“Март 8”-наас эхэлсэн улс төр ҮАБЗ-ийг талцуулав

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр улс төрийн хувьд тун ч бужигнаантай өнгөрлөө. Энэ өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээр шийтгүүлээд байсан Т.Чимгээгийн хоригдож байгаа газарт Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар сэтгүүлчдийг дагуулан очив. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хилсээр ял хүлээсэн байж болзошгүй, эрүүдэн шүүгдэж хэрэг хүлээсэн байж магадгүй Т.Чимгээтэй уулзалт хийлээ” гэсэн юм. Нэг сэдэв үргэлж нөгөөгөө өдөөж байдаг. Энэ утгаараа Т.Чимгээгийн эрхийг зөрчсөн байж болзошгүй гэдэг асуудал нь даамжирч хууль шүүхийн байгууллагын шинэчлэлээс эхлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг түдгэлзүүлэх хүртлээ яригдлаа. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хорих ангид очоод байхдаа “Сүүлийн үед Б.Баасан­цогт гэдэг хүнтэй холбоотой асуудал гарч ирсэн. Энэ хүн шүүгч нартай архи уух, хамт хувийн харилцаа үүсгэх яахав байж болох зүйл. Хамгийн харамсалтай нь, Б.Баасанцогт гэдэг хүн өөрийнхөө компьютерт гэмт хэргүүдийг төлөвлөсөн нотлох баримт гарч ирсэн. Энэ дотор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой Т.Чимгээгийн хэргийг удаашруулах асуудал байсан. Түүнтэй Х.Идэр, З.Болдбаатар болон нэр бүхий прокурорууд хамтардаг. Прокуроруудын нэрийг цаг нь болохоор хэлнэ. Хууль хяналтын байгууллага, шүү­хийнхэн хүнийг захиалгаар яллаж байна уу гэдэг асуудлыг хөндөхөөс өөр гарцгүй болжээ” гэв.

Түүнчлэн “Үнэхээр Б.Баасан­цогт шүүн таслах ажил, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж, энэ эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал болон бусад шүүхийн процесст оролцсон нь тогтоогдвол том хэмжээний асуудал болж хувирна. Үүн дээр Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй гэдэг урьдчилсан нөхцөл байдал яригдаж байгаа. Тэгвэл А.Гансүх ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар цаашид үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн эрх байх уу, үгүй юу гэдгийг ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. Цаашлаад шаардлага­тай мэдээллүүдийг ил болгож УИХ-ын чуулган эхлэх үед тавина гэсэн бодолтой байна” гэх нь тэр. Ийнхүү гэнэт олны анхааралд орж ирсэн А.Гансүх бас тийм ч хурдан мартагдах ёсгүй байж. Тодруулбал, өчигдөр өглөө “Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл” ТББ-аас “ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая төгрөг ачиж ирсэн үү” гэдэг материал бэлтгэж сонинуудаар цацав. Тус материалд дурдсанаар бол ҮАБЗ-ийн гурван ажилтан цагаан сарын шинийн 1-нд буюу 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Алтанбулагийн боомтоор ОХУ руу гарсан аж. Тэнд ҮАБЗ-ийн шинжээч Жавзангийн Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Ганбатын Галбадрах, ҮАБЗ-ийн референт Батнасангийн Галданжамц нар байж. Ингээд тус сарын 16-ны өдөр Г.Галбадрах, Б.Галданжамц нар орж ирэхдээ машиндаа 20 сая ам.доллартай орж ирсэн байх магадлалтай гэнэ. Хэдийгээр уг нийтлэлийн төгсгөл хүртэл нэр дурдагдаагүй боловч ҮАБЗ-ийн дарга А.Гансүхийн зурагтайгаар нийтэлсэн байв. Улмаар өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаарджээ. Шаардлагад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зохисгүй асуудалд нэр холбогдсон байгаа тул Монгол Улсын Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн нэр хүнд, гишүүдийн хамтын ажил­лагаа, харилцан итгэлцлийг бий болгох үүднээс зайлшгүй албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах шаардлага үүссэн” гэсэн байв. Хуулиараа бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг томилох эрх нь Ерөнхийлөгчид байдаг. Ерөнхийлөгчийн намтрын сайн, муу бүхий л зүйлтэй нэр холбогддог А.Гансүхийн асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна.

