Г.Дамдиннямыг БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР томилохыг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс УИХ дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулсан юм. 

Тэрбээр танилцуулгадаа, Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр  тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар,  2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1, 27.2-д заасны дагуу Байнгын хорооны даргыг Байнгын хорооны гишүүдээс сонгох, Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн бол Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоол батлагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 15 нь Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.97) 2021 оны 03 сарын 30

Новш

0  |  1
Top