Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 26-29-ны өдрүүдэд Украин улсад дээд хэмжээний айлчлал хийх гэж байна. Тэрээр Америкаас ирээд удаагүй байгаа. “Азийн шинэ лидер” хэмээн өргөмжлөгдсөн түүний энэ удаа айлчлал хийх гэж буй Украин оронд улс төрийн нөхцөл байдал сүүлийн хэдэн жилийн турш тийм ч сайн биш байгаа. Тус улсын Ерөнхийлөгч Виктор Януковчийг эсэргүүцсэн хүчнийхэн үе үе жагсаал цуглаан зохион байгуулдаг хэвээрээ. Тэдгээр эсэргүүцэгчид В.Януковчийг Москвагаас хэт хараат байдалд улс орноо удирдаж байна хэмээн шүүмжилдэг. Түүний гол өрсөлдөгч нь Ерөнхий сайд асан Ю.Тимошенко гэдэг эмэгтэй юм. Хоёр ч удаа Ерөнхий сайдын суудалд сууж байсан энэ эмэгтэйг одоо Киевт шүүх ажиллагаа явагдаж байна. Печерск дүүргийн шүүхээр саяхан түүнийг шүүх хурал болсон боловч дэмжигчид нь шүүгч нартай зодоон хийснээр хурлыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болгожээ. Тэд шүүгчид рүү дайрахдаа “Та нар В.Януковчийн зохион байгуулсан наадах жүжгээ зогсоо” хэмээн хашгирч байв. Украйны шүүх Ю.Тимошенког 2009 онд Ерөнхий сайд байхдаа Оросын талтай хий нийлүүлэх гэрээ хийж, эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө завшсан гэж үзэж байгаа ажээ. Үүний зэрэгцээ улсын төсвийн хөрөнгийг буруу зүйлд зарцуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгах бололтой. Ямартай ч Украины иргэдийн нэлээд хэсэг нь Ю.Тимошенког “Хувьсгалын гүнж” хэмээн өргөмжилдөг гэнэ. Ийнхүү улс төрийн тэмцэл өрнөсөн Украин оронд манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ерөнхийлөгч В.Януковичийн урилгаар айлчлах гэж байна. Энэ үеэрээ Украины төр, засгийн болон парламентын удирдлагуудтай яриа хэлэлцээр хийнэ. Айлчлалынхаа дүнгээр Монгол Украины түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргах юм байна. Мөн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулах ажээ. Украины Львов мужид бас айлчилна. Львов хотын хуурай замын цэргийн академид зочлох юм байна. Тус академиийн дэргэдэх цэргийн улс төрийн ажилтан, сэтгүүлчдийг бэлтгэж байсан дээд сургуульд Ц.Элбэгдорж сурч төгсчээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )