NEW 76 | Гаалийг “гамнаж”, татварыг “таалсан” түшээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа бэлээ зузаалж, бизнесээ өөд татсан гэдэг ч би итгэдэггүй. Гаалийн ерөнхий газар хэмээх тэрбумтан төрүүлдэг байгууллагаас энэ нөхөр яаж хоосон явах вэ гэх хардлага ч байдаг, бас л итгэдэггүй. Өөрийн гэх бизнестэй нөхөр юу боллоо гэж улсын сан хөмрөгт гар дүрээ аж гэж бодсон хэрэг. Тэр тусмаа хэдэн тэрбумаар хэмжигдэх бизнес эрхэлдэг хүн шүү дээ. Харин ч социализмын үед төрийн анхан шатнаас эхлэн дэвшиж төлөвшсөн хүн Гаалийн ерөнхий газрыг “гамнаж”, Татварын ерөнхий газрыг “таалж” ажилласан хүн гэх зэргээр эерэг боддог байв. Гэтэл түмэн олны яриа, миний байр суурь хоёр тэнгэр газар шиг зөрөх юм.

“Олны яриа ортой” гэдэг учраас тэдний зарим байр суурийг дурдахаас өөр арга алга. Б.Баттөмөр гишүүн 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер механикч мэргэжлээр төгссөн цагаас буюу 1980 оноос "Ой модны аж үйлдвэрийн яам"-нд мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлсэн юм билээ. Үүнээс хойш нэг ч удаа хувийн хэвшилд ажиллаж бизнес эрхлээгүй юм билээ. Өөрөөр хэлбэл төрийн шат шатны албанд 40 жил ажиллаж байгаа хүн. Гэтэл өнөөдөр тэр шатахуун импортлогчдын нэг. ОХУ-аас шатахуун, түлш авчирч зардаг нөхөр гэхээр жижиг гарын бизнесмэн яавч биш. Түүний “Тэс Петрлоиум” гэх компани олон жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ бизнесийг хэний ямар мөнгөөр хаанаас босгов гэдэг нь бас л асуудал. Насаараа төсөвт ажилласан цалингаараа лав босгох бизнес биш гэдгийг тэд дуулгав. Төрд нэгэн насаараа шударга ажилласан иргэн орох оронтой л тэтгэвэрт гарч байна. Юун тэрбумаар хэмжигдэх бизнес вэ. Юутай ч тэр төрөөс хэрэгжүүлж байгаа аливаа төсөл хөтөлбөрөөс хоцордоггүй нь бизнесээ тэтгэж байгаа хэрэг гэдгийг харуулна. УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаалтан гэдэг утгаараа зүйд нийцэхгүй болохоос биш бизнес эрхлэгчдийн хувьд бол байх л дэмжлэг. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүн хорих ялаар шийтгүүлж, төрийн сайд нь албан тушаал, торгуулийн арга хэмжээ авахуулж байгаагаас харахад Б.Баттөмөр гишүүний хувьд энэ хавиас дэмжлэг авах нь бүү хэл ойртох ч шаардлагагүй юм билээ.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан гэх баримт бол надад алга. Харин тэрээр 2012 оноос Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс дэмжлэг авсан байдаг. Энэ үед Б.Баттөмөр гишүүн бүү хэл өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхдаа, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүртэл хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан баримт бий. Санаж байгаагаар тухай үед шатахуун импортлогчдыг шатахуун түлшнийхээ үнийг барьж бай хэмээн 120 сая ам.долларын зээлийг хувааж олгосон байдаг. Энэ хөтөлбөрөөс “Тэс петролиум” 3.8 хувийн хүүтэй 7.2 тэрбум төгрөгийн зээл авсан гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд дэлгэж байсан.

“Тэс Петрлоиум”-ын толгой компани “Ойн бирж” компани нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн байгуулсан компани гэдгийг Улсын бүртгэл болон мэдээллийн архиваас сэтгүүлчид гаргаж тавьсан гэхээр тэрээр яах аргагүй энэ төрд бизнесээ дэмжих зорилгоор орж ирсэн болов уу гэх хардлагыг төрүүлж байгаа хэрэг. Одоо ч шатахуун шахдаг компанийг өөрийнхөө нэр дээр байлгаад байна гэж юу байхав, хэн нэгнийхээ нэр дээр шилжүүлж байж санаа нь амарна. Шатахуун шахдаг гэснээс хуурамч шатахууны тухай нийгэмд ч парламентын түвшинд ч асуудал дэгдэж байхад чив чимээгүй сууж байдаг гишүүн. Хичээлээ уншиж, гэрийнхээ даал­гаврыг хийж ирээгүй хүүхэд л багш намайг асуух вий хэмээн хулмал­заж суудагтай адил гэх юм уу даа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Жавхлан нараас эхлээд шатахуун импортлогч Ц.Ананд­базар хүртэл хуурамч шатахууны талаар дуугарч тэмцэж байхад гагцхүү Б.Баттөмөр гишүүн дуу­гүй байгаа нь зүйд нийцэхгүй харагдахаас ч яахав. Нөгөө талаар хуурамч шатахуун оруулж ирээгүй юм бол бусад гишүүдийн адил дуугарах ёстой гэсэн хардлага бий.

Мөн нэгэнтээ Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр хэвлэлийн хурлын үеэр “Энэ салбарт бизнес эрхлэгч УИХ-ын гишүүн Д.Баттөмөр та өнөөдрийг хүртэл хуурамч шатахууны талаар яагаад дуугүй байна вэ. Нефтийн олон компанитай хүн хуурамч шатахууны эсрэг нэг ч үг хэлсэнгүй. Хуурамч шатахуун үйлдвэрлэгч улс төрийн бүлэглэл 200 тэрбум төгрөгийн татвараас зугтсан” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо гэх арвин мэдээлэл бүхий байгууллага ийн байр сууриа илэрхийлсэн нь хардлагыг улам нэмсэн. Үүнээс гадна үе үе шатахуун импортлогчид үнэ нэмдэг. Тэд үүгээрээ Засгийн газрыг шан­тааж­лан, хэлэлцээрийн ширээ­ний ард суухыг хүсдэг нь сүү­лийн 20 гаруй жилийн үйл явдлаас тодорхой харагдана. Шатахуун импортлогчид байнга л Засгийн газартай тохироо хийж хөнгөлөлттэй зээл, дэмжлэг, элдэв хөтөлбөрт багтаж чаддагаараа гайхамшигтай. Бүр гаршсан хүмүүс. Засгийн газар ч валютын ханш өссөн гэх нэрээр шатахуун түл­шинд оногдуулдаг онцгой албан татварыг ихээхэн хэмжээгээр бууруулж ирсэн тохиолдол ч цөөнгүй.

Энэ мэтчлэн шатахуун импорт­­логчид маань татвар төлөгчдийн мөнгөнд төсөл хөтөлбөр, татвар бууруулах гэх мэт ямар нэгэн байдлаар гар дүрсээр 20 гаруй оныг үдэж байна. Тэр бизнесмэнүүд нь ч дүүрсэн хэрэг. Төрөөс дэмжлэг авах эрх зүйн орчин ч бий, төр нь бизнес эрхлэгчдээ дэмжих ёсон бий. Харин ард түмнээ төрд төлөөлдөг түшээ түмний татвараас төсөл хөтөлбөр нэрээр аваад байхаар юу болох вэ. Ард түмэнд очих талхны мөнгөөр ийн туйлчихаад “Ард түмэн минь, эх орон минь” гээд сонгууль бүрээр гүйх ч мөн тусгүй ажил санж. Ийм учраас л “Татварыг таалж” гэсэн байх. Энэ мэт бизнесээ дэмжсэн түшээд манай парламентад цөөнгүй байх бөгөөд тэднийг “Төрөөс төрсөн тэрбумтан” ч гэдэг. Тал талын эх сурвалж цуглуулаад байвал олон л баримт байгаа бололтой. Гагцхүү манай түшээд татвар төлөгчдийн мөнгөнд дээрх байдлаар гамгүй гар дүрдэг байж малчны хотноос эхлээд УИХ-ын индэр хүртэл “Ард түмэн та нарынхаа төлөө” гэж яаж хэлж чадаж байна вэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.161.26) 2021 оны 04 сарын 09

Neg neg yum yariad l baij ba lee sh dee

0  |  0
Зочин(64.119.22.79) 2021 оны 04 сарын 07

Тэс хог шүү арга ядвал л авна..

0  |  0
Top