Ганц улс төрийн салбар гэлтгүй нийгэм тэр чигээрээ сонгуулиар амьсгалсан нэгэн долоо хоног шувтарч байна. Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээ сонгох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн даваа /2021.05.24/ гарагт албан ёсоор эхэлж, гурван нэр дэвшигч сонгогчдодоо "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өө танилцуулж, иргэдтэйгээ уулзаж байна.
Сонгуулийн сурталчилгаа үргэлжилсэн, гудамж талбай бүр түүгээр амьсгалсан энэ өдрүүдэд хэзээ мөдгүй бүрэн эрх нь дуусгавар болох гэж байгаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, нийгэм, урлаг, спортын олон хүнийг одон, медалиар шагналаа.
Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн ч Монгол Улсын Засгийн газар ажлаа хэвийн үргэлжлүүлж, хэд хэдэн хэрэгтэй, дорвитой шийдвэрийг гаргав. Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн баасан /2021.05.28/ гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь өнгөрч байгаа долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.
Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа "ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ"-ийн хүрээнд Баянхошуунд баригдаж байгаа орон сууцыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах чиглэл, үүрэг өгсөн юм.
Ингээд уншигчдадаа өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлаас хүргэж байна.
-НЭР ДЭВШИГЧДИЙН АМЛАЛТААС АНЗААРАХ ҮГС-
Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн даваа /2021.05.24/ гарагт эхэлж, гурван нэр дэвшигчийн дэвшүүлсэн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР" ил болсон. Төрийн тэргүүний сунгаанд оролцож байгаа У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын гурван нэр дэвшигчийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР" бол иргэд, сонгогчдодоо өгч байгаа АМЛАЛТ юм. Тэдний хэн нь ч ялалт байгуулсан амлалтаа биелүүлэх үүрэгтэй, иргэд түүнийг нь нэхэх эрхтэй билээ.
Ирэх зургаадугаар сарын 09-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд эрх баригч МАН-аас У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн - Монгол", сөрөг хүчин АН-аас С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол", улс төрийн гурав дахь хүчин "Зөв хүн - Электорат" эвслээс Д.Энхбат "Монгол чадна" уриатай сонгуульт ажлаа үргэлжлүүлж байна. Тэгвэл нэр дэвшигчдийн амлалт, "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс анзаарч харах хэд, хэдэн зүйл байна. Энэ нь сонгогчдыг сонголт хийхэд илүү дэм болохыг ч үгүйсгэхгүй юм.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар гурвуулаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, сонгодог парламентыг төгөлдөршүүлэхэд тодорхой алхмыг хийхээ амалжээ. Түүнчлэн байгалийн баялгийг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хуваарилахад анхаарч, тэр чиглэлд дорвитой ажил хийнэ гэдгээ хэн, хэн нь "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тодотгосон байна.
Өрсөлдөгч хоёроосоо ялгаатай нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Монголын талд үр ашиггүй гэгддэг "Дубайн гэрээ"-г цуцлах чиглэлээр парламент болон Засгийн газартай хамтарч ажиллахаа амалжээ.
Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд уул уурхайн баялгаас хүн амын цөөнх илт ашиг хүртэж байгааг таслан зогсооно гэдгээ "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тусгасан бол "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх цогц бодлогыг санаачилж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ байдаг. Үе, үеийн "төрийн тэргүүний сунгаа"-нд нэр дэвшигчдийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-т батлан хамгаалахын салбарт ямар бодлого барьж ажиллахаа тусгадаг, тэр хэрээр сонгогчдын анхаарлыг татаж байдаг билээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд "Нэгдмэл удирдлагатай зэвсэгт хүчин"-г бүрдүүлэхээр тусгасан бол сөрөг хүчин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ "Хүчирхэг, хурдтай арми" санаачилгын хүрээнд тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ. Харин парламентын гурав дахь хүчний үүргийг гүйцэтгэж байгаа "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат "Орчин үеийн хүний нөөц бүхий зэвсэгт хүчин бүрдүүлнэ" гэдгээ хөтөлбөртөө тусгасан байна.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд анхаарч ажиллахаа амалжээ. Түүний өрсөлдөгч сөрөг хүчин болох АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд парламентаар хэлэлцэж байгаа хууль, тогтоомжид хяналт тавьж, шударга ёсонд үл нийцсэн хууль, тогтоомжид хориг тавьж ажиллахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тодотгосон байна.
