СЕХ гурав хоногт НЭР ДЭВШИГЧДИЙГ бүртгэх эсэх тогтоол гаргана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-р хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” заасан байдаг.

Энэ хүрээнд СЕХ-ноос баталсан Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасны дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 02-ныг хүртэлх эхлэн гурав хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа үргэлжилдэг.  Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангасан Монгол Улсын уугуул иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар санал авах өдрөөс 37-оос доошгүй хоногийн өмнө буюу цаг хугацааны хуваарьт заасан ёсоор тавдугаар сарын 03-наас өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Харин энэ хугацааг хоцроосон мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй.   

Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг тавдугаар сарын 06-ны өдрөөс өмнө гаргах бөгөөд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.   

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшин өрсөлдөх эрхээ авсан бол АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэсэн хоёр нэр дэвшигч тодроод байна. Харин Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) буюу "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбатыг нэр дэвшүүлж буйгаа зарласан билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.100) 2021 оны 05 сарын 03

Алтанхуяг яачихваа. 43000 хүнээр ялсан тухай сайтуудад гарсан байсан.....\n\n

0  |  0
Top