Нэр дэвшигчдийн амлалтаас АНЗААРЧ ХАРАХ ҮГС

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн даваа /2021.05.24/ гарагт эхэлж, гурван нэр дэвшигчийн дэвшүүлсэн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР" ил болсон. Төрийн тэргүүний сунгаанд оролцож байгаа У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын гурван нэр дэвшигчийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР" бол иргэд, сонгогчдодоо өгч байгаа АМЛАЛТ юм. Тэдний хэн нь ч ялалт байгуулсан амлалтаа биелүүлэх үүрэгтэй, иргэд түүнийг нь нэхэх эрхтэй билээ. 

Ирэх зургаадугаар сарын 09-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд эрх баригч МАН-аас У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн - Монгол", сөрөг хүчин АН-аас С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол", улс төрийн гурав дахь хүчин "Зөв хүн - Электорат" эвслээс Д.Энхбат "Монгол чадна" уриатай сонгуульт ажлаа үргэлжлүүлж байна.

Тэгвэл нэр дэвшигчдийн амлалт, "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс анзаарч харах хэд, хэдэн зүйл байна. Энэ нь сонгогчдыг сонголт хийхэд илүү дэм болохыг ч үгүйсгэхгүй юм.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар гурвуулаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, сонгодог парламентыг төгөлдөршүүлэхэд тодорхой алхмыг хийхээ амалжээ. Түүнчлэн байгалийн баялгийг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хуваарилахад анхаарч, тэр чиглэлд дорвитой ажил хийнэ гэдгээ хэн, хэн нь "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тодотгосон байна.

Өрсөлдөгч хоёроосоо ялгаатай нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Монголын талд үр ашиггүй гэгддэг "Дубайн гэрээ"-г цуцлах чиглэлээр парламент болон Засгийн газартай хамтарч ажиллахаа амалжээ.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд уул уурхайн баялгаас хүн амын цөөнх илт ашиг хүртэж байгааг таслан зогсооно гэдгээ "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тусгасан бол "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх цогц бодлогыг санаачилж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ байдаг. Үе, үеийн "төрийн тэргүүний сунгаа"-нд нэр дэвшигчдийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-т батлан хамгаалахын салбарт ямар бодлого барьж ажиллахаа тусгадаг, тэр хэрээр сонгогчдын анхаарлыг татаж байдаг билээ.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд "Нэгдмэл удирдлагатай зэвсэгт хүчин"-г бүрдүүлэхээр тусгасан бол сөрөг хүчин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ "Хүчирхэг, хурдтай арми" санаачилгын хүрээнд тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ. Харин парламентын гурав дахь хүчний үүргийг гүйцэтгэж байгаа "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат "Орчин үеийн хүний нөөц бүхий зэвсэгт хүчин бүрдүүлнэ" гэдгээ хөтөлбөртөө тусгасан байна.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд анхаарч ажиллахаа амалжээ.

Түүний өрсөлдөгч сөрөг хүчин болох АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд парламентаар хэлэлцэж байгаа хууль, тогтоомжид хяналт тавьж, шударга ёсонд үл нийцсэн хууль, тогтоомжид хориг тавьж ажиллахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тодотгосон байна.

Харин "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй эрх мэдлийг төрийн зохих байгууллагад нь шилжүүлэхээ мэдэгджээ.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар гурвуулаа шүүх засаглалыг улс төр, бизнесийн томоохон бүлэглэлээс ангид байлгахаа амалжээ.

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа У.Хүрэлсүхийн хувьд шүүх засаглалд ямар бодлого барьж ажиллахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө товч, тодорхой илэрхийлжээ. Тэрбээр шүүх, прокурорыг улс төр болон бизнесийн том бүлэглэлээс ангид байлгахаа тодотгосон байна. Хамгийн гол нь, хууль хүн бүрт тэгш үйлчлэх зармыг барьж ажиллахаа мэдэгджээ.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ шүүх байгууллагын зан харилцаа, хандлага, шударга байдалд тавих олон нийтийн хяналтыг сайжруулахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө дурдсан бол "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хувьд хүний биш хуулийн засаглалын дор хараат бус, алагчилж тал хардаггүй шударга шүүхийн зарчмыг баримталж ажиллахаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагаан сонголт(202.9.46.205) 2021 оны 05 сарын 28

Нийгмийн шаар шавхруунууд

1  |  0
Zochin(202.9.46.205) 2021 оны 05 сарын 28

Tagaan songolt!!!

1  |  0
Z(202.9.46.205) 2021 оны 05 сарын 28

3 хогоор яады

1  |  0
Бат(202.9.46.132) 2021 оны 05 сарын 28

Ёрөнхийлөгч тэр тусмаа Эрдэнэ Энхбат нарын амлалт бол таныг хуурч байгаа хэрэг Харина Хүрэлсүх МАН параламентнд олонхи байгаа үед хэрэгжих боломжтой тана мэднэ биз

0  |  1
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 28

Songoltgyi songuuliig xiixgyi baix ni zyid niitsne !

1  |  0
Баярмөнх(66.181.187.76) 2021 оны 05 сарын 28

Өнөөдөр монголд бүтээлч хийсэн ажилтай хэлэх үгтэй зоримог шийдэмгий хүнийг сонгох цаг нэгэнт болсон урвагч шарвагч аймхай хулчгар хагалан бутаргадаг хүн сонгочихвол цөөхөн монгочууд алиагаа алдана

1  |  0
сонгогч(202.9.46.13) 2021 оны 05 сарын 27

БИД ХЭЭГҮЙ, ХИЙГҮЙ , ХОШГОРУУЛДАГ, ЯРЬДАГ, ЯЛДАГ ХҮМҮҮСИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОЖ ИРЖЭЭ. ОДОО ХИЙДЭГ БҮТЭЭДЭГИЙГ СОНГОХ НЬ МОНГОЛЫН ХӨГЖИЛД ТУСТАЙ.

0  |  0
БОЛД(49.0.135.184) 2021 оны 05 сарын 27

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд уул уурхайн баялгаас хүн амын цөөнх илт ашиг хүртэж байгааг таслан зогсооно гэдгээ ”МӨРИЙН ХӨТӨЛБӨР”-төө тусгасан зэрэг зүүний үзэл рүү орох заалт тусгасан байх юм. Өөрөр хэлбэл зүүний гол бодлого нийтээрээ дундаж давхарга байх бодлоготой төстэй бодлого барихаар заасан байх юм.

0  |  0
Top