Харин "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй эрх мэдлийг төрийн зохих байгууллагад нь шилжүүлэхээ мэдэгджээ. Нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар гурвуулаа шүүх засаглалыг улс төр, бизнесийн томоохон бүлэглэлээс ангид байлгахаа амалжээ.
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа У.Хүрэлсүхийн хувьд шүүх засаглалд ямар бодлого барьж ажиллахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө товч, тодорхой илэрхийлжээ. Тэрбээр шүүх, прокурорыг улс төр болон бизнесийн том бүлэглэлээс ангид байлгахаа тодотгосон байна. Хамгийн гол нь, хууль хүн бүрт тэгш үйлчлэх зармыг барьж ажиллахаа мэдэгджээ.
Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ шүүх байгууллагын зан харилцаа, хандлага, шударга байдалд тавих олон нийтийн хяналтыг сайжруулахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө дурдсан бол "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хувьд хүний биш хуулийн засаглалын дор хараат бус, алагчилж тал хардаггүй шударга шүүхийн зарчмыг баримталж ажиллахаа илэрхийлсэн байна.
-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ, ЗАРИМ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА-
Нийслэлийн хамгийн олон оршин суугчтай, шилжин суурьшигчид ихтэй, хүн амын 77 хувь нь гэр хороололд амьдардаг Сонгинохайрхан дүүргийн хувьд төвлөрлийг сааруулж, дэд бүтцийг хөгжүүлэн, орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ. Иймд өмнө нь төлөвлөгдөж, одоо бүтээн байгуулалт эхлүүлсэн болон ирээдүйд гүйцэтгэх төслүүдийг Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт дэмжлэг үзүүлж богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд тодотгосон.
Энэ өдөр Баянхошуу дэд төв, орлогод нийцсэн Ногоон орон сууцны төслийн 9 дүгээр хороонд хийгдэж буй газар чөлөөлөлт, Их тойруугийн хурдны автозамын сүлжээ үүсгэх явц, дүүргийн Соёлын ордны барилгын гүйцэтгэл, Түрээслээд өмчлөх 126 айлын орон сууцны барилга угсралт, Толгойт дэд төвийн төсөл, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэл, СХД-ийн 18 дугаар хороонд Геологийн төв лабораторийн уулзварт баригдах нүхэн гарцын төлөвлөлтийн байдлыг тус тус шалгалаа.
Эдгээр гүйцэтгэлийн ажилтай танилцаад төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж буй дүүргийн Соёлын төвийг улсын хэмжээний статустай болгож, Соёлын яамны харьяанд авахаар Ерөнхий сайд шийдвэрлэлээ. Мөн Баянхошуу дэд төвд аль нэг төрийн байгууллагыг нүүлгэн байршуулах, тус дүүрэгт баригдах хоёр нүхэн гарцыг барих төсвийг Улсын төсөвт суулгах, нийслэлийг тойрсон хурдны замын маршрутыг эцэслэн гаргахаар тус тус шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, эко хороолол бүхий орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд тус бүр нь 5 га талбайд, 20 эко хорооллыг зургаан дэд төв түшиглэн байгуулах “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг 5 үе шаттай хэрэгжүүлэх юм. Үүний нэг нь дээрх Баянхошуу дэд төв, түүнийг дагасан орон сууцны хороолол барих юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын 10 мянган өрх орон сууцанд орох юм. Энэхүү төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн дэргэд эхний ээлжийн загварын 20 айлын орон сууц баригдаж дууссан бөгөөд 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Соёлын ордны барилгыг гүйцээж, орчны тохижилтыг хийснээр нийслэлийн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг 850 суудлаар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Харин тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн 2007 өрхийн 7600 гаруй иргэн хямд өртөгтэй орон сууцанд шилжин суурьшина.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ,
“Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулж, түгжрэлийг бууруулах ажлыг яаралтай хийх ёстой. Одоо байгаа байдлаараа үргэлжлүүлсээр байвал агаар орчны бохирдол ихсэж, 0 зогсолт хийхээр нөхцөл байдалд хүрчихээд байна. Тиймээс Засгийн газар НЗДТГ-т хүч нэмж ажиллахаас аргагүй байна. Зарим асуудал дээр цөөн хүнд таалагдахгүй ч дийлэнхи олонхид өгөөжтэй үр дүнг гаргахын тулд давс мэт шийдвэр гаргахаас гарцгүй байна. Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам тавьж, газар чөлөөлтүүдийг тууштай хийнэ.Хот тойрсон хурдны замын сүлжээнд жижиг замуудыг холбоно. Хурдны зам барихад Засгийн газраас төсвийн дэмжэг үзүүлж таарна. Хот дотроо жижиг нүхэн гарцуудыг хийхээс хоёр нь СХД-Т хийгдэнэ. Санхүүжилтийг ирэх жилийн Улсын төсөвт тусгуулна.
Төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд зургаан хэсэгт төрийн байгууллагуудыг төвлөрүүлэх дэд төв байгуулж, утааны голомтод байгаа 10 газарт хэсэгчилсэн төлөвлөлтүүд хийнэ.
Төрийн байгууллагуудаа хотын төв хэсгээс үе шаттай гаргаж төвлөрлийг сааруулна. Энэ бүтээн байгуулалтын цогц төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ Засгийн газар хувийн хэвшлийнхнээ оролцохыг уриалж дэмжлэг хүсэж байна. Бид бодлогоор дэмжинэ. Тухайлбал татвараас чөлөөлөх, дэд бүтцийг татах, зарим давуу байдал үүсгэх гэх зэрэг.
Баянголын аманд баригдах орон сууцны хороололд төр дэд бүтцийг нь байгуулж, сургууль цэцэрлэг, ажлын байраар хангах том дэд төвүүдийг барих болно. Үүнд ч мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ гар бие оролцохыг урьж байна.
Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд хүссэн ч эс хүссэн ч үндсэн суурь шийдлээ гаргах шаардлагатай бид нүүр тулж байна.
Богдхан төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх, том худалдааны төвүүдийг Хөшигийн хөндийн тийш гаргах зэргээр цогцоор нь суурь асуудлаа шийдэж байж түгжрэлээс гарна. Хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын асуудлыг зөвхөн нийслэлийн засаг захиргааны нэгжид тохоод орхихгүй Засгийн газар хамтарч шийдээд явна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ,
“Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19 -ний өдөр Нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Энэ нь бидэнд маш том дэмжлэг юм. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх төслийн явцыг Ерөнхий сайд газар дээр нь танилцаж ажиллаж байгаа нь чухал байна.
Нийслэлийн төвлөрлийг сааруулах боломж бий. Зургаан дэд төвд суурилж хотын төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлнэ. Баянхошуунд 165 га газарт 4000 айлын орон сууц шинээр барих, төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байсныг Ерөнхий сайд танилцаад газар дээр нь шийдвэрлэлээ. Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгө цаашдаа өндөр үнэлгээтэй болох боломж бүрдэж байна. Их тойруугийн хурдны зам эдгээр дэд төвүүдтэй холбогдоно. Дэд төвүүдийг дагасан ажлын байр нэмэгдэнэ, дүүргүүд дэх төвлөрөл саарч, гэр хорооллын иргэд орон сууцанд шилжин суурьшина гээд агаар, орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах ажлыг цогцоор нь шийдэхийн тулд Засгийн газартай хамтарч газар дээр нь ажиллаж байна” гэлээ.
-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАРЛИГ ГАРГАЖ, ОЛОН ХҮНИЙГ ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА-
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.
