Ерөнхийлөгч болох хүслээ илэрхийлсэн ГОРИЛОГЧИД

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ. Хуульд зааснаар энэ долоо хоногт парламентад суудалтай дөрвөн намаас нэр дэвшигчид тодорно. Одоогоор хэн аль намаас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь таамаг хэвээр байна. 

Тэгвэл зарим улстөрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд журмын нөхөд нь итгэл хүлээлгэх аваас намаасаа нэр дэвших хүсэл, сонирхолтой гэдгээ албан болон албан бусаар илэрхийлээд байгаа юм. 

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ганц эмэгтэй улстөрч бол Ц.Оюунгэрэл. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард "Ерөнхийлөгчийн сонгууль 2021 онд болно. Ирэх зургаан жилд ковидын дараа тулгарах бодлогын асуудлаар бодлогын чиглэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобаль асуудлаас Монголчуудад учрах эрдэлийг багасгахад хувь нэмэр оруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр шийдлээ. Өнгөрсөн онд болсон олон үйл явдал, тэр дундаа ковидтой үйл явдлуудын үеэр монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг ямар хэврэг байгаа бид олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар эдийн засгаа хөл дээр нь босгох шаардлагтай болжээ. Ийм чухал цаг үед иргэний оролцоо чухал хэрэгтэй гэж үзээд мэдэгдэл гаргаж байна" хэмээн ярьжээ.  

Харин өнөөгийн парламентын ганц бие даагч гишүүн Н.Алтанхуягийн хувьд Ц.Оюунгэрэлээс ялгаатай нь анх 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэсэн ч журмын нөхдөөсөө дэмжлэг авч чадаагүй юм. Саяхан "Шударга бусын хонгил" номоо өлгийдөж авсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэл өвөртөлж байгаагаа нуугаагүй билээ.

Үүнээс гадна Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ч нэр дэвших хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр энэхүү хүслээ хэд хоногийн өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулж илэрхийлсэн бол Хууль зүйн сайд асан, АН-ын дэд даргаар ажиллаж байгаа Х.Тэмүүжин ч Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаасаа нэр дэвших бодолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын тэргүүлсэн өнөөгийн парламентад ганцхан суудал авч, улс төрийн гуравдагч хүчний үүргийг гүйцэтгэж байгаа МАХН-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр яригдаж байсан ч хоёр нам нэгдэх шийдвэрт хүрсэн тул түүний мөрөөдөл талаар өнгөрч байна гэхэд болно.

Хэдийгээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд "Би хэзээ нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч болно, та нар бүү санаа зов" хэмээн мэдэгдэж байсан ч эцсийн мөчид намын дарга, журмын нөхдийнхөө шийдвэрийг дагахаар болжээ.

Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр "Би С.Ганбаатар гишүүнтэй ярилцсан. Ойлголцсон, тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Энэ удаагийн сонгуульд МАН-ыг бүрэн дэмжиж ажиллана" гэж мэдэгдлээ. 

Эрх баригч намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр олон хувилбар яригдаж байгаа талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь ярьсан байдаг.

Тэрбээр "Хэд хэдэн хүний нэрийг намын гишүүд ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. Манай намын хувьд нэр дэвшүүлэх боломжтой кандидат олон байна. Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна" гэсэн билээ. 

Гэсэн ч Ерөнхий сайд асан, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх "Өдрийн сонин"-нд өгсөн ярилцлагадаа ирэх зургаадугаар сарын 9-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихэд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэсэн сэтгүүлчийн асуултад "Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой. Бидэнд хийсэн ажил чамгүй боловч хийж дуусгах ажил түүнээс ч их байна. Бид хожим ард түмнээрээ дүнгээ тавиулна. Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга  ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана" гэж хариулсан байна билээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.137) 2021 оны 04 сарын 29

З.Энхболд дэвшвэл ялна шүү.өөр хэн ч биш. Уг нь Ө.Энхтүвшин болмоор бн.

0  |  0
zochin(66.181.190.41) 2021 оны 04 сарын 29

Ясан толгой Тэмка л биш шүү. Хэн гэдгээ хангалттай харуулсан.

1  |  0
Сонгогч(103.26.193.171) 2021 оны 04 сарын 29

У.Хүрэлсүх , Р.Амаржаргал 2 л байхшив дээ Остальные чепуха !

0  |  2
.., (64.119.26.57) 2021 оны 04 сарын 29

Америк хөгшний гудас, Алтагнбулагийн чөлөөт бүсийн тендерын хулгайч, агуу хүний нэр бузарлагч 3 бол бүтэхгүй. Амаржаргал жонхууруулахгүй ч бөөрөнхийлнө. Ардын намын нөхөр бол харин олон олигархийн лицензийг цуцлаж, хүүхдийн мөнгийг 5 дахин өсгөж, дулаан, цахилгааныг хагас жил илүү тэглэж, утааг бараг дарсан бодит гавъяатай хүн. Сүр сардуухан зан яах вэ, байх л араншин.

2  |  1
Зочин(150.129.142.157) 2021 оны 04 сарын 29

С.Ганбаатар огт тохирохгүй

0  |  2
Зочин(150.129.142.157) 2021 оны 04 сарын 29

Алтанхуяг илүүджээ

1  |  3
zochin(39.144.61.205) 2021 оны 04 сарын 29

ed naraas hurel suh ni arai deer ym bna

1  |  4
зочин(66.181.187.205) 2021 оны 04 сарын 29

З. Энхболдын дэвшүүл. Танар ганц удаа улсынхаа эрх ашгийн төлөө нэгд

2  |  1
зочин(66.181.187.205) 2021 оны 04 сарын 29

З. Энхболдын дэвшүүл. Танар ганц удаа улсынхаа эрх ашгийн төлөө нэгд

2  |  1
зочин(66.181.187.205) 2021 оны 04 сарын 29

З. Энхболдын дэвшүүл. Танар ганц удаа улсынхаа эрх ашгийн төлөө нэгд

1  |  1
зочин(103.57.93.125) 2021 оны 04 сарын 29

хүрэлсүхээс өөр хэн нэрээ дэвшүүлэх вэ дээ

1  |  3
иргэн(124.158.88.13) 2021 оны 04 сарын 28

дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй ээ гэж

1  |  0
Top