Ц.Элбэгдорж хуулийн шинэчлэлтэнд хайхрамж муутай хандаж байгааг сануулав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

УИХ дахь Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр Сонгуулийн тухай хуулиас болж маргалдсаар сүүлдээ гацаанд орчихоод байна. Ардчилсан намынхан хуулийн талаар зөвшилцөлд хүртэл УИХ-ын ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн. Өчигдөр ч гэсэн тэд ийнхүү гүрийсэн чигээрээ байлаа. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Монгол ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин нар уулзсан боловч олигтой тохиролцоонд хүрч чадсангүй. Ардчилсан нам нь сонгуулийн системийг мажоритари давамгайлсан холимог байхын эсрэг ийнхүү эсэргүүцэл үзүүлэхээс аргагүй болсон гэж байна. Хэрвээ Ардын намын бүлгийн тэрхүү мажоритари руугаа хэлбийвэл  улс төрчдийн нөгөө л сонгогчдын санал худалдан авдаг хуучин өвчин нь улам сэдрэх аюултай гээд байгаа юм. Тэдний ийнхүү хэрэлдээд хоёр тийш харсныг харин Ерөнхийлөгч тэвчсэнгүй. Тэрээр улс, үндэстний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд хоёр намын дарга нарыг хүлээн авч уулзсан юм. Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр УИХ-д суудалтай намууд маань хууль, эрх зүйн шинэчлэлийн тулгамдсан зарим асуудлуудад хайхрамж муутай хандаж байна. Сонгуулийн тухай хуулиа чанартай болгох шаардлага зүй ёсоор тавигдсан. Янз бүрийн будлиан гарах боломж, нөхцөлийг хуулиар нь хааж өгөх учиртай” гэж онцоллоо. Намуудын дарга нар ч зөвшилд хүрэх арга замаа олж, УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө нэлээд хэдэн хуулийг батлан гаргах шаардлагатай байгаа тухай ярьж байлаа. Мэдээж тэдний ажил тун шахуу болж байна. Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдлээ. Энэ чуулганаар ядаж Сонгуулийн тухай хуулиа батлан гаргавал сайнсан даа. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top