УИХ-ын өнгөрсөн баасан /2021.04.02/ гарагийн чуулганаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.04.05/ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагч, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн болон иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хуулиараа хамгаалсан улс боллоо. Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болсон. Энэ хугацаанд хүний эрхийн дотоодын болон олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн. Хэдий тийм ч бодит амьдрал дээр хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэдийг айлгах, дарамтлахаас гадна амь насанд нь халдах тохиолдол хүртэл гарсан байдаг. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэгчдээ хамгаалах, тэдэнд хууль зүйн туслалцаа, өмгөөлөл, хамгаалах үзүүлэх олон улсын шинэ механизмыг нутагшуулах шаардлага бий болсон учраас энэ хуулийг баталлаа. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль дэлхийн 40 гаруй улсад байдаг. Тус хуулийг өргөн барих, санаачлах явцад олон улсын байгууллагууд, Монгол дахь иргэний нийгмийн байгууллага, хууль тогтоочид маш их анхаарал хандуулан ажилласан. Хуулийг боловсруулах хугацаанд 4-5 удаа томоохон хэлэлцүүлэг, форумыг зохион байгуулж, санал дүгнэлт боловсруулсан. Хууль маань 2021 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ” гэв.
Дараа нь Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Хүний эрхийг хамгаалагч гэдэг нь цоо шинэ ойлголт. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах хүрээ нь шинэ ойлголтоор тэллээ. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, баяжиж, хүрээгээ тэлэх ёстой юм. Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн төрийн ажил биш. Энэ бол заяамал, иргэн бүрийн асуудал болохоор бүгдээрээ хамгаалж байх ёстой. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд явж байгаа хүний эрхийг хамгаалах нь чухал байдаг. Төр хамгаалах үүрэгтэй ч төр хамгийн их хүний эрхийг зөрчиж байдаг. Нийгмийн тэр өөрөө өөрийгөө хамгаалахад чиглэгдсэн ажлыг бэхжүүлэхэд энэ хууль маш их үүрэг гүйцэтгэнэ" гэлээ.
Түүнчлэн "Иргэн бүрд эрхийг нь хамгаалах шинэ тогтолцоо бий боллоо. Энэ хууль иргэн бүрд хүрч үйлчилнэ гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссыг төр энд авч ирчихээд дарга мэт загнаад байгаа нь хүний эрхээ ойлгохгүй байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссоо байгуулчихсан тэр нь бүх хүний эрхээ хариуцаад явна гэж гэнэ яриад байна. Наад зах нь, энэ үл эс үйлдлээрээ эсвэл хийх ёстой зүйлээ гүйцэт хийгээгүй байхад ард нь хүний эрх зөрчигдөөд явж байдаг. Ингэж төр хүний эрхийг зөрчдөг. Хуулийн хэлэлцүүлгийн үед анзаарагдсан энэ зүйлийг засах ёстой. Сангийн яам тодорхой санхүүг нь хуулийн хүрээнд өгөх шаардлагатай байна. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль бол хэлэлцэх явцад шинэ зүйл их гарч ирж байна. Нэгэнт хуультай болсон болохоор иргэний нийгмийн байгууллага зоригтой ажиллах ёстой юм" хэмээн онцоллоо.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Ирвэс хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан байдаг. Энэ хэрэг амиа хорлосон гэдгээр хэрэгсэхгүй болсон. Гэтэл тэр залуу өөрөө цагдаа нарт хандаж байсан, дарамт ирж байсан гэдгийг мэдэгдэж байсан. Одоо хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирэх аваас эрсдлийн үнэлгээ хийж хамгаалагдана. Мөн15 жилийн өмнө Малайз улсад Ш.Алтантуяа амиа алдсан. Түүний аав нь хүний эрхийн төлөө тэмцэж байна. Ийм хүмүүсдээ бид тусламж үзүүлж, хамгаалах ёстой. Энэ хууль дээр ажиллах явцад Монгол Улсын эрх зүйн конвенцийг нэмэх шаардлагатай байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )