ТЭСРЭХ ЦАГ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

-ГАНЦ Ч САЙДГҮЙ СҮ, ГАЛ УНТРААХ ТӨДИЙ ГАНЦ САЙДТАЙ МИЕЭ, ХООСОН ХОЦОРСОН ХОЁР ЗАГАЛ-

 

Шинэ үеийн гэх тодотголтой Засгийн газар төвхнөлөө. Өмнөх засагт ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар улирч ажиллахаар болоод байгаа юм. Харин шинээр Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд томилогдсон бол шинээр томилогдсон Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар сошиал эсэргүүцэлтэй тулгаран ажлаа эхлүүлж байна. Шинэ үеийн Засгийн газрын гал тогоог өмнө нь долоон удаа сайдын алба хашиж байсан Ц.Нямдорж барихаар болов. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын цор ганц гал хамгаалагч нь тэр байж магадгүй. Улс төрийн их л олон дайралтыг шингээх, Засгийн газрыг бүхэлд нь “базах” хариуцлагатай албанд түүнийг томилсон нь санаандгүй зүйл биш бололтой. Дийлэнх нь залуусаас бүрдсэн Засгийн газрын тулгуур, ноён нуруу Ц.Нямдорж дээр явах нь гарцаагүй болж байна.

Гэхдээ энэ удаагийн засгийн хуваарилалтад Сү.Батболдын фракциас нэг ч хүн орж ирээгүй нь олны анхаарлыг татаж байгаа юм. Эрх баригч намынхан Сү-тэй учраа олохгүй бол аль ч тохиолдолд томилгоо, ажил урагшаа явдаггүй хэмээн ярьдаг. Сү-гийн фракцийн саналыг засгийн тэргүүн хүлээж авалгүй оронд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг санал болгосон ч “голсон” гэдэг. Тиймээс Сү-гийн фракцийнхан энэ удаагийн засагт орж ажиллахгүй хэмээн шийдэж нэг ч хүнээ “жижиг” яаманд сайдаар томилуулсангүй. Сү.Батболдын фракцид өөрөөс нь гадна Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Б.Энхбаяр, Н.Энхболд гишүүд багтдаг. Тэд эрх баригч намын 62 суудлын 12-ыг нь зангиддаг гэсэн үг. Тэр утгаараа нөлөө бүхий хэдий ч энэ удаагийн бялуу хуваалтын гадна үлдлээ. Магадгүй шинэ үеийн Засгийн газрын илүүтэй анхаарвал зохих хамгийн том анхаарлын тэмдэг Сү-гийн фракц болж байгаа юм.

МАН-ын бүлэг доторх хамгийн том нь нэгдэл нь М.Энхболдын тэргүүлдэг хотын фракц байна. 2020 оны сонгуульд тэд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нарын 18 гишүүнтэй болсон. Тэднээс Засгийн газарт Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон нь харин олны талархлыг хүлээсэн томилгоо болсон. Үүнийг Ж.Мөнхбат зохион байгуулсан гэх яриа бий. Гэхдээ Ерөнхий сайдаас гадна 16 сайдаас ердөө нэгийг авна гэдэг бол гал унтраах төдий ганц л сайдын суудал өгсөн нь цаашид бас Л.Оюун-Эрдэнийн анхаарч л байх ёстой асуудлын нэг хэвээр байх нь. Өмнөх талцал хуваагдлын ангал хэр анигдсан нь мэдэхгүй ч гомдол тээсэн хүмүүс байж мэдэх л юм.

Ингэж фракц бүрээр нь нэрлээд байгаагийн учир нь Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь улс төрөөс хол хүмүүс тул тэдэнд чиглэсэн дайралтуудад хариу өгч чадалгүй намнуулдаг. Тиймээс аль аль талын эрх ашиг энэ Засгийн газарт шингэж чадсан уу гэдгийг харуулахыг зорилоо.

