Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдтой ярилцлаа. Тэрбээр дипломат албаны хамгийн дээд цол болох Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд цолоор шагнагдаад байгаа юм.
-Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд цолоор шагнагдсанд баяр хүргэе.
-Баярлалаа, одоо эргээд санахад 90-ээд оноос энэ салбарт гар бие оролцон улсаа төлөөлж ажиллаж эхэлсэн. 1996 онд Их Хурлын гишүүнээр сонгогдохдоо Олон улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүнээр Монголоос анх удаа сонгогдож, улмаар Олон улсын Парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийн даргын сонгуульт албыг хашсанаар гадаад харилцааны салбарт алхаж орсон юм. Таван удаа Их хуралд сонгогдон ажиллаж байхдаа, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа ч гадаад харилцааны салбарт онцгой ач холбогдол өгч идэвхийлэн зүтгэж ирсэн. 2012-2014 онд Шинэчлэлийн Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллахдаа Монгол Улсын гадаад харилцааг ахиулахын төлөө салбарынхантайгаа хамтран ажилласан зүтгэлийг үнэлж дипломат албаны дээд цолыг олголоо гэж харж байна. Дашрамд, нэг цаг хугацаанд хамт ажиллаж, Монгол төрийн алтан аргамжийг хөгжүүлэхийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж байсан дипломатууд, ажилтан, ажиллагсаддаа талархал дэвшүүлье.
-Анх Гадаад харилцааны сайдын ажлыг хүлээж авахад энэ салбар ямар түвшинд байв. Одоо есөн жил өнгөрсөн байна. Тэр үеийг нэг дурсвал?
-Улс төрийн гадаад харилцаа гэдэг бол юугаар ч сольж болшгүй чухал. Ялангуяа манай Улсын хувьд саармагжуулж огт болохгүй. Миний хувьд Гадаад яамаа хангалттай их ажил, ач холбогдолтой, хамгийн чухал дэлхийн тусгаар тогтносон улсад сонгодог утгаараа ажилладаг яамны хэмжээнд хүргэх зорилт тавьсан. Сайдын үүргийг хүлээж аваад хамгийн түрүүнд хийсэн ажил маань ҮАБЗ-өөр гадаад бодлогыг нэгдсэн нэг цонхоор, нэгдмэл зохицуулалтаар явуулна гэсэн зөвлөмжийг гаргуулж, Их хурлаар батлуулсан явдал. Энэ нь эргээд Шинэчлэлийн Засгийн газрын гадаад харилцааны талд хийсэн маш том алхам болсон юм. Бүх сайд нарыг Гадаад харилцааны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэгчид болгосон.
Манай яамны хамт олон цөөхүүлээ ч гэсэн маш чадварлаг. Залуучууд, дипломатууд маань цаг хугацаатай уралдан ажиллаж байсан. Хоёр жилийн дотор улс төрийн гадаад харилцаанд маш чухал айлчлалууд хийсэн. Гадаад харилцааны сайдын түвшний айлчлалууд, Ерөнхий сайд, Их хурлын даргын, төрийн тэргүүнүүдийн түвшний айлчлалууд, олон улсын арга хэмжээнүүд, олон улсын байгууллагууд, ОПЕК гэх мэтчилэн. Энэ бүх ажлын араас хамт олонтойгоо нойр хоолгүй явсан. Сүүлд статистик харахад 2013 он гэхэд өмнөх 10 жилийн турш Монгол Улсад хийгдэж байсан, Монгол Улсаас гадаад орнууд руу хийж байсан өндөр, дээд хэмжээний айлчлалын тооноос илүү гарсан үзүүлэлтийг бид хийсэн. Тооноос чанарт шилжинэ. Нэг сарын дотор дөрвөн улсын Ерөнхий сайд, арван жилийн давтамжтайгаар л Монголд ирдэг байсан хоёр хөршийн төрийн тэргүүнүүд 14 хоногийн дотор Монгол Улсад айлчилсан. Зөвхөн Гадаад харилцааны сайдын түвшинд хоёр жилийн хугацаанд хоёр талын яриа хэлэлцээ хийснийг дурдвал 100 гаруй байдаг. Зүгээр нэг олон улсын дипломатын ёсны түвшинд гар бариад өнгөрөх биш, ажил хэрэгч, харилцааны түүхэнд бичигдэх уулзалт хэлэлцээрүүдийг 100 гаруй оронтой хийж чадсан.
-Хоёр хөрш орны төрийн тэргүүний айлчлал, Туркийн Ерөнхий сайдын айлчлал гээд сүр дуулиантай айлчлалууд тэр жилүүдэд болсон шүү?
-Гадаад харилцааг прагматик, ажил хэрэгч болгохын төлөө ажиллаж байв. Энэ хүрээнд хоёр хөрштэйгээ улам ойр дотно харилцааг өрнүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зинпин нарын төрийн айлчлалыг амжилттай зохион байгуулсан.
