Унгарт ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн асуудал шийдвэрлэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди 2011 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсад ажлын айлчлал хийж, “Монгол Улс,  Бүгд Найрамдах Унгар Улсын хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрээр байгуулагдсанаар хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлэн олгож байх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд Унгарт 12 болон түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Монгол иргэдийн  тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэхээр болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. 

Одоо Унгар улсад Монголын 2000 гаруй иргэд сурч ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэдийн зөвхөн одоо ажиллаж шимтгэл төлж байгаа хугацаанаас гадна өмнө нь ажиллаж байсан хугацааг ч  тэтгэвэр тогтооход оруулан тооцох болсноороо Унгарт олон жил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан манай олон мянган иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болж байгаа юм.

Нийгмийн хамгаалал,  хөдөлмөрийн сайд Т.Ганди айлчлалынхаа үеэр БНУУ-ын Үндэсний эх үүсвэрийн сайд Миклош Ретхейи, Үндэсний эдийн засгийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудал эрхэлсэн Төрийн сайд Цомба Шандор нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.  Талууд цаашдаа хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар  тохиролцлоо гэж  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top