Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгчдийн өчигдрийн хуралдаанаар МАХН-ын нэрийг Улсын бүртгэлд бүртгэж авах тухай шийдвэрээ гаргасан юм. Монгол ардын хувьсгалт нам хэмээх энэ нэрийг бүртгэж авахад Улс төрийн намын тухай хууль болон Улсын бүртгэлийн тухай хуулиудтай харшлах зүйл байхгүй гэж шүүгчид үзжээ. Хэд хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцээс энэ намын нэрийн асуудал нь Улс төрийн намын тухай хууль болон, Үндсэн хууль харшлаагүй хэмээн дүгнэсэн байлаа. Цэц нэгэнт ийм шийдвэр гаргасан тул бүрэн эрхийнхээ хүрээнд Дээд шүүх тийнхүү шийдвэрлэх үеэр МАХН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид нь Дээд шүүхийн үүдэнд бөөгнөрөн зогсож байсан юм. Тэд Дээд шүүхийн шийдвэрийг сонсоод бие биедээ баяр хүргэн тэврэлдэж, хашгирч, зарим нь нулимс дуслуулан мэлмэрч байв. Олон хоног сар хүлээсний эцэст намынхаа нэрийг улсын бүртгэлд бүртгүүлсэндээ баяртай байгаа ажээ. Зарим нь “Биднийг энэ төр, засгийнхан, улс төрийн хүрээнийхэн мөн ч их хавчиж байлаа. Одоо манай нам хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулах боломжтой боллоо” гэцгээж байсан юм. МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог “Дээд шүүх улс төрийн хараат бус гэдгээ харууллаа. Бид таван сар зүтгэж байж МАХН гэсэн нэрээ авлаа. Монголд улс төрийн шинэ нам дахин төрлөө” гэв. Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал МАХН 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мэндэлсэн. Өнөөдөр төрсний гэрчилгээгээ авлаа” гэж байв. Энэ үеэр харин тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Шинэбаяр нар байсангүй. Н.Энхбаяр нь гадаадад, Ц.Шинэбаяр Дорнод аймагт яваа сураг дуулдсан. Ц.Шинэбаяр руу намынхаа нэрийг авсандаа баярлан уйлж байсан нэгэн хижээл насны эр утсаар холбогдоод “Намынхаа нэрийг авчихлаа” хэмээн чанга дуугаар уйлагнан хэлж байв. Тэр ийнхүү утсаар шинэ мэдээ дуулгасныхаа дараахан нулимсаа арчин бусаддаа хандаж “Ц.Шинэбаяр бас л над шиг уйлж байна” гэсэн юм. Ингэж тус намынхан намынхаа нэрийг уйлаан дуулиантайгаар хүлээн авлаа.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )