Статистикийн хуучин хэв маягийг хална гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар,  Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.

Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд  Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд  анхаарч ажиллахыг сануулав.

Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг тэрбээр онцлов.

Дараа нь Үндэсний статистикийн хороооны дарга Б.Батдаваа танилцуулга хийлээ. Одоогийн статистикийн үйл ажиллагаа нь уламжлалт арга буюу батлагдсан маягтаар мэдээлэл цуглуулж, сан бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хугацаа алдах, мэдээллийн ач холбогдол буурах, тусгайлсан үр дүнг боловсруулах боломж хязгаарлагдмал, хувь хүний хүчин зүйлээс хамаарал ихтэй зэрэг дутагдалтай.

Иймээс статистикийн хуучин хэв маягийг халж, төрийн байгууллагууд, яам, агентлагууд дээр байгаа мэдээллүүдийг нэгтгэх, холбох ажлыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж буйгаа танилцуулав. Мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлснээр төрийн байгууллагууд, судлаачид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд нэгдсэн нэг сангаас үнэн зөв мэдээлэл авах боломж бүрдэх аж.

Түүнчлэн статистикийн мэдээллийн чанар сайжирч, цаг хугацааны хоцрогдол арилж, төрийн шийдвэр гаргалт судалгаанд суурилсан, оновчтой болох давуу талтай юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.46.128) 2021 оны 02 сарын 03

Статистикийн газар дандаа худлаа мэдээ гаргаж, ЗГ магтан дуулдаг. Иргэдийн нэрлэсэн орлого өслөө, цалин нэмэгдлээ, ажилгүйдлийн тоо буурлаа гэх мэтээр. Анх Гончигдорж гэж балай өөрийн найз Мэндсайханыг Статистикийн дарга болгож, худл мэдээ түгээх, сонгуулийн царцааны нүүдэл үүсгэх эх үүсвэрийг тавьсан байдаг.

0  |  0
ЗОЧИН(192.82.75.61) 2021 оны 02 сарын 03

Батдаваа мундаг залуу даа

0  |  0
Иргэн(192.82.77.84) 2021 оны 02 сарын 03

Наад газруудаа нэгтгэ.

0  |  0
Top