Гурван нэр дэвшигчийн БАЙР СУУРЬ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн ирэх зургаадугаар сарын 09-ний өдөр тодорно. Тэгвэл өнөөдрөөс /2021.05.24/ сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигч нар Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд эрх баригч нам болох МАН-аас У.Хүрэлсүх, сөрөг хүчин болох АН-аас С.Эрдэнэ нэр дэвшиж байгаа бол улс төрийн гурав дахь хүчин болох ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшиж байна. 

Хуульд зааснаар Монгол Улсын 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа ирэх зургаадугаар сарын 07-нд өндөрлөнө. Харин санал хураалт зургаадугаар сарын 09-ний өдрийн 07.00-22.00 цаг хүртэл үргэлжлэх билээ. 

Ингээд Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүний суудлын төлөө өнөөдрөөс сонгуульт ажлаа албан ёсоор эхлүүлж байгаа гурван нэр дэвшигчийн байр сууриас онцолж байна. 


У.ХҮРЭЛСҮХ: ЭВ НЭГДЛИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭН БҮРТ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ТЭГШ ХҮРТЭЭНЭ  

МАН-аас нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль албан ёсоор эхэлж байна. Надад асар их хариуцлага үүрүүлж, итгэл үзүүлж нэр дэвших боломжийг олгосон журмын нөхдөдөө баярлалаа. Хамт нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа сонгуульт ажилд нь амжилт хүсэж байна. Энэ бол УИХ-ын сонгууль биш. Улс төрийн намын сонгууль биш. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль. Хуулийн хүрээнд явагдах ёстой. Ил тод, шударга, нээлттэй өрсөлдөөнийг зохион байгуулж явуулахыг хүсэж байна. Аль болох сонгуулийн зардлыг хэмнэж, хямд өртгөөр явуулах нь зүйтэй. Үүнийг бусад хоёр намаас нэр дэвшигч уриалсан, санал нэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлж, хамгаалдаг институт. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. Хууль бус ажиллагааг таслан зогсооход анхаарч ажиллана. Шүүх, прокурорын ажиллах орчинд ихээхэн анхаарна. Нэг ёсондоо хүн засагладаггүй, хууль засагладаг болоход анхаарна, тийм ч болох ёстой. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно. Парламентын засаглалыг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно гэдгийг онцолмоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Байгалийн баялагтаа Монгол хүн эзэн нь байх ёстой. Өнгөрсөн хугацаанд хууль бусаар алдагдсан орд газрыг төрдөө авах ажлыг их хийсэн. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тиймээс Монголын иргэн бүр энэ байгалийн баялгаас ижил тэгш хүртэх ёстой. Энэ чиглэлд анхаарал тавьж ажиллах ёстой гэж үзэж байна. 


С.ЭРДЭНЭ: АЛЬ НЭГ НАМЫН НӨЛӨӨНД АВТАХ БИШ ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧМААР АЖИЛЛАНА 

АН-аас нэр дэвшигч С.ЭРДЭНЭ: АН-ын 200,000 гаруй гишүүдийнхээ сонголт, Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааг хүндэтгэж, сонгуульд оролцох шийдвэр гаргаснаасаа татгалзахгүй гэдэг байр сууриа өмнө нь ч илэрхийлсэн. Гол нь СЕХ-г шударгаар ажиллаж чадна гэж итгэсэн учир энэ шийдвэрийг гаргасан гэдгээ албан ёсоор хэлье. 2020 онд гарсан байж болзошгүй энэ үйлдэл битгий давтагдаасай. Аль нэг улс төрийн нам, эрх мэдэлтний нөлөөнд автах биш хууль дээдлэх зарчмаар ажиллана гэж итгэж байна. 


Д.ЭНХБАТ: НАС, ХҮЙС ҮЛ ХАРГАЛЗАН ХАМГИЙН САЙН БАГИЙГ БҮРДҮҮЛНЭ 

ХҮН-аас нэр дэвшигч Д.ЭНХБАТ: “Зөв ХҮН электорат” эвслээс миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай эвслээс боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн биднийг дэмжигчдийн хүсэл мөрөөдлийн тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Нийгэм, эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлж, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг эх орноо хөгжүүлэх ажилд оролцуулахын төлөөх хөтөлбөртэйгээр нэр дэвшиж байна. Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Ирэх 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ. Бид мэдлэг чадвар, технологид итгэж, шинэ Монголыг байгуулах итгэлтэйгээр ажиллах ёстой болж байна. Энэ сонгуульд шударга, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тиймээс ч нам бус, инженер миний биеийг олон түмнийхээ асуулгаар сонгосон биз ээ. Хэрэв бид Ерөнхийлөгчийн институцыг байгуулах эрх авч, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхний алхам маань нам, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус монголын баг байх болно. Тиймээс ч энэ сонгуульд “Монголчууд чадна” гэдэг уриатай оролцож байна. Бид хичээж, зүтгэх болно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eok21.com(77.111.244.209) 2021 оны 05 сарын 25

www.eok21.com сайт руу ороод яагаад хэнийг сонгохоо уншаарай

0  |  0
сонгогч(202.9.46.197) 2021 оны 05 сарын 24

”УЛС ТӨРИЙН ТЭНЦВЭР” ГЭСЭН ХУУРАМЧ ХАЛХАВЧИН ДОР БИД 12 ЖИЛ АН-с ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГООД : УСТГАСАН ШУДАРГА ЁС, УХСАН ХОНГИЛ, УЛСАА ХУДАЛДСАН УРВАГЧ, УЧРАА ОЛОХОО БАЙСАН АРДЧИЛАЛ, ГАЦААСАН ЭДИЙН ЗАСАГ, ГАНЦ ХҮНД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮХ, МОНГОЛОО ТОНОСОН ДЭЭРЭМ, МОЛИГО ҮМХҮҮЛСЭН 12 ЖИЛИЙГ ИЛЭЭЛЭЭ... !!! ОДОО СОЛИХ ЦАГ НЬ ИРЖЭЭ.

1  |  0
Бат(202.9.47.24) 2021 оны 05 сарын 24

Бид МАН-д параламентийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ нэр дэвшигчдээс Хүрэлсүх залуу хүн ажил хийнэ

0  |  0
amarsanaa(124.158.66.247) 2021 оны 05 сарын 24

МАНАН мафийн нэг гол багана, Ерөнхийлөгч байсан Э өөрийн хамтран зүтгэгч, зөвлөх байсан хос Э-г энэ сонгуульд сойж байна. Тогдойчихоод ”их эр” юм аа.

1  |  0
Иргэн(202.21.115.82) 2021 оны 05 сарын 24

2 нь шоронгийн ялтан

3  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 24

Songoltgyi songuuliig demjixgyi ee, ali ni eronxiilogchid ner devshix xymyys bish !!!

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 24

Mongolchyyd bid yasan azgyi khymyys ve.Ene 3 khog shaar zaaval erunkhiilugch bolokh uym yy.2 ni yaltan 1 ni khydalj.Mash kharamsaltai bna .Mongol yls khetseej mapyydaasaa tonyylj urvagchidaasaa salakhgyi uym bna.

1  |  1
Top