Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт халиа дошин үүсч, улмаар айл өрхийн хашаа, гудамж, талбай шар үсний үерт автаад байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүдийн хамт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Айл өрхүүдийн хашааны усыг зөөж, зайлуулахаас гадна жалгын мөстсөн талбайд суваг татаж, мөс ачиж зайлуулах ажлуудыг хийж байгаа ч цаг агаарын нөхцөл байдал, техник хэрэгслийн хүрэлцээнээс болж удаашралтай байгаа аж. Тиймээс гишүүд холбогдох газруудад авч буй арга хэмжээг хурдавчлах чиглэл өглөө.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Ер нь үерийн далан болон гуу жалга дагаж буусан айл өрхүүд ингэж хавар, зуны цагт шар усны болон борооны үерт автсаар байгаа юм. Тиймээс үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сайжруулах, эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг өөр газар руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн үерийн хамгаалалт болон хөрсний ус зайлуулах гамшиг ослын үед ажиллах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл ( 0 )