НҮБ-ын Статистикийн комиссын хуралдаанд Б.Батдаваа панелистаар оролцлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

НҮБ-ын Статистикийн комиссын 52-р чуулганы хүрээнд Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ дарга Б.Батдаваа салбар хуралдаанд панелистаар оролцлоо.

НҮБ-ын Статистикийн комиссын 52-р чуулганы хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Data for now” буюу “Бэлэн байгаа дата” санаачилгын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтын /ТХЗ/ тоон мэдээллийг боловсронгуй болгох, сайжруулахад гарсан ахиц дэвшил сэдэвт салбар хуралдаан зохион байгуулагдлаа.

“Data for now” буюу “Бэлэн байгаа дата” санаачилга нь ТХЗ-ын тоон мэдээллийн чанар, хамрах хүрээ, цаг хугацааг сайжруулах хамгийн шилдэг аргачлал болон хэрэгсэл ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус санаачилгыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр 2019 оны есдүгээр  сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч х.Амина Мохаммед санаачилсан юм.

Энэхүү санаачилгад Дэлхийн Банк, Тогтвортой хөгжлийн датагийн Дэлхийн түншлэл, Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, НҮБ-ын Статистикийн хэлтэс хамтран ажиллаж, стратеги боловсруулж, улс орнууд болон түншүүдийн цаашдын оролцоог хангахаар ажиллаж байна.

ТХЗ-ын мэдээллийг бий болгох, мэдээллийн шинэ технологийн нэвтрүүлэх зорилгоор уг санаачилгад 8 улс нэгдсэн бөгөөд үүний нэг нь Монгол Улс болно.

ҮСХ-ноос “Data For Now” буюу “Бэлэн байгаа дата” санаачилгын эхний үе шатад хөдөө аж ахуйн салбарын мэдээлэл, тэр дундаа газар тариалангийн статистикийн мэдээлэл боловсруулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тодорхойлсон.

Энэ хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд болон Дэлхийн банкны Ухаалаг засаг төслийн хүрээнд Газар тариалан, мал тооллогын мэдээ тайланд сансрын зураг болон дрон ашиглаж шалгах төсөл хэрэгжүүлэх талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа танилцуулж, туршлагаа хуваалцлаа.

“Бэлэн байгаа дата” сэдэвт энэ санаачилгад нэгдэн оролцож буй улс орнуудын төлөөлөл өөрсдийн санал бодлоор хэлэлцүүлгийн үеэр солилцож, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан нь ач холбогдолтой байв гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top