А.Гансүхийн хувьд өчигдөр хэвлэлийн хурал хийж “ҮАБЗ-ийн албан хаагчид 20 сая ам.доллар оруулж ирсэн мэтээр хуурамч гүтгэлгийн чанартай мэдээ тараа­лаа. Маш хариуцлагатайгээр хэлье. Энэ бол хуурамч бөгөөд худал мэдээлэл. Улс төрийн зорилготой байх гэж таамаглаж байна. ҮАБЗ-ийн ажлын алба төрийн тусгай чиг үүргийн байгуул­лага. Манай албан хаагчид төрийн албаны тангараг өргөснөөс гадна цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчид. Энэ албан хаагчид хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах үүргээ чин шударгаар, нэр төртэйгээр биелүүлж байгаа. Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу гэвэл ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. ҮАБЗ-ийн ажлын албаны үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг, ямар нэгэн пи-ар, сурталчилгаа хийдэггүй. Манай албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үд хүртэл машинаар яваад буцаж ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК-оос бүх төрлийн зөвшөөрлийг бичгээр авсан, хүрч ирээд тусгаарлалтад орсон. Унаж явсан машин гааль, хяналтаар шалгагдсан. Машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй, байх ч боломжгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хуучин Ерөнхий сайдын хооронд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй, хийдэг ч үгүй гэдгийг дахин хэлье. Өнөөдөр хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын харъяа байгууллагууд. Энэ байгууллагыг даваад их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм тэнэг үйл ажиллагааг хийх ч үгүй. Үүнийг харин эрх мэдэлтэнгүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс эсвэл улс төрийн хүчин ийм зүйл хийдэг. Улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага бол ҮАБЗ-ийн ажлын алба. Энэ байгууллагын үйл ажиллагааг битгий улстөржүүлээч, улс төрийн зорилгоор бүү ашиглаач гэж улстөрчдөөс хүсмээр байна” гэжээ. Ийнхүү “Март 8”-наас эхэлсэн улс төр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг солих дээрээ тулав. Наад талдаа ингэж харагдаж байгаа ч цаагуураа Ерөнхийлөгчийн сонгууль угтсан төрийн өндөр албан тушаалтнуудын хагарал ил тод боллоо гэсэн таамаг ч олон нийтийн дунд түгээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.115.91) 2021 оны 03 сарын 11

17 чингэлэг спиртыг ус болгосон гээ биздээ. Ийм юм хийдэг улсуудад юу ч биш байх. Гансүх ч даргаа дагаж навсагнаад тамтаггүй хөрөнгөтэй болсон гэсэн үү

0  |  0
Эмээ(202.21.108.59) 2021 оны 03 сарын 11

Цэвэр юм бол түдгэлзээд шалгуулчихаач. Чадахгүй л дээ. Би энэ нэрийг эвгүй улстай хамт сонссоор олон жил болж байна.

0  |  0
Эмээ(202.21.108.59) 2021 оны 03 сарын 11

Цэвэр юм бол түдгэлзээд шалгуулчихаач. Чадахгүй л дээ. Би энэ нэрийг эвгүй улстай хамт сонссоор олон жил болж байна.

0  |  0
zochin(202.179.27.153) 2021 оны 03 сарын 11

songuuliin omnoch show !!!

0  |  0
Зочин(192.82.85.125) 2021 оны 03 сарын 11

Энэ Гансухийг Су Батболдтой нэг айлын хургэд гэж бичээд байх юм Хэрэв унэн бол тэр Баттулгад уйлчилж байв уу гэр булийнх нь гишуун болсоны хувьд Су Батболдод уйлчилж байв уу Чимгээ Содномдаржаа нарт хэрэг уусгэхэд Ябаттулга сураггуй байсан байх шуу Еронхийлогч Элбэгдорж Еронхий сайд Су Батболд байсаан Тэр уед олон хунийг хэлиэгдуулсэн шуу Энхбаярыг нэг кино найруулагчийг торийн эсрэг хуйвалдаан зохиосон гээд л

0  |  0
зочин(59.153.84.211) 2021 оны 03 сарын 11

талцал эрт эхэлсэн шүүдээ. Ерөнхийлөгч аж ахуйн ажилд хутгалдсанаас эхтэй гэж боддог. Энэ бол зарчмын хувьд, үйлдэлийн хувьд буруу байсан.

0  |  0
Top