Аль ч фракцид хамаардаггүй хоёр гишүүн байдаг нь Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар. 2012 онд УИХ-д бие даан нэр дэвшиж орж ирснээр эрх барьж байсан Ардчилсан намд хэрэгтэй байсан хоёр кнопыг өгснөөр тэд МИАТ-ыг авсан гэдэг яриа улс төрийн хүрээнд өрнөж байв. 2017 онд МАН дотроо 32, 33-ын бүлэг болж хуваагдан тэмцэл өрнөсний дараа Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болж байлаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Х.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулахаар ярьсан ч эцсийн бүлэгт томилгооны нэг байж чадсангүй. Хоосон хоцорсон “хоёр загал” Засгийн газрын гишүүдийг томилох үеэр байр сууриа илэрхийлэв. Х.Болорчулуун гэхэд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хаягласан ширүүн үгнээс үзэхэд засгийн эсрэг байр сууринаас ажиллаж мэдэхээр байна. Аль ч бүлэглэлд харьяалалгүй яваа Ж.Сүхбаатар гишүүн Ц.Нямдорж сайдыг засагт эргэн ирэхэд дургүй байгаагаа илэрхийлэн цахим хуудаснаа өөрийн байр суурийг илэрхийлээд авсан. Үүнээс үзэхэд 62 суудалтай МАН-ын бүлгийн гишүүдийн 43 нь ямартай ч анхаарлын тэмдэгтэй болсныг Ерөнхий сайд гадарласан байх.

Хөл толгойгоо олохоо байсан Ардчилсан намынхан бүх асуудалд сөрөг хүчний байр сууринаас хандаж буруу байсан ч буруу, зөв байсан ч буруу гэх хандлагаар асуудлыг сөрж зогсоо. Тэд парламентад 11-үүлээ. Засгийн газрын сайн шийдвэр ч тэдэнд муу муухай болж харагдана. МАХН-аас сонгогдсон С.Ганбаатар бодлого тодорхойлж, шийдвэр гаргахаасаа илүү гудамжинд загсаал зохион байгуулж ард түмний дэмжлэгийг авахаар зориг шулуудсан. Түүний хувьд үе, үеийн Ерөнхийлөгч нараас бусдыг “будаа” болтол ниргэдэг. Хор, хохирол ихтэй улстөрч. Тэр хэрээр нэр хүндээ өсгөж явдаг.

Н.Алтанхуягийн хувьд Засгийн газрыг дэмжээд байгаа ч юм шиг, дэмжихгүй байгаа ч юм шиг тун тодорхойгүй байдалтай нэг жилийг үдэж байна. Зарим тохиолдолд эргээд Ардчилсан намдаа очиж даргын сэнтийд суух бодолтой мэт ч нөгөө талд нь Ардчилсан намын хойдохыг уншихаар улайрч мэт нот-гүй ая тоглож сууна. Шинэ сайд нар шилээ маажихад хүргэх нэг хүн нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл буюу “Шилэн Цогоо”. Ямар ч томилгоонд очихгүй гэж байгаад сайд нарыг шилэн дансаа хөтлөхийг шаардан цахим сүлжээнд данс хөтлөлтийн талаарх мэдээллийг ил болгож бужигнуулсан. Тэрбээр хоёрдугаар сарын 15 гэхэд тайлангаа байршуулаагүй бүх сайд нарт анхааруулга, шаардлага хүргүүлнэ гээд мэдэгдчихсэн харагдсан. Энэ мэтчилэн Засгийн газарт зайлшгүй анхаарах ёстой ажил, эрх ашгийн нэгдлийг тэнцүүлэх томоохон ачаа ирж байна.

