“Ганди” сангаас оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

 “Ганди” сангаас БНСУ-ын “Шинхан” банкны “Мөрөөдлийн сан”-тай хамтран жил бүр Монголын их дээд сургуульд суралцдаг оюутнуудад зориулан сургалтын тэтгэлэг олгодог уламжлалтай билээ.

Сургалтын төлбөрөө төлөхөд амьдралын бололцоо тааруу, ам бүл олуулаа амьдардаг, өрхийн орлого багатай оюутнуудад сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцахад нь дэмжлэг болох, тэдний сурах идэвхийг улам нэмэгдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж жилээс жилд олон оюутныг хамруулж байгаагаар чухал ач холбогдолтой юм. 

Тус сан энэхүү үйл ажиллагааг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор нийт 450 орчим оюутнуудад сургалтын төлбөрийн тодорхой хувийг санхүүжүүлэх тэтгэлэгт хамруулаад байна.

Дотоодын их дээд сургуульд онц суралцдаг, амьдралын хүнд нөхцөлд амьдардаг, сургалтын төлбөрөө төлөх бололцоогүй оюутнуудыг энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах юм.

2011 онд МУИС, ХААИС, ШУТИС, Санхүү эдийн засаг, ЭМШУИС, Монос, Боловсролын их сургууль, Хүрээ дээд сургууль зэрэг улсын болон хувийн их дээд сургууль, коллежийн нийт 54 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг санхүүжүүлэх дэмжлэгийг үзүүлж байгаа юм.

Өнөөдрийн арга хэмжээнд НХХ-ийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар оролцож тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад батламжийг нь гардуулан өгч цаашдынх нь сурлагад өндөр амжилт хүслээ.

Top