-Н.Алтанхуягаас эхлээд Ц.Оюунгэрэл хүртэл АН-ын эсэргүү нар гэдэг чинь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намаа авах гэсэн л хүмүүс-
Өнөөдөр АН баларлаа хэмээн орилогчдыг олон нийт буруугаар ойлгоод байх шиг байна. Үнэндээ, Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийн төлөө Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байсан УИХ-ын гишүүд, өчигдөр намын батлахаа буцааж өгч буйгаа зарласан Ц.Оюунгэрэл нар бүгд томоор эргэж ирэхийг горилогчид юм. Түүнээс биш Монголын ардчилал сүйрээд, АН ялзраад, одоо хамаг бузар булай хүн нь сонгуульд нэр дэвших эрхийг эрх баригчидтай нийлж авчихаад байгаа юм ерөөсөө байхгүй. Улс төрийн тоглоом бол эхлэлдээ бүх нүүдлээ зурчихаад яваад байдаг ч зүйл биш. Дундуур нь үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад хувирч өөрчлөгдөөд, шинэ зорилго үүсээд баяжаад байдаг талтай. Үүнийг тайлбарлахын тулд өнгөрсөн жилээс хойш АН-д тохиолдсон нэлээд зүйлийг эргэн сануулах болно.
2020 оны сонгуулийн дараа МАН-д үнэмлэхүй ялагдсан АН-ын дарга С.Эрдэнэ ажлаа Ц.Туваанд хүлээлгэж өгөөд явсан. Улс төрийн ялагдал бүрийн дараа болж л байдаг зүйл. Тухайлбал, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялагдсан тул М.Энхболд хариуцлага хүлээж байв. Түүний өмнө 2016 оны сонгуульд намаа удирдаж ороод ялагдуулсан тул З.Энхболд АН-аас багаараа ховхорч байсан юмдаг.
Гэвч С.Эрдэнэ эргэж ирснээр барахгүй СЕХ ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших баримт бичгийг нь хүлээж авчихаад байж байна. Одоо л С.Эрдэнийг ямар муухай юм бэ гээд байгаагаас биш хэдэн сарын өмнөх нөхцөл бол өөр байсан шүү. Намынхаа Их хурлыг хуралдуулж дараагийн даргаа тодруулах л үүрэг хүлээж АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч болсон Ц.Туваан тэс өөр ажилд анхаарлаа хандуулснаас эхлэлтэй. Эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль ойрхон байхад намын даргын асуудлыг хойш тавих хэрэгтэй гэж АН дотроо шийдсэн бололтой байлаа. Улмаар АН-ын Их хурлыг хуралдуулж дүрмийн өөрчлөлт хийхдээ 5.12.4.1.2-т “АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд шууд Их хурал руу орно” гэж заасан заалт 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэйгээр оруулсан. Товчхондоо Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дахин өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэхийг хичээсэн хэрэг.
Гэтэл энэ хүн прокурор, шүүх, АТГ-ын даргын томилгоонд жин дардаг Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоноосоо хойш намынхаа нөхдийн хараалийг хэчнээн идсэн билээ дээ. Албан тушаал хашиж, шийдвэр гаргаж байсныхаа төлөө шоронд сууж байгаагаас дурдахад С.Баярцогт, Да.Ганболд, М.Энхсайхан гээд хөвөрнө. Тэдний хөлд чирэгдсэн залуусын тухай бол ярилтгүй. Дээр нь АН-ын үед өндөр албан тушаал хашсан болгоныг л шорон гяндангаар айлгасан гэгддэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Тавантолгойн ордтой холбоотойгоор АТГ-т өгч байлаа. Өнөөх нь өнөөг хүртэл Х.Баттулгыг янз бүрээр л хэлдэг. Хилийн чанадад орогнож, зугтаж яваа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг зөвхөн Ерөнхийлөгчид хаягласан захидал хэчнээнийг биччихэв. Ардчилсан намын байтугай ардчилсан хувьсгалын тод дүр Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нар өнгөрсөн хэдэн жилд юу ярьж, хэнийг бичиж байсныг ч бодох хэрэгтэй. Энэ мэтээр дурдаад байвал Х.Баттулга гэхээр л дотор нь муухай оргидог олон хүнийг нэрлэж болох байх. Ингэж өс хонзон санасан, өөрийн нөхдөө хорлосон гэж цоллогдож байсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөгчгүй явуулах гэсэн оролдлого нь АН-ын жирийн гишүүд, дэмжигчдийн анхаарлын төвөөс холдоно гэж байх уу. Ийм мэдрэмжгүй улс төрийн нүүдэл дээр л С.Эрдэнэ эргэж ирж чадсан юм. Дэмжлэгтэй ч байлаа. УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд хэдэн сар Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүрээлж байсан тэр хэвээрээ л хуваагдсан харагддаг. Ордны АН, гудамжны АН-ын хагарал гэх юм уу даа. Ийнхүү хуваагдсан АН-ын хагарлын баруун, зүүн жигүүрийг С.Эрдэнэ, Ц.Туваан нар тэргүүлсэн. Улмаар тус бүртээ Их хурал гэгчийг зохион байгуулж С.Эрдэнийн талаас М.Тулгатыг, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэлийг намын дарга хэмээн өргөмжлөөд байна.
Гэвч Х.Баттулга эрх баригчидтай гар бугуйгаа барилцаж явах үедээ баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болж орхисон байлаа. Цагаан дээр хараар бичсэн тэр хууль батлагдаж байхад хуульчид “Энэ хэвээрээ Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдвал Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болно шүү” гэдгийг мөн ч олон хэлсэн. Хэрэгсэж тоосон хүн тухайн үед байгаагүй юм. Төрийн ордонд суусан хүмүүст гудамжнаас юм хэлэхээр дээрээс нь харчихаад тоодоггүй тийм л явдал болсон. Нэгэнт Х.Баттулга нэр дэвшихгүйгээс хойш өөр кандидат хэрэгтэй. Тэр нь О.Цогтгэрэлийн АН-д эргэж ороод хэд ч хонолгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болсон Н.Алтанхуяг байлаа. Цагтаа өөрийнх нь Засгийн газрыг огцруулан тавлаж явсан гэх Х.Баттулгыгаа Ерөнхийлөгч болоход нь ахлах зөвлөхөөр нь ажилласан нь Ерөнхийлөгчийн явуулгатай байж магадгүй гэсэн хардлага дагуулсан. Нөгөөтэйгүүр АН-ын хуучин лидерүүдээ цоллож самбартай ярилцан “Шударга бусын хонгил” гэгч нэршлийг гаргаж, бие даан нэр дэвшсэн гээд хуучин намдаа эргэж ирэхэд нь халуун л байсан байх. Харин М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гэтэл С.Эрдэнэ ялсан болж таарав. Анхандаа “Ерөнхийлөгч Х.Баттулгаас намаа аврахаар яваад байгаа юм байна хөөрхий” гэж олон хүн дагаж байтал өөрөө нэр дэвших санаатай байсан байдаг шүү. Мөр зэрэгцэн нам хуваалцаж байсан нөхөд нь ч дургүйцлээ илэрхийлээд эхэллээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал дотоод сунгаа тун будлиантай болсон гээд мэдэгдэл гаргаад байсан санагдаж байна. Ямар ч байсан АН эвлэж, нийлэхгүй явсаар Сонгуулийн ерөнхий хороонд ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн материалаа өгөх болсон юм.
Мэдээж, даргын түр орлон гүйцэтгэгчийн үүрэг хүлээсэн Ц.Тувааны байгуулсан АН, даргын албан тушаалаа өгсөн ч Дээд шүүхээс нэр нь хасагдаагүй явсан С.Эрдэнийн байгуулсан намаас нэр дэвшигчдийн ядаж жинхэнэ тамгатай талд нь Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргаж таарна. Үүнээс цаашхи нь өнгөрсөн хэдэн өдөр болсон болохоор бүгдээрээ санаж байгаа байх. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарлалаа. Долоо хоногийн нойтон өлсгөлөн газар авсангүй. Гэхдээ эндээс нэг зүйл тод харагдаад байгаа нь угаасаа төрийн сонгуулийн нэр дэвшигчийг өөрчлөх хүртлээ хурц хэлбэрээр тэмцэхийг тэд анхнаасаа хүсээгүй мэт байдаг. Тэмцсэн дүртэй харагдаж аваад амрахыг бодсон ч гэх юм уу. Түүнээс биш эрх баригч намаас нь томилогдсон УИХ-ын дарга уулзаад, нэг ажлын хэсэг байгуулсан төдийд буучихдаг хурц хэлбэрийн тэмцэл гэж хаана байх вэ дээ.
