“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах гурван талын Хамтарсан хорооны хоёрдугаар хурал 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав.
Энэхүү хэлэлцээр нь 2019 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн, 2020 оны 01 дүгээр сард монголын талын тээвэрчид анх удаа Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Тяньжин далайн боомт хүртэл ачаа тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэсэн.
Хамтарсан хорооны энэ удаагийн хуралд монголын талын төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн яамны Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ли Хуачян, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Тээврийн яамны Автотээвэр болон хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга Алексей Сергеевич Бакирей нар ахалж оролцов. Мөн хуралд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн бүсийн төвийн захирал Б.Ганболд оролцлоо.
Энэ удаагийн хурлаар Хамтарсан хорооны анхдугаар хурлаар тохиролцсон асуудлын хэрэгжилт, олон улсын автотээвэрлэлтэд “Ковид-19” цар тахалтай холбоотой үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлээр талуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2021, 2022 онд зөвшөөрлийн бичгийг хэрэглэх зохицуулалт, Азийн авто замын сүлжээний АН-4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээж, туршилтын тээвэрлэлт хийх боломжийн талаар хэлэлцэв.
Түүнчлэн талууд “Ковид-19” цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг сулруулж, дурдсан хэлэлцээрийн хүрээнд олон улсын автотээвэрлэлтийг эхлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч, идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл ( 0 )