Ерөнхий сайд ОУВС-гийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2021 оны 03 сарын 09

Монгол Улс Олон улсын валютын санд гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой 2021 онд тохиож байгааг Ерөнхий сайд онцлов. Цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг шуурхай шийдэж, төсвийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

2017-2020 онд хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дүнд төсвийн алдагдал буурч, эдийн засаг тогтворжин, макро орчин сайжирсан зэрэг эерэг үзүүлэлт гарсныг тэмдэглэв. Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, дархлаажуулалтын явцын талаар товч мэдээлэл өгөв.

Цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, 10 их наядын цогц төлөвлөгөө  үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ОУВС-ийн Суурин төлөөлөгч Юн Сок Хён тэмдэглэв. Мөн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, саарал жагсаалтаас богино хугацаанд гарч чадсан улсын нэг гэдгийг хэлэв.Талууд эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн шинэчлэл хийх, Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин нийлүүлэх, авлигын индексийг бууруулах зэрэг асуудлаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top