Н.Энхбаярыг улс төрд орон зайгүй болгох гэсэн 10 гаруй жилийн тэмцэл ийнхүү МАН, МАХН хоёр нэгдэх тухай мэдээллээр төгсгөл болох шинжтэй. Ордноос хөөж, орон шоронд хүртэл хорьж үзлээ, шантардаггүй нөхөр юм. Ах намаас урилгатай, урилгагүйг мэдсэнгүй, яах аргагүй их улс төрд эргээд ирэх нь. Ирэх ирэхдээ эрх баригчдын эрэмбэд суудал нэгдэх том санаа өвөрлөн ирсэн нь юу юунаас анзаарагдана. Жадны үзүүр, сумны зэв болж явсан нөхдөө заримыг нь хориход илгээж заримыг нь дагуулаад ирэх бололтой. Тодхон жишээлэх үйл явдал ч шил даран өрнөв.
Саяхан болж өнгөрсөн “Эх орончдын өдөр”-өөр МАН, МАХН-ын төлөөллүүд хамтдаа хөшөөнд цэцэг өргөв. Зарим нэгэнд хонь, чоно хоёр нэгэн хотонд зогсож байгаа мэт харагдсаныг нуух юун. Олон жил “Эх орончдын өдөр"-ийг туурга тусгаар тэмдэглэж, хирдээ л булаалдах замаар өмчилж ирсэн угшил нэгтнүүд баярын ширээнд хамт суусан нь нэгдэнэ гэсэн мэдээллийг бататгаж өглөө.
Хамт тэмдэглэсэн баярын цуурай дундуур намын ахмадууд нэгдэх тухай дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан нь бүр ч бататгаж өгөв. Угтаа угшил нэг, ул суурь, үзэл баримтлал нэг МАН, МАХН хоёр нэгдэхэд зөрчилдөх зүйл онолын үүднээс лав байхгүй. Тэд чухам ард олон, улс эх орны төлөө гэсэн том эрх ашгийн төлөө дэр нэгтгэж байгаа бол болохгүй зүйл алга. Харин улс төрийн агуулгатай нэгдэж байгаа бол энэ хоёр нэгдэл удахгүй.
Ямар ч зорилгоор нэгдсэн бай улс төрийн үүднээс чамгүй ээдрээ гарна. Арав гаруй жил нэгнээ хялайж харсан хүмүүс шинэхэн амрагууд ч шиг нялуурахгүй нь лавтай. Албан тушаал, алдар нэр, хөрөнгө мөнгөнөөс эхлээд эрх ашгийн төлөөх тулаан зүй ёсоор өрнөж таарна. МАХН хэмээх бүлэглэл өөрсдөө тэгтлээ амжилт олоогүй ч МАН-ын саналыг удаа дараа тарамдуулж ирсэн нь үнэн. МАН-ын 2012 оны сонгуулийн ялагдал бол 100 хувь Н.Энхбаяртай санал хуваасных байв. Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал ч 100 хувь МАХН-ын санал хуваасных байв. Одоо тосон ирж буй Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, МАХН хамгийн үнэ цэнтэй бүлэглэл болчихоод байна. Айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд тэд туурга тусгаар явж орвол дахин ялагдал хүлээх өндөр магадлалтай. Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй ч МАН-ынхаа нэр дэвшигчийг татан унагаана. МАХН-аас хэн ч нэр дэвшсэн татан унагаана. 2009 оноос хойш 100 жилийн түүхтэй “аварга” нам Ерөнхийлөгчийн сонгуульд гурвантаа ялагдал хүлээлээ. Энэ бол улс төрийн намын хувьд том гарз хохирол. Улс төрийн намын туйлын зорилго бол сонгуульд ялах байдаг шүү дээ. Энэ мэт төвөгтэй зүйл бий учраас эв нэгдэл үүслээ гэх хардлага бий. Тиймдээ ч “Ерөнхийлөгчийн сонгууль угтсан амрагийн харилцаа” гэх хүмүүс олон байна.
