Гишүүд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулган завсарлахаас өмнө батлахаар яарч буй. Маргаан ч багагүй дэгдэж байна. Харин үүнтэй зэрэгцээд уг хуулийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг эрхэм гишүүд ч оролдож эхэлсэн аж. Баян-Өлгий аймгийнхан сэмхэн хуралдаж "Эмэгтэйчүүдийн квотыг авахгүй" гэх нууц тохироо хийсэн сурагтай. Тус аймгийн нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд хоёр казах эмэгтэй дэд сайдаар ажилладаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн нэр хүнд Баян-Өлгий аймагт нэлээд өндөр байдаг учир түүнийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэх сонирхол хүмүүст бий гэнэ. Гэхдээ аймгийн Засаг дарга С.Хавалд эмэгтэйчүүдийн квотоос татгалзах үүргийг өгсөн гэх сураг бий. Ямартай ч тус аймгийнхан эмэгтэйчүүдээсээ айн квотын талаар дурсахыг хүсэхгүй байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин