Юанийн ханш долларын эсрэг 2018 оноос хойших дээд түвшинд хүрч өслөө

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юань АНУ-ын долларын эсрэг сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн дээд хэмжээнд хүрч өсөөд байна.

Даваа гарагт юанийн ханш  0.3 хувиар өсөж, нэг доллар 6.4114  юань болсноор 2018 оны зургадугаар сараас хойших  хамгийн өндөр түвшинд хүрчээ. Юань бусад валютын эсрэг ч гэсэн мөн өссөн байна. Юанийн ханш болон бусад 23 валютын ханшийг хянадаг CFETS дээр БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн  индекс бараг сүүлийн гурван жилийн хугацаанд дээд түвшинд хүрч өсчээ.

Баасан гарагт ам.долларын ханш сүүлийн хоёр сар гаруй хугацаан дахь  хамгийн доод түвшиндээ хүрэв. DBS-ийн  Хонконг дахь зах зээлийн асуудал эрхэлсэн захирал Томми Онг "Юанийн ханш улам чангарсаар байх болно. Учир нь, ам.долларын ханш суларснаас  гадна Хятадын мөнгөн тэмдэгтийг ашиглаж хийх хөрөнгө оруулалт, худалдаа улам өсөж байна” хэмээн “Bloomberg” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Гэсэн хэдий ч шинжээчид  Хятадын төв банк юанийн хурдацтай өсөлтийг удаашруулахыг хичээх болно гэж үзэж байна. Хятадын валют хэт хурдан чангарвал энэ нь Хятадын экспортын өрсөлдөх чадварт нөлөөлнө.

Өөрөөр хэлбэл, юанийн ханшийн өсөлт дотоодын экспортлогчдод сөргөөр нөлөөлж байгаа тул юанийн ханшийг зориудаар буулгахаас өөр аргагүйд хүрэх юм. Дэлхийн хоёрдахь том эдийн засаг коронавирусийн цар тахлаас хурдан сэргэж байгаа тул юанийн ханш улам өсөхөөр байгаа юм. Гаалийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, 2021 оны эхний дөрвөн сард Хятадын гадаад худалдаа жилийн өмнөхтэй харьцуулахад 28.5 хувиар, Хятадын эдийн засаг эхний улиралд 18.3 хувиар өсөж түүхэн рекорд тогтоожээ. Урьдчилан таамаглалаар, Хятадын валютын нэг ам.доллартой харьцах ханш тавдугаар сард 6.45-6.6 юанийн хооронд хэлбэлзэнэ гэж шинжээчид үзэж байна. Хятадын Ардын банкны Зээлийн бодлогын газрын дарга Сунь Гофэний нэгдүгээр сард мэдэгдсэнээр бол энэ жил юанийн ам.доллартой харьцах ханшийн хоёр чиглэлт хэлбэлзэл хэвийн үзэгдэл байх аж. Түүний хэлснээр, ханш дотоод, гадаадын эдийн засгийн байдал, төлбөрийн тэнцэл, олон улсын валютын зах зээлийн өөрчлөлтөөс шалтгаалах юм байна.

Тэрбээр мөн БНХАУ "Хятадын валютын ханшийг боломжийн, тэнцвэртэй хүрээнд хадгална" гэжээ. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ОХУ болон БНХАУ хоёр талын худалдааны төлбөр тооцоонд долларыг ашиглахаа эрс багасгажээ. 2020 оны эхний улиралд хоёр улсын нийт худалдааны бараа эргэлтэд доллароор хийсэн арилжааны хэлцлүүдийн эзлэх дүн  анх удаагаа 50 хувиас доошилсныг Оросын Төв банк ба Холбооны гаалийн албанаас мэдээлсэн билээ.  Оны эхний улиралд хоёр улсын худалдааны нийт төлбөр тооцооны 46 хувийг нь доллароор хийжээ. Үүний сацуу еврогоор 30 хувийг нь, юань болон рублиэр 24 хувийг нь тус тус хийсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүд юм. Саяхныг  хүртэл буюу 2015 онд гэхэд, төлбөр тооцооны 90 орчим хувийг доллароор хийдэг байв.

Харин АНУ-Хятадын худалдааны дайн дэгдсэнээс хойш Москва, Бээжин хоёр доллароос татгалзах хүчин чармайлтаа нэгтгэх болсноор дээрх үзүүлэлт 2019 онд 51 хувь болж огцом буурсан байна. ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2021 онд 5.5, 2022 онд 4.2 хувь байна гэсэн таамаг дэвшүүлсэн бол Хятадын эдийн засгийг 2021 онд 8.1, 2022 онд 5.6 хувиар өснө гэжээ. Хятадын дотоодын  нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны гурван сарын хугацаанд 20.65 их наяд юаньд /2.92 их наяд ам.доллар/ хүрчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top