Монголоос Францад био хүнс экспортлох талаар санал солилцлоо

2021 оны 05 сарын 19

Франц Улсад анхны био сушийг гаргасан “Да Cа” компани захирал Б. Саран, “Үүрдийн Монгол” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэхуягийн санаачлагаар Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-тай хамтран тавдугаар сарын 14-ний өдөр Үндэсний Ассамблейн гишүүн Вержини Дөби-Мюллер, “Bio Frais” компанийн Ерөнхийлөгч Филипп Грандчамп нартай уулзалт зохион байгуулж, Монгол Улсаас Франц Улсад био буюу байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн импортлох асуудлаар санал солилцлоо.

Уг уулзалтад Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд А.Баттөр, Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн нар оролцсон бөгөөд талууд Монголын био бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад болон Франц Улсад импортоор оруулж ирэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Францын “Bio Frais” компани нь 2001 онд байгуулагдсан, 50 гаруй орны био бараа, бүтээгдэхүүнийг өөрийн салбар дэлгүүрүүдээр дамжуулан борлуулдаг томоохон аж ахуйн нэгж юм. “Да Са” компани өөрийн “MGL Sushi” нэртэй био сушийг тус компанийн дэлгүүрүүдэд борлуулахын зэрэгцээ монголчуудыг ажлын байраар ханган ажиллаж байна. Уулзалтын төгсгөлд Үндэсний Ассамблейн гишүүн Вержини Дөби-Мюллер эдгээр монгол ажилчдыг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн нь “Да Са” компанийн хувьд ажилчдынхаа нийгмийн болон тогтвортой ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн тус дэм болох шийдвэр боллоо.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top