АН-ын хагарлын хоёр талд Х.Баттулга, Ц.Элбэгдорж л харагдаад байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24


Ардчилсан нам хэмээх улс төрийн хүчин 2020 оны сонгуулийн ялагдлаасаа хойш хөл толгойгоо олохгүй л явна. Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, намын дарга С.Эрдэнэ гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, тус тусын штаб дээр дараагийн намын даргын сунгаагаа хийж эхэллээ.

Хэдийгээр энэ хоёр талын аль аль нь “Бид хуваагдаагүй. Нөгөө талд намаа сандарган бутаргах гэсэн хэсэг үл бүтэх нөхөд дүрмийн бус тоглолт хийж байна” гэж зарлаад байгаа боловч яалт ч үгүй хуваагдал мөн л дөө. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Ц.Тувааныхаа талд байгаа бол өнөөг хүртэл намын нүүр царай болж ирсэн Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын хуучин улстөрчид нь С.Эрдэнийгээ бараадаж байна. Үүний дээр АН-ын хүлээн зөвшөөрөгдөж болохуйц тамгыг ч өнөөдөртөө С.Эрдэнэ атгаж байгаа. Саяхан С.Эрдэнийн талын АН-аас намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үеэр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Миний хэлэх гэсэн санаа маш ойлгомжтой. Жаахан эргэлзээ төрөөд байх юм бол, төөрөх гээд байх юм бол, учир начираа олохгүй байвал нөхдөө тод замаа л дагаад явж байгаарай” гэж хэлсэн нь С.Эрдэнийнхээ тамгыг тайлбарласан явдал байх.

Энэ намын хуваагдал өнгөрсөн намраас эхлэлтэй. Гол шалтгаан нь ерөөсөө л Ерөнхийлөгчийн сонгууль. Эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сард АН-ын намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намынхаа Их хурлыг цахимаар хуралдуулж дүрмийн өөрчлөлт хийсэн. Ингэхдээ намынхаа дүрмийн 5.12.4.2.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл Үндэсний бодлогын хороогоор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн утгатай заалт оруулчихсан. Мэдээж, үүнийг өнөөг хүртэл ардчиллыг өмчлөх шахам харамлаж явдаг “алтан хараацай”-нууд тэвчихгүй. Тийм болохоор намын ажлыг үүрэг гүйцэтгэгчдээ үлдээгээд “тэтгэвэрт суухаар явсан” С.Эрдэнийн эргэн ирэлт ийм хүчтэй байгаа юм.

Үүний хамгийн тод дуулал бол Э.Бат-Үүл баатрын үг юм. Тэрбээр “Хоёр их хөрш маань ардчилалд дайн зарлачихсан. Мэдээг нь үзэх юм бол өдөр тутам л ардчилагчдыг барьж хорьж байгаа. Хүйтэн дайны үеийн хайр энэрэлгүй улс төрийн харилцаа дахиад гараад ирлээ. Монголын ардчиллын эсрэг дайсагнах үл үзэгдэх хар гар импортлогдоод ороод ирсэнд битгий эргэлзээрэй. Орж ирээд энд үйл ажиллагаа нь явж байгаа. Эрх баригч нам маань дарангуйлалд бэлдэж байна. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн тогтолцоо яриад эхэллээ. Одоо Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилно гэсэн ганцхан өгүүлбэр ороход л хойд, урд хөрш шигээ болно. Ганц хүн Монгол Улсыг удирдвал тэр хүн Бээжин, Москвагийн гарт орно. Ийм дэмжлэггүйгээр явж чадахгүй. Ийм болохоор Монголд бүгдийг ардчилсан болгох хэрэгтэй. Улс төрийн институцыг хамгийн их ардчилсан болгох хэрэгтэй. Бид дарангуйллыг ардчиллаар сөрнө, тусгаар тогтнолыг ардчиллаар хамгаална. Би С.Эрдэнэ даргад талархаж байгаа. АН-ын ардчиллыг, сунгааг нь хамгаалсанд нь баярлаж байгаагаа зориуд хэлмээр байна. Манай нам дотор чанга гарын засаглал тогтох юм бол Монголын ардчилал дуусна. Манай нам гишүүдээсээ асуудлаа шийддэггүй болбол Монголын ардчилал дуусна. Бид коммунист намын тогтолцоонд орох юм бол МАН-ын дагуул, тэдэнд үйлчилсэн нам болж л дуусах юм” гэсэн байна лээ.

