Банкуудын IPO-г хүлээн авахад хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц бэлэн гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгөтэй банкууд нээлттэй компани болж, хөрөнгийн бирж дээр гарахад манай улсын хөрөнгийн зах зээл бэлэн үү гэдэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан дараах хариултыг өгч байна.

Хөрөнгийн зах зээл дээр 2005 онд анхны IPO буюу олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болж гарч байсан. Түүнээс хойш нийт 24 компани IPO хийж, нэмж 11 компани хувьцаагаа гаргаж өнгөрсөн оны жилийн эцсээр зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгт хүрсэн. Мөн 19 компани бирж дээр компанийн өрийн хэрэгсэл буюу бонд, хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа нийтэд санал болгож амжилттай гаргасан. 

Харин 2014 оноос Засгийн газрын үнэт цаасыг биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн зэрэг нь манай улсын иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн ойлголтыг ихээр нэмэгдүүлсэн. Эдгээр бүтээгдэхүүнд зөвхөн дотоодын иргэд, хөрөнгө оруулагчдаар зогсохгүй олон улсын санхүүгийн байгууллага, гадны хөрөнгө оруулагчид ч хөрөнгө оруулж, хөрөнгийн зах зээлд оролцож байсан. Түүнчлэн УИХ-аас 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хөрөнгийн зах зээлийн суурь хууль тогтоомжуудыг олон улсын жишигт нийцүүлж шинээр болон шинэчлэн баталсан.

Энэ бүхнээс дүгнэхэд, хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр иргэд, хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолд нийцсэн, сайн бүтээгдэхүүн борлуулбал хөрөнгө оруулах боломж бүрэн бий. Дэд бүтцийн хувьд ч банкууд хувьцаагаа олон нийтэд саннал болгоход ямар ч саад бэрхшээлгүй, бэлэн байдал бүрэн хангагдсан гэж хэлж болно гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top