Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай уулзалт хийлээ

2021 оны 01 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021.01.28/ Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай цахим уулзалт хийлээ.

Европын холбооны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд манай хоёр тал тэргүүлэх чиглэлээ хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр талын эдийн засаг, бизнес, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор дэмжихэд түлхүү анхаарч ажиллах санал дэвшүүлэв.

Тухайлбал, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоо, Европын орнуудаас дэвшилтэт технологи, нөү-хау, мэдлэгийг хослуулан нэмүү өртөг шингэсэн, харилцан ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны төдийгүй манай хоёр хөршийн зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий болох юм.

Үүний тулд Монгол Улс боловсруулах салбарын дэд бүтцийг барихад анхаарал хандуулж, говийн бүсэд төмөр замын бүтээн байгуулалт, мөн төвийн бүсэд “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын төслийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Монгол орны говийн бүсэд нүүрлээд буй цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд 1,000 гаруй км усжуулах хоолойн судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байгааг дуулгасан юм.

Уулзалтын үеэр дэлхий даяар тархаад буй коронавируст цар тахлын хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар санал солилцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Европын холбоо болон гишүүн улсаас Монгол Улс вакцин авах асуудлаар дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен цар тахлын хямралыг дэлхий улс орнууд хамтын хүчээр даван туулна гэдгийг онцолж, энэ хүрээнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналуудыг ажил хэрэг болгох чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бо(202.179.26.3) 2021 оны 01 сарын 29

Болж байна ажиллаад бай ерөнхийлөгчөө амжилт.

0  |  0
Top