Харин гарчигны тухайд тайлбарлахад өдгөө Ц.Тувааны гэх АН-аас зарлаад байгаа АН-ын даргын сунгаанд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар оролцож гишүүддээ сурталчилгаагаа хийж байна. Энэ дөрвөн хүний улс төрийн зам мөрийг нь хөөгөөд явах юм бол бүгдээрээ л Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож таарна. Тэгэхээр Ц.Тувааны явуулж байгаа энэ сунгаагаар хэн ч тодорсон Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөх нь гарцаагүй. Харин С.Эрдэнийн АН-ын талаас зарласан намын даргын сунгаанд Ц.Оюунгэрэл, Ч.Өнөрбаяр, Ц.Уртнасан, М.Тулгат, Л.Гүндалай нар бүртгүүлээд ажлаа эхэлсэн. Ц.Оюунгэрэл, Ч.Өнөрбаяр нар бол Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж, бараг овоглогдсон хүмүүс. Ц.Уртнасан, М.Тулгат нь С.Эрдэнийнхээ хүрээлэлд явж ирсэн. Л.Гүндалайн тухайд бол АН-ын гишүүдийн дэмжлэгийг аваад ялчихна гэж хэлэхэд хэцүү. Өөрөө өөр намын дарга хүн шүү дээ. Ерөнхий төрхөөрөө бол С.Эрдэнэ энэ сунгааны дараа намаасаа явна. Тэгэхээр “Х.Баттулгыг сөрж дэвшинэ” хэмээн зарлаж, харь холоос ирсэн Ц.Элбэгдорж эдгээр хүмүүсийн ард харагдаад байгаа. Ийм нөхцөлд эвэлж урагшилна гэж таах арга алга даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.., (66.181.183.185) 2021 оны 03 сарын 25

Тараачээ, таар, шуудайнуудаа!!!

1  |  0
зочин(202.55.188.104) 2021 оны 03 сарын 25

Баттулгаас Элбэгдорж нь дээр гэж харагдах юм. Яаж ч ядарсан ядаж л ардчилсан монгол улс хэвээрээ байг дээ.

0  |  1
зочин (64.119.17.231) 2021 оны 03 сарын 24

Яс юман дээрээ Элбэгдорж л бужигнуулж байна

0  |  0
Баавар(124.158.82.128) 2021 оны 03 сарын 25

Ерөнхийлөгчид Эрдэнээ дэвшсэн нь дээр байлгүй дээ. Ядаж унасан ч уйлахгүй АН-аас дэвшсэн хүн хэдэн оноотой хоцрох бол сонин байна.Элбэгдорж дэвшиж пиужигнүүлэх сонирхол байгаа Иргэд мэдээж дэмжихгүй.Амаржаргал сэмхэн Эрдэнээд хайр зарлаад байгаа сунгаанд гарч ирэхгүй байж мэднэ.

1  |  0
зочин(103.26.194.120) 2021 оны 03 сарын 24

1 үлгэр байдаг даа 2 барын тулаанаас үнэг хождог ч билүү. Элбэгдоржийг тааруу хүн гэж Таксийн жолоочоос эхлээд тааралдсан болгон ярьдаг юм билээ. Ортой л юм байна.

0  |  0
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 24

Цар тахлын уед сонгуулийн улс торжилт улс оронд их саад болж байна даа Бусад улсад ковидын уед бие биендээ туслахтходолгоон их дэлгэрсэн Манайд ногоо л даргын орсолдоон хэруул

0  |  0
Top