Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн даваа /2021.05.24/ гарагт эхэлсэн. Сонгуульт ажлаа үргэлжлүүлж байгаа гурван нэр дэвшигчийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс салбар тус бүрээр нь онцлон хүргэж байгаа билээ.
Энэ удаад МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд шүүх засаглалыг хэрхэн шинэчилж, ямар бодлого барьж ажиллах талаар хүргэж байна.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар гурвуулаа шүүх засаглалыг улс төр, бизнесийн томоохон бүлэглэлээс ангид байлгахаа амалжээ.
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа У.Хүрэлсүхийн хувьд шүүх засаглалд ямар бодлого барьж ажиллахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө товч, тодорхой илэрхийлжээ. Тэрбээр шүүх, прокурорыг улс төр болон бизнесийн том бүлэглэлээс ангид байлгахаа тодотгосон байна. Хамгийн гол нь, хууль хүн бүрт тэгш үйлчлэх зармыг барьж ажиллахаа мэдэгджээ.
Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ шүүх байгууллагын зан харилцаа, хандлага, шударга байдалд тавих олон нийтийн хяналтыг сайжруулахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө дурдсан бол "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хувьд хүний биш хуулийн засаглалын дор хараат бус% алагчилж тал хардаггүй шударга шүүхийн зарчмыг баримталж ажиллахаа илэрхийлсэн байна.
МАН-аас нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХ
-Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.
-Эрх мэдэлтэн, эд хөрөнгөд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрд хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.
АН-аас нэр дэвшигч С.ЭРДЭНЭ
-Хууль сахиулах болох шүүх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтны ёс зүй, зан харилцаа, хандлага, шударга байдал, тавих олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
-Шүүгчийн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн ил тод, нээлттэй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, шударга ёсыг хангах үүднээс шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй байх зарчмыг дэмжинэ.
-Прокурор байгууллагын удирдлагын тогтолцоо нь захирах, захирагдах ёсонд тулгуурлаж байгаа нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой заналхийлж, бусдыг хэлмэгдүүлэх, хонгилын гэх хууль хяналтын байгууллагын зүй бус тогтолцоог үүсэх нөхцөл гэж үзэн прокурорын хараат бус, бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорино.
"Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.ЭНХБАТ
-Авлигатай тэмцэх, авлигаас ангид ажиллаж, амьдрах ёс зүй, соёлыг хэвшүүлэх, нийгмийн соён гэгээрлийн ажлыг бүхий л талаар дэмжиж ажиллана.
-Ёс зүйтэй, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй Монгол хүн, Монгол нийгмийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч, хүний биш хуулийн засаглалын дор хараат бус, алагчилж тал хардаггүй шударга шүүхийн зарчмыг хатуу сахиулж, шүүхийн шинэтгэлийг тууштай дэмжих бодлого баримтална.
Сэтгэгдэл ( 0 )