Хүн гүтгэдэг САЙД УУ, ял төлөвлөдөг ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

-Х.Нямбаатар Х.Баттулгыг гүтгэсэн үү, эсвэл Х.Баттулга гүрийж байна уу гэдгийг шүүх эцэслэн тогтооно- 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад чиглэсэн ноцтой мэдэгдэл, нөгөө талд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт өгсөн хариу мэдэгдэл эцэстээ тэднийг шүүх дээр уулзуулахаар боллоо.

Энэ удаад шүүхэд гомдол гаргах хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч байх бол хариуцагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байх нь тодорхой болж байна. Харин Х.Нямбаатар Х.Баттулгыг гүтгэсэн үү, эсвэл Х.Баттулга гүрийж байна уу гэдгийг шүүх эцэслэн тогтооно. 

Тэгвэл шүүхийн шийдвэрээс шалтгаалж хүн гүтгэдэг, худлаа ярьдаг Хууль зүй, дотоод хэргийн сайдтай юу, эсвэл үнэхээр шүүгч нарыг Төрийн ордонд өрөөндөө дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг нь даалгадаг төрийн тэргүүнтэй юу гэдэг нь ил болох юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёрын хэн нь хэнийхээ хүзүүнд "олс зүүх" нь шүүхийн шийдвэрээс шалтгаална гэсэн үг.

Тэдний шүүх дээр уулзах болсон шалтгаан нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар парламентын танхимаас Ерөнхийлөгчид хандаж, ноцтой мэдэгдэл хийсэнтэй холбоотой.

Тэрбээр "Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн тухай хууль, авилгын эсрэг хуулиудыг шинэчлэн батлах ажлыг энэ Засгийн газар хамтдаа хийлээ. Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах үйл явц амаргүй байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтаас эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн. Цаашид эдгээр хуулийн хэрэгжилт Монгол Улсад шударга ёсыг тодорхой алхам болно гэж итгэж байна" хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин түүнээс хэд хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар улираан томилсон юм. Шинэ Засгийн газрын тэргүүн болон сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзах үеэрээ Х.Нямбаатарын мэдэгдэлд хариу мэдэгдэл өгсөн.

Тэрбээр "Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ, яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гурван давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос МАН-ын Хууль зүйн сайд биш шүү” гэсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гончиг(124.158.83.178) 2021 оны 02 сарын 02

хэлмэгдсэн нь ил болсон чимгээ соднодаржаа хоёрыг суллуулах ажлыг ямар учраас түгжээд суугаад байна вэ өөрт нь ашиггүй гэж буруу ойлгоод байна уу. дахин сонгогдоход хамгийн их нөлөөлөх асуудал энэ мөнөөс мөн шүү Иргэд бүгд дариу сулла гэж шаардаад байгааг мэдмээрдээ

1  |  0
(66.181.168.131) 2021 оны 02 сарын 02

Nyambaatar hujaa shoohuuz zailaa

0  |  3
иргэн(43.228.130.185) 2021 оны 02 сарын 02

Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог болохоор зарим шүүгчийг дуудаж уулзах анхааруулга санамж өгөх асуудал байх шүүдээ. Ялангуяа авилгатай холбоотой асуудлаар.

1  |  3
Top