Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеаг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г үнэлж байгаагаа илэрхийллээ.
Европын Холбоо Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Мөн ноу хау, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж зэрэг чиглэлээр хийж байгаа ажлаа танилцуулав.
Уул уурхайгаас хамаарах байдлыг бууруулах, цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлж, стратегийн төлөвлөгөөгөө “Алсын хараа-2050” баримт бичигтэй уялдуулан боловсруулж байгаагаа хэлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгийн бодит хамтын ажиллагаа, бизнес, хувийн хэвшил хоорондын харилцаа, боловсруулах аж үйлдвэрийг дэмжих, 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүнийг Европын Холбоонд экспортлох жагсаалт хүргүүлснийг ажил хэрэг болгоход анхаарахыг хүслээ.
Мөн Европын Холбооны түүхий эдийн эрэлтийг хангах чиглэлээр хамтрах өргөн боломжийг судлах саналаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )