ТОЙМ: Хаврын чуулган ХӨШГӨӨ нээж, 75 ДАХЬ ГИШҮҮН тангараг өргөлөө

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 03 сарын 20

Хүний амьдралын нэгэн долоо хоног шувтарч байна. Өнгөрч байгаа долоо хоногт улс төрийн олон үйл явдал болж өнгөрлөө. УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган хөшгөө нээж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөв. Парламентын сөрөг хүчин болох АН-ын даргын сунгаа албан ёсоор эхэлж, Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдон, ажлаа хүлээж авлаа.

Халдвар авсан иргэдийн тоо өдөрт 100-аас буухаа больсон хүндхэн цаг үед Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханы ХӨСҮТ-ийн зарим ажилчин мөнгө авч, шинжилгээний хариу сольдог гэх ноцтой мэдээлэл хийсэн нь олны анхаарлыг татлаа.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээг эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтой зөрсөн гэх асуудалд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар анхаарлаа хандуулж, нийтийн сонсгол явуулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхлэв.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын баялгын хамгийн том хулгайч нь Сү.Батболд хэмээгээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулахыг шаардсан зэрэг олон үйл явдал болж өнгөрлөө. Ингээд улстөрд болж өнгөрсөн ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДЛЫГ эргэн сануулж, тоймлон хүргэж байна.


-УИХ-ЫН 2021 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАН ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ-

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнгөрсөн даваа /2021.03.15/ гарагт нээлтээ хийлээ. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний үг бүхэлдээ хүний эрхийг хамгаалахад чиглэж, шүүх эрх мэдлийн салбарыг шүүмжлэв.

Тэрбээр “Шүүх эрх мэдэлд үүссэн гажуудал, ёс зүйн үлгэрлэл манлайлалгүй, шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлэгч зарим шүүгчдэд одоо ажиллаж байгаа Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл шуурхай хариуцлага тооцож ажиллахгүй, толгойг нь илж өөгшүүлэн, хууль ёсыг уландаа гишгэж байгаатай эвлэрч хэрхэвч болохгүй. Шинээр байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдэд хэн нэг этгээдэд барьцаалагдахгүй, мэргэжил, ёс зүй, хуулийн шаардлага хангасан иргэд нэрээ дэвшүүлж өрсөлдөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэлээ.

Түүнчлэн “Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй. Хүний эрхийн төлөөх тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй. Сүүлийн үед иргэний хууль ёсны ашиг сонирхолд дур зоргоор халддаг, хэлмэгдүүлдэг, нотлогдоогүй баримт сэлтийг шүүхээс гадуур түгээж урьдчилан гэм буруутай мэтээр нийгмээр “яллуулдаг”, үгсэн хуйвалдаж залхаан цээрлүүлдэг, хүний өмч хөрөнгө, бизнесийг дээрэмддэг тухай гомдол УИХ-д их ирж байна. Хуулийн байгууллагуудын гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр хийгдсэн, хүний эрхэнд халдсан бичлэгүүд ч ил болж байна. Нөгөө талаар мөрдөн байцаалтын нууц байх учиртай бичлэг, мэдээ, баримт сэлтийг хууль бусаар түгээж байгааг хэрхэвч зөвтгөж болохгүй. Шударга ёс хуулиар л тогтох учиртай. Цаашид хувь хүн биш, хууль засагладаг нийгмийг цогцлоох нь, үүнийг манлайлж ажиллах нь хууль тогтоогч Та бидний үндсэн үүрэг мөн” хэмээн тодотголоо.


-Ж.ЭРДЭНЭБАТ ПАРЛАМЕНТЫН 75 ДАХЬ ГИШҮҮН БОЛЖ, ТАНГАРАГ ӨРГӨВ-

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн парламент 74 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнгөрсөн пүрэв /2021.03.18/ гарагт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат тангараг өргөж, парламент 75 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Харин Сонгинохайрхан дүүргээс парламентад сонгогдсон Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг тайлж, Хотын даргаар ажиллаж байна. Парламентаас нөхөн сонгуулийг ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамтатган явуулах шийдвэрийг гаргаад байсан ч эцэстээ ирэх аравдугаар сард зохион байгуулахаар тогтлоо.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын тангараг өргөхийг Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж, чуулганы танхимыг орхин гарсан. Гэвч шүүхээс зургаан жил ял авч, Улсын Дээд шүүхээс хэрэг нь хэрэгсэхгүй болсон Ж.Эрдэнэбат тангараг өргөж, парламентын гишүүнийхээ ажлыг албан ёсоор хийж эхлээд байна.


-ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ХӨСҮТ-ТЭЙ ХОЛБООТОЙ НОЦТОЙ БАРИМТЫГ ИЛ БОЛГОЛОО-

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн лхагва /2021.03.17/ гарагийн орой Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-д ажиллаж, үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-тэй холбоотой ноцтой мэдээлэл хийсэн нь олон хүний анхаарлыг татаж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн ажилтан бусдаас мөнгө авч, халдварын шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан нь ил болголоо.

Халдвар авсан иргэдийн тоо өдөрт 100-аас буухгүй байгаа энэ үед хамгийн хариуцлагатай байх ёстой ХӨСҮТ-ийн зарим ажилчин мөнгөөр шинжилгээний хариу хуурамчаар үйлддэг байсан нь халдварын цар хүрээг тэлэх нэг үндэслэл төдийгүй эрүүгийн маш ноцтой гэмт хэрэг юм. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн ч эерэг гараад энд тэнд халдвар тархаж, эрсдэл гарч эхэллээ. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын зөвхөн нэг нь шүү. Хамгийн сүүлд нөхөр нь хөдөө явах гээд эхнэр нь өмнөөс нь шинжилгээ өгсөн чинь хариу нь эерэг гарчихаж байна. Хариуцлагатай байх ёстой ажилтан нь хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа болохоор тархалт их, бидний хийж байгаа ажил үр дүнгүй болоод байна" хэмээн ярьсан билээ.


