Төрийн шийдвэрээ нэг сувгаар хэрэгжүүл, дарга нар аа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Нийслэлчүүд Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 11-нээс буюу сар шинийн битүүний өдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, төрийн шийдвэрээ хүндэтгэн тав хоногийг өнгөрөөж байна. Энэ хугацаанд төр засгаас “Нэг өрх- нэг шинжилгээ” аяныг зохион байгуулж, тодорхой голомтуудыг хумисан. Нийслэлчүүд хоёр дахь удаагаа нэгдсэн хөл хорионд орж байгаа нь энэ удаагийн тохиолдол байлаа. Тиймээс ч ард иргэд энэ удаагийнх дээр илүү их зохион байгуулалт, ур чадварыг хүлээж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхойгүй шийдвэрүүд, ойлгомжгүй зүйлс байсаар байна. УОК-ийн шийдвэрийн дагуу 411 мянган өрхөөс шинжилгээ авахаар болж, өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай явж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн. Мэдээж энэ ажлын хүрээнд цар тахлын голомт байж болзошгүй, халдварын эрсдэлтэй гэж үзсэн газруудыг эхний ээлжинд шинжилгээнд хамруулсан гэж байгаа.

Гэвч хөл хорионы үед ажиллаж болохоор зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчдаас гэнэтхэн PCR шинжилгээний хариу нэхэж эхэлснээр өчигдөр өглөөнөөс нийслэлийн зам дээр үл ойлголцол, түгжрэл үүслээ. Удирдлагуудын шийдвэрийн дагуу ажиллаж болно гэж байгаа ч замын цагдаа нарынхаар шинжилгээний хариугүй бол хөдөлгөөнд оролцож болохгүй байдалд хүрчихлээ. Албан ажлаа хийж байгаа хүмүүс шинжилгээ өгөх гэхээр бүх ажиллах хүчээ “Нэг өрх-Нэг шинжилгээ” хөтөлбөрт дайчилсан учраас шинжилгээний цэгүүд ажиллахгүй байгаа нь өнөөх л төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, “Хаанаас хаалгач нь” гэдэг болж байна. Уг нь бол УОК анх шийдвэрээ гаргахдаа шинжилгээний бичиг шаардлагатай гэсэн бол хөл хорио тогтоохоос өмнө шинжилгээнд хамрагдах боломж бололцоо дээрх байгууллагын ажилчдад байсан. Дээрээс нь нэг өрхөөс нэг хүнийг шинжилгээнд хамруулсан учраас ямар нэгэн асуудалгүй гэж иргэд ойлгож байсан ч шинжилгээ өгөөгүй нь ажилдаа очих боломжгүй болчихлоо. Уг нь бол нийслэлийн Засаг дарга нь хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн шинжилгээний хариу хүчинтэй гэж хэлсэн ч яг зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар нь хамгийн сүүлийн шинжилгээ, 72 цагийн дотор хүчинтэй гэж байна. Төрийн шийдвэрийн уялдаа холбоо байхгүй, дор бүрнээ мэдэлтэй дарга нарын хөлд иргэд чирэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн байгууллагаар өмнө нь ч мэдээлж л байсан. Харамсалтай нь дарга нар тухай бүрд нь хэвлэл мэдээллээр аргацааж өнгөрсөөр, иргэд хүнд өвчний айдсын улмаас бүхнийг өнгөрөөсөөр удлаа.  

Тиймээс Улсын онцгой комисс, төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэн даруй сайжруулж, хөл хорионы үед ажиллах 14 байгууллагын ажилчдын шинжилгээг нэг шийдлээр зохион байгуулж бид энэ цаг үеийг хамтдаа давна шүү, эрхэм дарга нар аа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.166) 2021 оны 02 сарын 17

al schiidveriig dagch um ?? choorondoo zorood bna !!! , buur zovoochich um boon ydargaa

0  |  0
zochin(202.179.24.166) 2021 оны 02 сарын 17

al schiidveriig dagch um ?? choorondoo zorood bna !!! , buur zovoochich um boon ydargaa

0  |  0
Иргэн(192.82.76.58) 2021 оны 02 сарын 17

Шийдвэр дагаагүй дарга нарыг Модун шанью шиг доор шийтгэж ажлаас нь хал.

2  |  0
Top