Засгийн газраа бүрэн бүтэн авч явна гэвэл аль альд нь тал алдахгүй байх хариуцлага гэхээс илүү хачин байдалд явж орохоос өөр аргагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан засаг руу чиглэсэн Ерөнхийлөгчийн пи арынхан ямар чулуу нисгэхийг таах боломж одоогоор алга. Ерөнхийлөгчтэй үзэж ирсэн цор ганц гэж болох улс төрч нь Ч.Хүрэлбаатар байсан. Одоо тэр “Шар хүний өмнөөс хар хүн” гэгчээр өөртөө гал дуудан гүйх нь юу бол. Гэх мэтчилэнгээр улс төрд сонирхолтой процессууд үргэлжилнэ. Магадгүй Ерөнхий сайд ганцаардах үед хэн түүний дэргэд байх вэ гэдэг нь тунчиг сонирхол татаж байна. Үе, үеийн Ерөнхий сайд нар дарьтай торхон дээр сууж ажлаа явуулж, эрх ашгийн нэгдлийг хангаж ирсэн. Харин “Шалаар нэг шалдан сайд нар” гэж хэлүүлэхгүйн тулд Л.Оюун-Эрдэнэ ямар нүүдэл хийх вэ.
Тэр тэсрэх хэрэгтэй. Өөрийн хүч, орон зайг бий болгох цаг ирлээ. 1980-аад оны залуус хэрхэн ажиллахыг харуулах хамгийн боломжит цаг хугацаа, гараан дээрээ ирсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.212.116.12) 2021 оны 02 сарын 02

Бодсон юм аа. Үнэний ортой байж. БОЛОРЧУЛУУНЫГ ХХАА Сайдаар томилуулах / горьдлогонд /замд нь Нямка тээг тавьчсан хэрэг. Түүнээс энэ Болор нүүрс гурил ,эх оронч,олон улсын гэрээ эрх зүйч болох чадваргүй байж хэрээ мэдэхгүй орлиод байжээ.

0  |  0
Онон нтр(139.5.216.88) 2021 оны 02 сарын 02

Гачууртын Чинбатаар дутсан ЗГ

0  |  0
Мөнх(103.212.116.147) 2021 оны 02 сарын 02

Шийдэмгий зоригтой ажиллах хэрэгтэй амжилт

0  |  0
Иргэн(66.181.190.23) 2021 оны 02 сарын 02

уртнасан гэж хүүхэн ч төрийг самран даа. Эцэст нь ард түмэн улс хохироод үлдэнэ. Ийм новшнуудыг зайлуулах хэрэгтэй

0  |  0
зочин(124.158.124.144) 2021 оны 02 сарын 02

НОМИН САЙД, УРТНАСАН САЙД, хоёр СҮ -гийн Хүүгийн найзууд. дандаа уул уурхайн олигархиудын хүүхдүүд, гэр бүлийн найзууд гэж бна ш дэ

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 02 сарын 02

Urtnasan bol demiidee Mongol ulsad oor BOY nii saidaar tawicnih hun slga uu

0  |  0
Zochin(150.129.143.101) 2021 оны 02 сарын 02

Улс орны толоо гэхээсээ хэн нэгний толоо нэгдсэн фракц нэртэй луйварчидаас залхаж бна

0  |  0
Иргэн(192.82.72.20) 2021 оны 02 сарын 02

Нинжжамц өөрийнхөө нөгөө ажилдаа орж дээ

0  |  0
Монгол улсын иргэн(89.187.185.165) 2021 оны 02 сарын 02

Худал мэдээ байна шүү шинэ ЗГ чинь Сү.Батболдын хүү гэх Б.Баттүшигийн бүх найзуудын ЗГ гэж байна.

21  |  0
Болд(103.57.92.65) 2021 оны 02 сарын 02

Зандангийн фракцыг налсан нь онож таарна шүү. Б.

0  |  0
болд(139.5.218.221) 2021 оны 02 сарын 02

ШИНЭ ЗАСГАА ДЭМЖИЖ АЖИЛЛАЯ. ЗАЛУУЧУУДЫН ЭРДЭМ МЭДЛЭГИЙГ АШИГЛАЯ. ТЭДНИЙГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДААС ХАМГААЛАЯ.

1  |  12
Top