“…Аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэн,
“Магнай трейд” ХХК-ийн захирал Рэгзэндоржийн Ганзориг,
“ГУМ” ХХК-ийн захирал Хашбатын Гиймаа,
“Мах Импекс” ХК-ийн ерөнхий инженер Дамбын Самдан,
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Чүлтэмсүрэнгийн Цогтсайхан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ахмад настан Рэндоогийн Энхбат,
“Жигүүр гранд” группийн арматурчин Ламжавын Эрдэнэчимэг,
Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Дондогийн Гүржав,
“Аримун” продакшны жүжигчин Доржготовын Ганцэцэг,
“Цирк” студийн захирал Гомбын Доржнамжил,
Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэг,
Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Аюурзанын Цэгмид,
Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг,
Авто, мото спортын тамирчин Дамдинхорлоогийн Болдбаатар,
Холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Баасанхүүгийн Дамланпүрэв,
Сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг,
Хөвсгөл аймаг Мөрөн сумын ахмад настан, ахмад хуульч Гомбожавын Балдан,
Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан Ширэндэвийн Эрдэнэбаатар,
МҮОНРТ-ийн сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан,
“Талын Монгол” телевизийн захирал, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх,
Хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатар,
Монгол үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоо,
“МИАТ” ТӨХК-ийн Тасалбар түгээврийн төвийн дарга Дамдинсүрэнгийн Энхтүвшин,
Нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан, худалдааны байгууллагын ахмад ажилтан Галсангийн Цэвээндорж,
ШУТИС-ын Эрчим хүчний сургуулийн ахмад багш Цагаачийн Бат-Өлзий,
Монголын Шинжлэх ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгч Санжаагийн Бүдням нарыг тус тус шагналаа.
UBS телевизийн сэтгүүлч Онгоогийн Мөнхгэрэл,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан Минтэгсүрэнгийн Энхчимэг,
Монголын ярих урлагийн төвийн тэргүүн Баасанжавын Энхгэрэл,
“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Чадраабалын Ганжавхлан нарыг тус тус шагнав.
Сэтгэгдэл ( 7 )
Амгалан дулааны станцийн энэ нөхөр болохгүй ээ амгалангийн станц руу шилжсэн өмчийг хийдүүлсэн нөхөр шүү дээ. Маш том сендивичин барилгыг станцийн өмчлөлд бүртгүүлэлгүй зуйвчуулж мөн төмөр замын рейс төмөр шапал гэх мэт ухвал их зүйл гарнадаа. Бас дэд захирал ч яригддаг .Юуны чинь гавъяат вэ
Новш
Амгалан дулааны станцийн энэ нөхөр болохгүй. Амгалан дулааны станцийн өмчлөлд бүртгүүлэлгүй гаргасан объектийг шалгах хэрэгтэй. Маш том сендивичин барилгыг станцийн өмчлөлд бүртгүүлэлгүй гаргасан мөн төмөр замын рейс төмөр шапал гэх мэт ухвал их зүйл гарнадаа. Станцийн дэд захирал ч но той юуны чинь гавъяат
Амгалан дулааны станцийн энэ цогтсайхан бишээ .Амгалан дулааны станц руу шилжсэн өмчийг хийдүүлсэн сураг байдаг. Маш том сендивичин барилгыг станцийн өмчлөлд бүртгүүлэлгүй гаргасан Мөн төмөр замын рейс төмөр шапал гэх мэт ухвал станцийн өмчлөлд авалгүй хийдүүлсэн их зүйл гарнадаа. Энэ цогтсайхантай хамтран дэд захирал Цэндээ холбогддог. Юуны чинь гавъяат
Бид МАН-д параламентийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ нэр дэвшигчдээс Хүрэлсүх залуу хүн ажил хийнэ
Бид МАН-д параламентийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ нэр дэвшигчдээс Хүрэлсүх залуу хүн ажил хийнэ
ХАЛДВАР НАС БАРАЛТ НЭМЭГДЛЭЭ. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ЗОГОХХЫГ ШААРДАЖ БАЙНА