруй сая төгрөгийн бодит хэмнэлт гарсан.

-Дугуйлангийнхаа шилдэг төслүүдээс яривал..?

Манай техникийн хэсгийн “Далд фронт” дугуйлан хугацааны релейг суурилуулснаар цахилгааны багагүй хэмнэлт гаргасан томоохон төсөлт ажил хийсэн. Мөн Цанын баазын хэсэг дээр үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн цанын прокатын өрөөг өөрсдөө  тохижуулсан. Үйлчилгээ аж ахуйн хэсгийн “Хангарьд” дугуйлангийнхан ажлын процессыг хөнгөвчилсөн тэргэнцрүүд хийсэн. “Чадвар”, “Далд фронт” дугуйлангууд хамтран хог хаягдал, шороо тоостой дээврийн хөндийг зочид буудлын угаалга индүүдлэг, хатаалгын өрөө болгон тохижуулсан. “Таван хуруу” дугуйлан нарийн бичгийн өрөөний ард архивын өрөөг шинээр гаргаж, тохижуулсан. Гурван давхрын заалны нэг хэсэгт нум сум харвааны дугуйлан хичээллэдэг. “Шигшээ баг” дугуйлан энд хана босгож өгснөөр үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан. Мөн алдрын буланг бас тохижуулан, алдартнуудын танилцуулгыг шинэчилж, өмсгөл зүүсгэлийг нь ч  байрлуулсан. Энэ мэтчилэн маш олон бүтээлч ажил хийсэн. Мөн манай мужаан өрөөгөө Эрдэнэт үйлдвэрт жишиг  болгох зорилт тавьж, тохижуулаад  шилдэг ажлын байраар шалгарсан.

-Ажилчдын ихэнх нь санал гаргажээ. Энэ үзүүлэлтээрээ үйлдвэрийн хэмжээнд нэлээд дээгүүр орсон байх?

Манай ажилчдын 82,1 хувь нь санал гаргасан. Энэ үзүүлэлтээр Судалгааны төв 96 хувьтай, манайх дараа нь орж байгаа байх. Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын систем дэх  дундаж оролцоо 35 хувь байсан. 

-Та бүхний гаргасан  саналын хэд нь маш сайн саналаар үнэлэгдэв?

Манайхны 411 саналаас маш сайн 6, сайн 74, энгийн 227, бусад нь ач холбогдол багатай санал байсан. Саналын урамшуулалд хувь хүмүүс 2 сая 126 мянган төгрөг авсан. Хэрэгжүүлсэн төслүүдийнхээ  урамшуулалд  6 сая 333 мянган төгрөг хүртсэн.  Бид ажлын байрны орчноо сайжруулсныхаа төлөө 1 сая 450 мянган төгрөгийн урамшуулал авсан. Манайхан их урамтай байгаа.

-Танайх бүтээмжийн үйл ажиллагааны нийлбэр дүнгээр өнгөрсөн онд үйлдвэрийн бүх цехийг тэргүүлжээ. Энэ ажлыг хариуцсан мэргэжилтний амжилтын нууц юунд  байна?

Шинэ орон тоо учраас  өмнө хийсэн зүйлийг харж үргэлжлүүлнэ гэж байсангүй. Монголын бүтээмжийн төвийн сургалтад хамрагдаж, Хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдээс байнга зөвлөгөө авч, онлайнаар сурах зэргээр өөрийгөө хөгжүүлж, улмаар ажилчдадаа сурсан болгоноо түгээх гэж их хичээсэн. Ер нь сэтгэл, зүтгэл байхад бүтэхгүй зүйл үгүй. Ажилдаа дадлагажих, суралцах, сургах гэхчлэн өдөр бүр илүү цагаар ажиллаж байсан. Манайх 2-12 насны таван хүүхэдтэй. Ар гэртээ санаа зоволгүй сурч хөгжих, ажилдаа бүхнийг зориулахад тусалсан ханьдаа баярлалаа.  

-Танай удирдлагын зүгээс бүтээмжийн ажлыг хэр дэмждэг вэ?

Манай цогцолборын дарга Монголын бүтээмжийн төвийн мэргэжилтэн бэлтгэх анхны сургалтад хамрагдаж байсан болохоор бүтээмжийн үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй. Цехдээ 5С-ийн аудитын баг байгуулан өөрөө ахлан ажиллаж байгаа. Ажлын байрыг өөрөө нэг бүрчлэн шалгаж, заавар, зөвлөгөө өгдөг. Төслийн хамгаалалтад ч мөн оролцдог. Ер нь л бүтээмжийн үйл ажиллагааг өрнүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн хүн дээ.

-Бүтээмжийн ажилд сургалт их чухал юм байна.  Ажилчдаа сургах, хөгжүүлэх боломж нөхцөлөөр танай цогцолбор хэр хангагдсан  бэ?

Манай цогцолбор ажилчдынхаа тав тухтай орчныг бүрдүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилгоор цайны газраар ашигладаг байсан өрөөг орчин үеийн шийдэлтэй, том дэлгэцтэй сургалтын танхим болгон тохижуулсан. Энд ажилчдад зориулсан Бүтээмж, ХАБ, спортын тэмцээний өмнөх, ажилчдыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтууд явуулж байгаа. Энэ ч бидэнд ихээхэн өгөөжтэй байгаа.

-Ирэх жилийн зорилтынхоо талаар ярина уу?

2021 онд цехийн бүтээмжийн зөвлөлөөс төслийн үр ашгийг эдийн засгийн тооцоололтой, арай ахисан түвшинд хүргэнэ гэсэн зорилттой байгаа. Дугуйлангуудын төслийг илүү чанаржуулж, үйл ажиллагааны процессыг илүү сайжруулах тал руу анхаарч, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top