-С.ГАНБААТАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ХҮСЭЛ ИЛ БОЛЖ, ЭЭЛЖИТ “БАЙ”-ААРАА СҮ.БАТБОЛДЫГ СОНГОЖЭЭ-

УИХ-ын 2021 оны хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр С.Ганбаатар гишүүн Төрийн ордонд мэдээлэл хийхдээ Монгол Улсын баялгын хамгийн том хулгайч нь өнөөгийн УИХ-ын гишүүн Сү.Батболд гэдгийг зарлалаа. Ингэхдээ түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр илэрхийлж, түүнтэй холбоотой баримт, хавтаст хэргийг гардуулж өгсөн юм.

Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын дарга хүний эрхийн талаар маш их ярилаа. Монгол Улсад хүний эрх яагаад зөрчигдөж байна гэхээр дарга нар, улстөрчид маш том том хулгай хийж байна. Үүнээс болж Монгол хүн ажилгүй, орлогогүй байгаа болохоор хүний эрх маш их зөрчигдөж байна. Хамгийн их хүний эрхийг зөрчиж байгаа хүмүүс бол УИХ-д байгаа шүү. Нэгдүгээрт, Англи улсын Дээд шүүхийн шүүгч шүүхийн шийдвэр баримт бичиг гаргажээ. Хүн төрөлхтний соёлт түүхийн шалгуур болсон Англи зэрэг дөрвөн улсын шүүх дээр гарсан баримт, бичиг шийдвэрийг УИХ-ын даргад өгнө. Энэ шийдвэр дээр Монголын өөрийнх нь баялгийг өөрийнх нь Ерөнхий сайд бусад орны дээрэмчидтэй нийлж хулгайлсан талаар дүгнэлт гарсан байна. Энэ мэдээлэл дэлхий даяар гарчихаад байна, УИХ хараагүй юм шиг царайлж байгаа  гэмт хэрэгтнүүд. Хоёрдугаарт, Сү.Батболд гол хулгайч. Энэ хүн өөрт давуу байдалтай тайлбар бичиг гаргасан байна. Дээр нь прокурор, шүүгч нарыг дарамталж байна. УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Сү.Батболдыг бүрэн эрхээс нь татгалзуулах шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад хүргүүлсэн, би. УИХ-аар гаднын шүүх дээр ярилцаж байгаа гэмт хэргийн асуудлыг ярилцаасай гэж хүсэж байна. Дээр нь, энэ удаад бид Оюутолгойн 400 тэрбум ам.долларын баялаг, Тавантолгойн 320 тэрбум ам.долларын баялаг, "Эрдэнэт" үйлдвэрийн 100 гаруй тэрбум ам.долларын баялгаа буцааж авах тэмцэлд орно. УИХ-д хэлэлцүүлэхээр өгсөн Сү.Батболдын дархлагдсан хулгайчийн эрхийг авч хаях хурлыг хийх хэрэгтэй байна" хэмээн мэдэгдлээ.

Харин мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч болохыг битүүхэн хүсэж явдгаа ил болголоо. Тэрбээр “Би нэг л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно, та нар битгий санаа зов” гэж хэлсэн нь төрийн тэргүүн болох хүслийг нь баталж өглөө.


-АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЭХЭЛЖ, Э.БАТ-ҮҮЛ НИЙСЛЭЛИЙН АН-ЫГ УДИРДАХААР БОЛОВ-

Улс төрийн хоёрдагч хүчин гэгддэг АН-ын дотооддоо хагаралтай байгаа ч шинэ даргынхаа эрэлд гараад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тус намын даргын сунгаан дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд сурталчилгааныхаа ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Тэгвэл өнгөрч байгаа энэ долоо хоногт Нийслэлийн АН-ын даргаар Хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогдож, ажилдаа орлоо. Тодруулбал, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль цахимаар явагдаж, 56.985 гишүүн оролцон саналаа өгчээ. Улмаар Нийслэлийн АН-ыг Э.Бат-Үүл удирдахаар болсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдоод байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.90) 2021 оны 03 сарын 21

Бат-үүлыг дахин хулгай хийлгэхээр болж байна уу.Энэ хулгайч анх карманы хулгайчаас үйл ажиллагаа эхлүүлээд,одоо улсын кармай хулгайлчихаад байгааг мартаж даанч болохгүй юм даа. Харах царайны гөлдийчихөөд байж байгаагий нь ээ.

0  |  0
Bejin serial killer(66.181.168.131) 2021 оны 03 сарын 20

Shoohuuz argagguil bejingiin demjlegeer tsuvral aluurchin ch baisan garaal ireh yumaa

1  |  0
Bejin serial killer(66.181.168.131) 2021 оны 03 сарын 20

Shoohuuz argagguil bejingiin demjlegeer tsuvral aluurchin ch baisan garaal ireh yumaa

0  |  0
baiden(122.201.31.78) 2021 оны 03 сарын 20

zadi dee zadi dee zadi dee zadi geed yu gesen ug boloo.

0  |  0
enhbat tb 9 uurd (122.201.31.78) 2021 оны 03 сарын 20

hun yum asuuhar heleher ain ain ain ain ain ene chin medrl bolgodg ug mon shuu. ain ain ain geel iim jirka traajidag ih muuhai zandalchin.

0  |  0
Top