Тэгвэл яагаад ингэж сүржигнэх болсон бэ гэдэг асуулт гарна. Тэртэй тэргүй болох сонгуулийн өмнө намаа муухай харагдуулж бүр тодорхой хэлбэл ялагдах суурийг ухаж байгаа АН-ын УИХ-ын гишүүд сонгуулийн дарааг л харж байна гэхээс өөр тайлбар алга. Сонгуулийн үр дүн тааруухан гарвал хоёр хуваагдсан намын М.Тулгатын тал нь нэр дэвшигчтэй байсан гэдэг утгаараа хуугаараа арчигдаж таарна. Мөн сонгууль өнгөрөөд АН-ын нэгдлийн асуудал ч хөндөгдөнө. Тэр үеэр анхнаасаа намын шударга ёс нэхэж байсан талд явсан гэж өөрсдийгөө нэрлэсэн, дээрээс нь УИХ-д суудал хадгалж байгаа хэсэг нь ороод ирвэл АН-ын удирдлагыг авчихаж болно гэсэн цээжний тооцоо байгаа байх. Өнөө юм нэгээр дуусдаггүй гэдэг л энэ. Өнөөдөр өлсөж, нэр дэвшигч явуулж чадахгүй байгаа мэт харагдаж буй УИХ-ын гишүүд хожмын өдөр бүгдийг авна гэдгээ тооцоолохтойгоо л доо. Тийм болохоор сонгуульд оролцохоос нь өмнө хариуцлага тооцох нүхээ ухаж байна. Дээрээс нь өчигдөр Ц.Оюунгэрэл намаасаа гарах өргөдлөө өглөө. Ердөө л намын гишүүнчлэлээс гаргаад, хасаад өгнө үү л гэсэн утгатай бичиг байгаа юм. Энэ талаараа тэрбээр “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа” гэж бичсэн байна лээ.
Тэрбээр өнгөрсөн сар орчмын хугацаанд С.Эрдэнийн талын АН-ын Ерөнхийлөгчийн сунгаанд оролцож байлаа. Тийм их хүсэл тээж байснаа намаасаа гарах шийдвэр гаргачихав. Энэ нүүдэл нь мөн л эргэж ирэх хүсэлтэй байгаагийн илрэл гэж хардаж болохоор байна. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл энэ талдаа зууралдаад үлдвэл дараа нь улс төрийн амьдралаа яаж уртасгах юм бэ. Энэ өнцгөөс харахад ирэх зун, намар намын шинэчлэлийн дүйвээнээр оролцоод ороод ирэхээр харагдаад байгаа юм. Бас Ц.Оюунгэрэлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос салгаж ойлгох аргагүй. Өөрөө түүний ивээлд байдаггүй гэж хэчнээн мундаг ярьсан ч хөтөлж оруулж ирсэн, өнөө ч нөлөөллийнхөө бүсэд байлгаж байгаа хүн нь Ц.Элбэгдорж хэвээрээ байх магадлал өндөр. Дээр нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр л намаа булаалдаж байна гэх өнгө аяс олон хүний амнаас цухалзаад байдаг болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхэд улс төрийн тогоон дотроо мэдээлэлтэй л хүн байж таарна биз дээ. Гэтэл хэд хоногийн өмнө Засгийн газрын 100 хоногийнхоо мэдээллийн үеэр тэрбээр “Өнгөрсөн 12 жил ардчилсан гэдэг тодорхойлолттой Ерөнхийлөгчидтэй явж ирлээ. Олон хүн шоронд орсон. Ардчилсан Монгол Улсад хуулийн байгууллага буюу прокурор, бүх шатны шүүх нэг дохиураар ажиллаж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийг хөнөөсөн гээд ардчилсан Ерөнхийлөгчийн үед яллачихсан. Хэрвээ тэр хүмүүс хүний амь нас хөнөөгөөгүй бол яах вэ. Сүүлийн дөрвөн жил бид Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчтэй хамтарч ажилласан. Б.