Хятадын талтай “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”, Оросын талтай “Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг олон чухал гэрээ хэлэлцээр байгуулсан. Манай улсад, манай гадаад бодлогод юу хэрэгтэй юм? Хоёр хөрштэйгөө эв найртай харилцаатай байх, дэлхийн олон улстай тусгаар улсын ёсоор өндөр түвшний харилцаа тогтоох.
Үүний хажуугаар Гуравдагч хөршүүдийн хувьд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай байгуулсан, энэ нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны гэрээ болсон юм. АНУ-тай Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлын тухай хэлэлцээрийг эцэслэн, УИХ-аар соёрхон батлуулсан. Европын Холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан.
Ардчилал, хүний эрхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад бодитой хувь нэмэр оруулах ажлыг Монгол Улсын гадаад бодлогын гол чиглэл болгож төлөвшүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн. Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх томоохон хөдөлгөөн болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж, Сайд нарын Бага хурлыг нь Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Мөн “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг манай улс даргалсан. Эд нар манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал арга хэмжээ болсон юм. Монгол Улс ардчиллын асуудлаар гадаадаас тусламж, зөвлөгөө авдаг бус, харин одоо бусдад тусламж, зөвлөгөө өгдөг хэмжээний улс болсноо дэлхийн түвшинд нотлон харуулах хэрэгтэй байв.
-Богино хугацаанд их ажил амжуулсан байна?
-Манай гадаад харилцаа идэвхжээд ирэхээр Монгол Улсыг зорьж ирэх өндөр, дээд хэмжээний төлөөлөгчдийн тоо эрс өссөн. Их Долоогийн бүлэгт багтдаг бүх орны төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар нь манай улсад ирж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Монгол Улсыг олон улсын томоохон байгууллага, хуралдааны удирдлагад нэр дэвшүүлэх, манай төлөөлөгчдийг гадагш урих нь эрс нэмэгдээд ирж байгаа юм. Жишээ дурдахад л 2016 оны АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг сонгосон, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA)-гийн Зөвлөлийг 2016-2017 онд Монгол Улс даргалахаар сонгогдсон зэрэг нь хоёр гурван жилийн өмнөөс шийдэгдэж ирсэн юм.
Эргээд тоо баримт харахад миний сайдаар ажилласан 2012 оны наймдугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл Монгол Улсад гадаадын төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд нар, парламентын спикерүүд, олон улсын байгууллагын дарга нарын бие даасан өндөр, дээд хэмжээний түвшний 34 айлчлал явагдсан. Эргүүлээд манай улсын төрийн гурван өндөрлөгөөс энэ хугацаанд өндөр, дээд хэмжээний айлчлал хийсэн нь бас 34. Гадаад харилцааны сайдын түвшинд зохион байгуулсан гадаадын айлчлал, дотооддоо хүлээн авсан Их Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хейг, Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд, одоогийн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайераас эхлээд дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн тоо бол хэдэн зуу давсан. Мөн энэ хугацаанд шинээр гурван улсад Элчин сайдын яам, хоёр улсад Ерөнхий консулын газар, хоёр газарт Консулын газар байгуулсан, НҮБ-ын гишүүн 18 улстай дипломат харилцаа тогтоосон. Ер нь НҮБ-ын гишүүн нийт 193 улс байдаг юм байна л даа. Үүнээс 173-тай нь Монгол Улс дипломат харилцаа тогтоосон.
-“Иргэн бүр Элчин сайд” гэдэг гадаад бодлогын элементийг тэр үеэс Монгол Улсын гадаад харилцааны салбарт орж ирсэн гэдэг юм билээ. Энэ тухай тодруулъя?
-Дээр дурдсан даа. Гадаад бодлогоо нэгдсэн нэг цонхоор, нэгдмэл зохицуулалтаар явуулах нь чухал байсан гэж. Үүний хүрээнд хийгдсэн ажил. Монгол шиг цөөн хүн амтай, хоёр том гүрний дунд байдаг улсад гадаад харилцааг ганц яамны ажил гэж авч үзэх боломжгүй. Үүний зэрэгцээ хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэдтэйгээ мэдээлэл солилцох байнгын механизм байгуулах үүднээс 2014 оны хавар Хилийн чанад дахь Монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалт хийх санаачилга гаргаж, энэ нь одоог хүртэл уламжлал болон зохион байгуулагдаж байгаад таатай байда
-Таны үеийн Гадаад харилцааны яамны бас нэг яах аргагүй онцлох ажил бол Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчдог болсон явдал гэж ойлгож явдаг?
-Тийм ээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монголд хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров болон миний бие иргэд харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих боломжтой болж нээлтийн ёслолыг нь тэр жилийнхээ 11 дүгээр сард Алтанбулаг боомтод хийж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ажлыг ч бол умалзуулдаг юм бгаамаа
Zulik