Женнифер Энистон: Брэд миний насан туршийн хайр

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01


Жүжигчин Брэд Питт, Женнифер Энистон нар долоон жилийн турш Холливудын хамгийн бат бөх хосуудын нэг байсан билээ. Тэд хувийн амьдралынхаа жижиг сажиг зүйлийг олонд дэлгэдэггүй, нижгэр хуримынхаа зургийг хүртэл нийтээс нууцалсан хос байв.

Женнифер Энистоны хэвлэлд ярьсан сэтгэл хөдөлгөм зүйлүүдээс хүргэе.


“Бид хамтдаа сайхан байсан”
 


Женнифер, Брэд нарыг төлөөлөгч нар нь танилцуулжээ. Тэд хоёр одын анхны болзоог ч зохион байгуулж байсан гэнэ. Женни, Брэд нар үерхдэг болсноо бусдаас нууцалж байв. Тэд 1999 оны Эммигийн шагнал гардуулах ёслолд хамт ирснээр харилцаагаа ил болгож байлаа. Женнифер Энистон 2004 онд АВС телевизийн “Primetime” нэвтрүүлэгт оролцохдоо “Бид хоёулаа бие биедээ тохирно гэдгээ мэдэж байсан. Та төсөөлж байна уу, бүр анхны болзоон дээрээ мэдэрч байсан. Энэ их сонин л доо... Маш сайхан үдэш байсан. Бид хамтдаа үнэхээр сайхан байсан” гэж ярьжээ.

“Бидэнд ямар нэгэн онцгой зүйл бий”
 


Тэд хайр сэтгэлээ олонд зарласнаасаа жилийн дараа гэр бүл болсон. Малибуд болсон тэдний өндөр өртөгтэй хурим 2000-аад оны хамгийн тансаг хуримуудын нэг болжээ.

Женни 2003 онд “W Magazine”-д ярихдаа “Брэд миний насан туршийн хайр уу гэж үү? Би өөр хэний ч тухай ингэж хэлж байгаагүй. Бидэнд ямар нэгэн онцгой зүйл бий гэдгийг би мэднэ. Энэ бол ухаангүй, гайхамшигтай зүйл. Бидний амьдарч буй эмх замбараагүй ертөнцөд чамайг үнэн чанартаа хэн бэ гэдгийг мэддэг, чамайг нандигнадаг хүн дэргэд байна гэдэг таатай зүйл” гэсэн байдаг.

“Болсон явдалд би хэзээ ч харамсдаггүй”
 


Брэд Питт, Анжелина Жоли хоёрын хамт байгаа зургийг харсан Женнифер салах өргөдлөө өгчээ. Тэрбээр W Magazine-д сэтгэл хөдлөлийнхөө талаар хуваалцахдаа “Брэдийн ачаар би гэрлэлтийн талаар туршлагатай болсон. Би түүнд хайртай, мөнхөд хайрлах болно. Тэр гайхалтай хүн. Бидэнд тохиолдсон зүйлд би өчүүхэн ч харамсдаггүй. Бид долоон сайхан жилийг хамт өнгөрүүлсэн. Бие биедээ олон зүйлийг давахад тусалсан. Би тэдгээр он жилийг үнэхээр нандигнадаг. Энэ бол гайхалтай, бэрх харилцаа байсан” гэсэн юм.

“Би түүнд сайхан хандана”
 


Женнифер, Брэд нар салсан ч хамтын амьдралаа таатайгаар дурсдаг, харилцаагаа дулаан хэвээр нь авч үлдсэн. Тэд салсныхаа дараа нэгнээ буруутгахыг хүсээгүй. Тэд найзалж эхэлсэн.

Женни 2008 онд Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Брэд бид хоёр салаад удаагүй байхдаа утсаар ярьсан. Бид удаан ярьсан. Бие биедээ олон зүйлийг хэлсэн. Тэр цагаас хойш Брэд бид хоёр нэгэндээ сайхан ханддаг болсон” гэжээ.

“Салалтад хэн ч буруугүй”
 


Энистон Питтийг Жолигоос салах үед нь найзын хувиар сэтгэл санааг нь дэмжиж байжээ. Тэднийг таньдаг хүний ярьснаар Анжелина Жоли Брэдийг гэр бүлийн хүчирхийлэлд буруутгахаар оролдсоныг мэдээд Женнифер хуучин нөхөр рүүгээ залгасан байна. Женни Брэдийг үргэлж дэмжих болно гэдгээ илэрхийлж байв.

“Бид өдөр бүр бие биерүүгээ залгадаггүй ч хэн хэндээ зөвхөн сайн сайхныг хүсэж байдаг. Салалтад хэн ч буруутай байгаагүй” хэмээн Энистон “The Hollywood Reporter”-т ярьжээ.

Женни, Брэд нар хөл хориотой байх үеэр онлайнаар болсон хуралд хамт оролцсон билээ. Энэ үеэрээ тэд дэлгэцний араас бие биерүүгээ байн байн харж, инээмсэглэж, халуун дотно байсан нь хүмүүсийн хараанд өртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top