Н.Энхбаяр хэзээ нэгэн цагт өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж МАХН хэмээх бренд нэрийг хөөцөлдөж авсан. Өөрийгөө эрх мэдэлд хүргэх гэж 10 гаруй жил МАХН хэмээх дөрвөн үсгээр улс төр хийлээ. Нэгэнтээ өндөрт заларч байсан сүр хүчээр далайлгаж, олон ч хүний санаа бодлыг урвуулан ашиглалаа. Гэхдээ түүнд итгэхээс ч аргагүй амжилт олсон. Тодотговол, өнгөрөгч 2012 оны сонгуулиар “Гомдогчдын арми” парламентад бүлэг байгуулах хэмжээнд суудал авч, Засгийн газарт хүртэл багтсан. Хорооны Засаг дарга хүртэл Төрийн сайдаар тодорсон учраас түүнд итгэх итгэл тасралтгүй өссөөр байв. Гэвч энэ бүхэн Н.Энхбаярт дэндүү хангалтгүй байлаа. Тэр одоо л нэг санасандаа хүрч байх шиг байна. Түүний дараагийн мэх нь “Улс төрийн гэмт хэрэгтэн” гэх толбоо арилгуулж, аливаа шатны сонгуульд нэр дэвших эрхээ сэргээх. Үүнийгээ арилгуулж гэмээнэ Н.Энхбаяртай цаашид хамтрахад хүндрэл үүснэ. Хурд хор хоёрыг нь гүйцэхгүйд хүрч мэдэх юм. Ууган намын эв нэгдэл ч хаашаа эргэхийг таах аргагүй болно. Энд л хоёр хүчний эв нэгдлийн гол зангилаа бий. Би андуурч байж болно. Ямартай ч том эрх ашиг цухалзахгүй байна. Н.Энхбаяр гэж бодохоор яаж ч цухуйх билээ.
Ямартай ч нэгэн дам сураг чих дэлссэн нь МАХН-аас нүүр буруулсан О.Баасанхүү ихээхэн харамсаж байгаа гэдгийг ойрын эх сурвалж хэллээ. Тэгэхээр О.Баасанхүү шилж очсон АН-ын ойрын ирээдүйд итгэхгүй байгааг ч үүнээс харж болно. Н.Энхбаяр бол О.Баасанхүү битгий хэл С.Ганбаатарыг, тэр ч бүү хэл найр тавьж байсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч хулхидлаа шүү дээ. Яасан ч бай ирэх намар зорилго нь тодорхой харагдана.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
МАН байгаагүй бол өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс гэж байхгүй,\nАН байгаагүй бол өнөөгийн луйварчид, оффшорчид, хонгилчид, авилгачид, ажилгүйчүүд гэж байхгүй байх байсан гэдэг ёстой нэг туйлын үнэн юм даа.\nМАН байгаагүй бол үүнийг бичигч, уншигч Та бид хүмүүн заяаг олж төрөх ч үгүй биз, 1921 оны үед үндсэндээ үржих чадваргүй болчихсон 400 гаруйхан мянган хүнтэй байсан, төрлөө гэхэд урд хөршийн иргэн л болж энэ дэлхийд ирэх нь тов тодорхой юм даа.
энэ новшнууд үхэж далд ороосой
ULS TURIIN PANZCHIH
Н.Энхбаяр боол болсонгүй, эзэн байна.\nАсар их хичээл зүтгэл байсан бол хичээл\nзүтгэлгүйд шилжихэд юуна буруу гэж.\nБусдыг хүлээн зөвшөөрч ойлгож чадахгүй\nхүмүүс л ичиг.
Гадуур зарлагдаад байгаа урлаг соёлын арга хэмжээ , хошин шогчидын тоглолтуудыг цуцлаач ээ. Дараа нь амаа бариад ч нэмэргүй болох вий дээ.
ЭНхбаярын хурд, хор хоёрыг нь гүйцэхгүйд хүрч мэдэх юм. Хор найруулах, улс төрийн маневр хийхдээ аргагүй төгсөрчихсөн хүн юм
Хоёр коммунист бүлэглэл нэгдэх эсэх нь хэнд ч сонин биш. Монголыг хойд Слолнгосоос дор мөнгөгүй хөгжилгүй ядуу буурай орон болгож хөсөр хаясан коммунистуудын бүлэглэл удахгүй устаж алга болно. Тэдний завшсан, дээрэмдсэн, хулгайлсан бүх хөрөнгийг хурааж ял сонсгоно. Энэ түүхэн үйл явц айсуй.