Баасанцогт, А.Гансүх нар дээр нь эмзэглэсэн. Ц.Элбэгдоржоос юугаараа ялгаатай байгаа юм бэ. Тэр талбай дээр байгаа хүмүүс бол Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын намаа булаалдсан булаалдаан. Үүнд МАН ямар ч хамаагүй. Хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч өрсөлдөж байна. Үүнийг бид тэвчээртэй харж байгаа” гэж байна лээ. Сонин байгаа биз. Ер нь цаашдаа АН хуваагдана, тус тусдаа нам болно гэж таамаглах хүн байдаг. Гэхдээ нэгэнт дагуулах итгэл үнэмшил муутай болчихсон олны танил хэсэг нь өнгөрсөн жил байгуулагдаад өдгөө сураг алдарсан ШИНЭН шиг нам байгууллаа гээд хол явахгүй. Тийм болохоор өнөө АН-ынхаа туурин дээр л туйлцгаана гэж бодож байгаа гэвэл илүү ойр тусах байх. Түүнд горилогчид нь өлсгөлөн зарлаж, намаа хаяж гүйгээд юм, юм л болж байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Battylga. Gej. Lyiwarchinaac. Ter. Tymnee. Xolooc. Xol. Bailgax. Ene. Byzar. Hoxoig. Xyrdan. Zailyylax. Yggyi Xiix
Ene. Ardchilcan. Nam. Gej. Xaashaa You. Bna. Zawxarcan. Nexed Erdeech. Xynii. Beets. Bolowcon. Xychingyi Togloomiin Kykeldeinyyd Alban. Tyyshaal. Goridcen Nycan. Byynyyd
erdene darga mini bgaa tsagt an orshin togtono.
АН-ыг шороотой хутгасан 3 нөхөр байгаа Баттулга Алтанхуяг Ганбаатар. АН-г хэн дуртай нь ашиглачихдаг хэн дуртай нь самарчихдаг байлгаж болохгүй уу Эрдэнээ
S. Erdene baigaa zagt tuunii dagaldan bayssgch Tulga met zaluus baigaa zagt AH muuhai heveerei bn, garj haysan deer.
Муухай хүмүүс нь залуучуудаа хэзээ ч гаргахгүй тээг болоод байна. Залуу 2 даргыг бол дэмжиж байгаа
АН ДОТОР ДЭНДҮҮ УВАЙГҮЙ ХҮМҮҮС ИХ БОЛЧИХЛОО. АЛТАНХУЯГ. ГАНБААТАР. БИДОН. ТУВААН. ПҮРЭВДОРЖ. ГЭХ МЭТ ХҮМҮҮСЭЭ ЗАЙЛУУЛСАН ЦАГТ ЦЭВЭРШИНЭ.ҮҮНИЙГ ЗАЛУУЧУУД АНХААРАЛДАА АВААРАЙ. ЗАЛУУЧУУД гэх ЦОГТГЭРЭЛ. ТУЛГАТ 2 САЙН ЗАЛУУЧУУД. УЛС ТӨРИЙН НОЁН НУРУУТАЙ ХАРАГДДАГ. ТА НАРЫГ МУУХАЙ БОЛГОЖ ХАРАГДУУЛААД БАЙГАА ХҮМҮҮСЭЭСЭЭ ЭРТХЭН САЛААРАЙ.
АН ОДОО СЭХЭЛ АВАХГҮЙ Л БОЛЛОО ДОО.ЖИРИЙН ГИШҮҮД НЬ Ч ТЭР УИХ-Н ГИШҮҮН НЬ Ч ТЭР, ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙГҮЙ, ХҮНИЙ ӨМНӨӨС АЖИЛЛААД ЭХЭЛХЭЭР Л ДУУСЧИХАЖ БАЙДАГ НОМТОЙ ЮМ ДАА. ОДОО ТАВИЛАН НЬ ЮМ ДАА.
АН-г шороотой хутгаж байна даа