Сангийн сайд АХБ-ны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Азийн хөгжлийн банкны зүгээс Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэхийн хамт Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын энэ хүнд үед үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлан нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид Азийн хөгжлийн банк, бусад хөгжлийн түнш улс, орнуудтай хамтран ажиллах стратеги, чиглэлийн талаар санал солилцож, өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн, цаашид төсөл, арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллана гэлээ.

Түүнчлэн энэ жил бол Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2021-2024 оны түншлэлийн стратегийг шинээр тодорхойлж, ирэх 4 жилийн хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох чухал цаг үе болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top